Daily news

Г.Нямсүрэн: "Суралцаж" л сурдаг.

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Daily news

2023-03-30 | 15:52:00

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Ач АУИС-ийн Хүний их эмчийн 5-р дамжааны оюутан Г.Нямсүрэнтэй ярилцлаа. Удахгүй сургуулиа төгсөөд эмчээрээ ажиллах түүний ертөнцөөр аялаарай. Анагаах ухааны салбар тасралтгүй сурсаар байдаг салбар юм. Тэрээр “суралцаж” л сурдаг гэсэн юм. Ирээдүйн эмч нартаа амжилт хүсье.

 

Манай уншигчдад өөрийгөө танилцуулбал?

Өдрийн мэнд. Намайг Гантулгын Нямсүрэн гэдэг. Ач АУИС-д "Хүний их эмч" мэргэжлээр сурдаг. Одоо тавдугаар дамжаанд суралцаж байна.

Яагаад эмч болох болсон бэ? Энэ мэргэжлийг хэдэн насандаа сонгож байв?

Яг яагаад гэдгээ сайн мэддэггүй. Зүгээр л эмч болох ёстой юм шиг санагдаад л ахлах ангидаа гэнэт шийдээд хими биологийн хичээл сонгож, сурч эхлэсэн. Харин 2020 онд сургуулиа солих үедээ яг эмч болох шийдвэрээ гаргасан юм байна.

Яагаад сургуулиа сольж сурах болсон бэ?

Сургалтын зохицуулалтын өөрчлөлтөөс болоод яалт ч үгүй солих шаардлагатай болоод сольсон. АШУҮИС-ийн Анагаах, Био-Анагаах, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүй, Нүүр ам судлал гэсэн зургаан анги нь 2-р дамжаа хүртэл "Анагаахын суурь боловсролын дамжаа" гэсэн бүгд ижил суурь хичээл үздэг. Харин гуравдугаар дамжаанд орохдоо ЭЕШ-аас том шалгалт өгөөд, жагсаад ахиж ангиа сонгож ордог байсан юм.

Харин намайг ордог жил гэнэт тэгэхээ болиод анх хувиарлагдсан ангиараа сурах ёстой болчихсон. Би тэрийг нь мэдэхгүй Био Анагаах Судлаач ангид орчихсон. Хэчнээн өндөр голчтой шалгалтаа сайн өгсөн ч боломжгүй болчихсон юм. Тэр үед л их олон хүүхэд шилжсэн, зарим нь жилийн чөлөө авсан. Анагаахад удаан сурах учраас жил алдмааргүй байсан тэгээд шилжсэн дээ. Хүмүүс улсын сургуулиас хувийн сургуульд орлоо гээд бөөн л юм болсон лдоо. Надад лав буруу санагдаагүй. Би харин ч азтай улсын сургууль хувийн сургууль хоёрын аль алийг нь сайнтай муутай нь мэддэг. Ер нь ЭЕШ-ийн үед сандралгүй маш тайван судалгаатай хандах ёстой юм билээ. Тэр үеийн хүүхдийн сэтгэлзүй их өөр шүү дээ. Миний хувьд алдаа болоогүй ч гэлээ өөр хүүхдүүд, дүү нар битгий тэгээсэй гэж бодохдоо жил болгон л сумынхаа ахлах ангийн хүүхдүүдэд сургалт ордог болсон. Туршлага хуваалцаж байгаа юм уу даа /инээв/.

Мэргэжлээ сонгоход хамгийн их нөлөөлсөн хүн?

Ер нь бол надаас бусад бүх хүмүүс нөлөөлсөн. Хамгийн ихээр нөлөөлсөн нь гэвэл аав ээж хоёр минь. Манай аав ээж хоёулаа эмч мэргэжилтэй, тэд эрүүл мэндийн салбарт 35 жил тасралтгүй ажиллаж байгаа. Тэгээд хүн бүхэн охин бол ойлгомжтой биздээ гэдэг байсан. Намайг эмч болно гэхэд хэн ч гайхаагүй. Харин бага ангийн багш маань гайхсан байж магадгүй юм. Учир нь би багадаа "Би хэзээ ч эмч болохгүй" гэж ярьдаг хүүхэд байсан. Ээж аав дуудлаганд явна, удна, ихэвчлэн л ажилтай байгаад надад олдохгүй байдаг байв. Тухайн үедээ өөрт минь их муухай л санагддаг байсан юм шиг байгаа юм. Заримдаа ээж ааваа дагаад эмнэлэг дээр хамт байдаг байлаа. Бараг эмнэлгийн хүүхэд байсан даа. Бүх юмыг нь мэднэ. Хаана нь нүх сүв байна, аль ханан дээр нь ямар зураг байгааг ч мэднэ дээ. Сумынхаа эмнэлэгт л өссөн шүү дээ. Тэгээд сүүлдээ дасчихдаг юм шиг байна лээ /инээв/.

Бусад мэргэжилтэй харьцуулахад эмчээр чамгүй хугацаанд суралцдаг. Энэ үеүүд хоорондоо ямар ялгаатай вэ?

Ер нь бол "суралцаж" л сурдаг даа. 1-р дамжаанд суралцах гэдэг нь сууж, уншиж, бодож, ойлгож, цээжилж, ярьж сурна. Үүний хажуугаар цаг барьж сурна. Хийх ёстой юмыг цагт нь хийж сурна. Их энгийн сонсогдож байгаа хэдий ч цаанаа маш том агуулга байдаг. Жишээ нь : Анатом дээр би нэг хичээл асуугдахын тулд багадаа 30 хуудас латин нэршлийг монголоор нь орчуулаад, зурган дээр нэрлээд, бодит үзүүлэн дээр зааж асуугдах ёстой. Би нэг нэршил буруу хэлэх, буруу дуудах үед шууд 0 буюу бид нарын хэллэгээр /өндөг/ үнэлгээ авдаг. Энэ нь явцын дүнд, тэр дундаа сэтгэл санаанд ч хүнд цохилт болдог. Гэхдээ өндөглөж үзээгүй анагаахын оюутан байхгүй байх.

Бас хичээлд нэг минут хоцроход, халад малгай мэсийн хувцас гэх мэт зүйлс орхисон л бол хичээлд оруулдаггүй гэх мэт зөвхөн надаас шалтгаалах суралцах техникийг суулгаж өгдөг юм шиг санагддаг. Тэгээд 2-р дамжаанд бол арай өөр, харилцаж сурна, ойлголцож, мэдэрч, ярьж сурдаг. 3,4-р дамжаанд бол өмнөх суурь мэдлэг, ямар суралцах арга барилаа түлхүү эзэмшсэн түүгээрээ болгоод явдаг юм шиг санагддаг шүү. Ер нь сурахдаа л дасдаг. Тэрнээс бол хичээл багасна гэж байдаггүй. 1-р курст байхдаа нэг өдөрт 50 хуудас ямар их юм бэ гэдэг байсан бол одоо 5-р курст нэг бүтэн ном уншаад асуугдаж чаддаг болчихдог юм билээ.

Анх Анагаахын сургуулийн хаалгыг татаад орсон өдрийн сэтгэгдэл ямар байсан бэ? Мартагддаггүй дурсамжаа хуваалцвал?

Анх ээжийг дагаад томилолтоо тас атгачихсан орж байсан. Томилолт гэдэг нь ЭЕШ-ийн үеэр авсан ягаан цаас юм. Яалт ч үгүй л хамгийн анх анагаахын хаалгаар ороход өөрийгөө Гавьяат эмч юм шиг төсөөлж боддог гэдэг дээ. Энэ ёстой үнэн шүү. Хурдан л халадаа өмсөх юмсан л гэж бодож байсан.   

Мартдаггүй дурсамж гэвэл Анатомын доод мөчдын ясны бүтэц гэдэг хичээл дээр сүүжний ясанд огт хүрээгүй анатомоо давсан минь л юм уу даа. Анатомын хичээл бодит үзүүлэн дээр буюу сайн дурын донор болсон хүний яснуудыг бэлдээд тавьчихсан түүн дээр хичээл ордог. Бараг хоорондоо ясаа булаацалдаад үнсэх нь холгүй л байдаг юм. Бүгд л барьж үзээд нүх, сүв, ховил хотгор гээд бүгдийг нь цээжлэх ёстой.

Би тэгсэн сүүжний ясанд нь хүний сүнс шингэчихдэг гээд мухар сүсгийн юм сонсчихсон. Тэгээд тэр хичээл дээр сүүжний ясыг нь ангийн хүүхэд барингуут нь л ингэж эргүүлдээ, тэгж эргүүлдээ гэж сайн харж аваад өөрөө огт хүрээгүй. Тэгээд л номноосоо уншиж  сайн цээжлээд зурган атласнаас зургийг нь харж байгаад шүүлгэндээ орсон байдаг юм. Азаар би дунд чөмөг сугалсан лда/инээв/.

Шүүлэг ч тэр, шалгалт ч тэр аль дээр нь ч сугалаагүй мөртөө хамгийн сайн цээжилсэн яс маань “сүүжний яс” шүү дээ. Одоо ч тод санадаг.

Ингээд бодоход өөрөө анх оюутан болсон үеэсээ хэр өөрчлөгдсөн байна?

Зүгээр хөрсөн дээрээ буусан юм болов уу. Би одоо бол эмнэлэгт өөрийгөө хэн ч биш л гэж бодогдоод байдаг. Төгсөх дөхөх тусам өөрийгөө голоод байдаг юм шиг санагддаг. Хааяаа ч би нээрээ эмч болох хүн мөн билүү  гэж бодогддог шүү. Гэхдээ сурна даа тиймээ /инээв/.

Эмчээр сурах үеийн хамгийн сонирхолтой нь юу вэ?

Магадгүй задлан байхаа. Хэр баргийн хүн бүр үзэх боломжтой зүйл биш болохоор...

 Сурч байх хугацаандаа шантарч байсан үе бий юу? Тийм бол яаж өөрийгөө сэргээж байна?

Курс ахих тусам мэргэжилдээ хайртай болдог ч чадах болов уу гэсэн айдас илүү их нэмэгддэг. 1,2-р дамжаандаа “шантарч болохгүй заавал сурах ёстой” л гэж боддог байснаас хэзээ ч “больчихдог юм билүү” гэж бодож байгаагүй. Миний хувьд шантрах гэдэг нь болих биш “энийг хийж чадахгүй байх вий дээ” гэдэг айдас л байдаг. Үнэхээр шантраад байвал "Өөрийгөө хүнд хэрэгтэй хүн гэдгээ санадаг".

Би үүнийг хийхгүй байж болно. Би эмч болохгүй байж болно. Гэлээ гэхэд энэ зөвхөн ганц надад л хэрэгтэй зүйл. Аан харин энийг хийчихвэл, эмч болчихвол би өөрөөсөө өөр олон хүнд хэрэгтэй хүн болчихдог. Иймэрхүү бодлоор л өөрийгөө цэнэглэдэг дээ.

Эмч хүн өөрийгөө хэр хайрладаг бол?

Заа ёстой энэ тал дээр 99% хайрладаггүй юм шиг санагддаг. Магадгүй оюутан байхаас нь тийм төлөвшил суулгачихдаг юм шиг санагддаг шүү. Надад лав зөв хооллож, зөв унтаж, эрүүл хэв маягтай хажуугаар нь суралцаж юмуу ажилладаг оюутан юмуу танил маш ховор байдаг. Бүгд мэддэг мөртөө тэгэх боломж бараг байдаггүй. Өөртөө зориулах цаг зав хангалттай байж чаддаггүй болохоор ийм байдаг байх л гэж боддог.

Их сургуулиа төгсөөд эмчээр ажиллах үедээ чи өөрийгөө хэрхэн хайрлах вэ?

Ажлын ачаалал, стресс гэх мэт надаас шалтгаалахгүй хүчин зүйлсийг сайн хэлж мэдэхгүй байгаа ч ядаж миний сонгож чадах хүнсний аюулгүй байдлыг л маш сайн хангаж л өөртөө зориулна гэж боддог. Хүнсний аюулгүй байдал чинь ер нь аюулын хэмжээнд хүрчихээд байна шүү дээ.

Эрүүл байх, өвдөх энэ бүхний үндэс юунаас эхлэлтэй гэж чиний хувьд боддог вэ? Уншигчдад зөвлөвөл.

Миний бодлоор хүний эрүүл мэндийн 80% өөрөөс нь хамааралтай л гэж боддог. Бүх зүйл таны сонголтонд л байдаг. Одоогийн байгаа үр дүн өмнө нь таны хийсэн сонголтоос л шалтгаалсан байдаг. Ихэнх өвчин эмгэг үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл хоёрын нийлбэрээс л бүтсэн байдаг. Гэтэл хүмүүс гэнэт л нэг өглөө сэрэнгүүтээ өвдчихсөн юм шиг санадаг. Тэгээд тэрийг эмч шууд алга болгох ёстой юм шиг. Би өвдчихлөө, чи эмчлэх ёстой!. Хурдан зүгээр болго, чиний үүрэг гэх мэт хэлдэг хүмүүс ч их байдаг. Би тэр хүмүүст л энийг ойлгуулмаар байдаг даа.  Шалтгааныг нь таслан зогсоож байж тэр өвчин эмгэг илааршина. Харин тэр шалтгаан нь таньд байдаг. Тэрийг эмч илрүүлж харин таслан зогсоох хүн нь та юм шүү. Ядаж та тамхинаас гарахад 14 төрлийн хорт хавдараас урьдчилан сэргийлэх боломжтой. Ядаж та бэлгэвч хэрэглэхэд 10 гаруй төрлийн бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Урьдчилан сэргийлэх боломжтой юмнаас хоцродоггүй байгаасай! Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байгаасай гэж хүсдэг.  Би лав хайртай хүмүүстэйгээ эмнэлэгт уулзахыг хүсэхгүй байна.

    Ярилцлагынхаа хачир болгоод нэг асуулт асуумаар санагдав. Мэргэжлээсээ өөр ямар зүйлд сонирхолтой вэ? Тэр зүйл дээрээ тулгуурласан ямар нэгэн мөрөөдөл бий юу?

Би бичдэг. Шүлэг, богино хэмжээний нийтлэл ч гэх юм уу, movie review нтр ч юм уу. Урлагийн талаар гоц гойд авьяастай биш ч гэлээ нэг нийт мэдрэмжтэй шүүмж бичигч /үзэгчийн зүгээс шүү дээ/ болмоор л санагддаг.

Аан мөрөөдөл гэвэл би кино зохиол бичих юмсаан гэж мөрөөддөг дөө /инээв/. Нэг тийм кино зураг авалт кино багт ажиллаж үзмээр байдаг.

    Эмч нарын баярын өдөр тохиож байна. Ирээдүйд Эмч болох гэж байгаа оюутан залууст юу гэж хэлмээр байна.

Ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд энэрэх сэтгэл, эрдэм чадлаа харамгүй зориулан цаг наргүй хөдөлмөрлөж байдаг хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн эзэд болсон Эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч мэргэжилтнүүд та бүхэнд, аав ээждээ, багш нартаа, "Олон Улсын Эмч нарын баярын өдөр" -ийн мэнд дэвшүүлье. Мөн удахгүй эмч болох гэж буй хүндэт найзууддаа, эрхэм дүү нартаа чин сэтгэл хүсэл тэмүүллээрээ сонгосон яг л тэр анхны өдөр шигээ энэ мэргэжилдээ үнэнч бас хайртай байгаарай. Гавьяатаас төрсөн гавьяат сэтгэл дүүрэн эмч болоорой гэж ерөөе өө!

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан үе тэнгийн залуусаа төлөөлөн ярилцсанд баярлалаа.