Цэцэрлэг хот "Зөв оффис"-той болов
Зөв оффис өглөөний 06:00 цагт онгойдог. Тухлаг орчин, халуун кофе, дуртай номоо унших боломж тэнд цөм бүрэн байлаа. Энэхүү оффис хэрхэн бүтсэн тухай Зөв Хамтрах уу ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Г.Алтансүхтэй ярилцлаа.
Г.АЛТАНСҮХ: ЗӨВ ОФФИСЫГ 21 АЙМАГТ НЭЭХ ЗОРИЛГОТОЙ
- Зөв хамтрах уу төрийн бус байгууллага “Зөв офисс”-той болж байна. Энд ямар ямар үйлчилгээг бүрдүүлсэн байна вэ? Энэ асуултаас яриагаа эхлэе.
Зөв Хамтрах уу ТББ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Энэ төрийн бус байгууллага, “Зөв оффис” хоёр нь тусдаа ойлголт юм. Тодруулбал төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа анхны төсөл нь энэ оффис. Яагаад салгаж ойлгож байна вэ гэхээр нэгдүгээрт энд ажлын байр үүсэж байна. Тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн статустай болж байгаа юм. Тийм учраас салгаж ойлгох шаардлага гарч байна. “Зөв оффис”-т ном түрээсийн үйлчилгээ, кофе шоп, үсчний үйлчилгээг үзүүлж байна. Мөн зураг, морин хуур, эрүүл мэнд, англи хэл гэх мэт маш олон төрлийн сургалт эхэлж, олон хүмүүстэй хамтран ажиллаж байна. Тийм л учраас ТББ болон “Зөв оффис” тусдаа ойлголт болж байгаа юм.
- “Зөв оффис” төслийн санаа хэзээнээс эхлэн гарч байсан бэ?
Энэ санаа маань гурван жил яригдсан. Тэгээд энэ жил оффисоо нээж байна. “Яагаад залуу хүмүүс нэг газраас ажлын байр хүсэхгүйгээр ажлын байрыг өөрсдөө бий болгож бүтээж болохгүй гэж” гэсэн бодлоос энэ санаа эхэлсэн. Хамгийн гол нь энд орж ирээд хамтдаа нэг нэгнээсээ суралцах ёстой. Харин бие биеийхээ үнэт зүйлд хэт халдахгүй байх ёстой. Оффис гэхээр цав цагаан чимээгүй орчноор төсөөлдөг. Бид түүнийг эвдэхийг хүсэж байгаа. Баригдмал сэтгэлгээнээс салъя.
Онцлог нь гэвэл энэ оффисыг бүтээхэд нэг ч мэргэжлийн хүний гар ороогүй. Өөрсдөө бүгдийг бүтээсэн. Орчны хувьд жижиг ч гэлээ том цар хүрээтэй үйлчилгээнүүд гарч байгаа гэдэгт итгэж байгаа. Гол зорилго бол ажлынхаа хажуугаар чаддаг мэддэг зүйлсээ бусдадаа хуваалцаж тодорхой хэмжээний нэмэлт орлоготой болох боломжийг олгох юм. Хамтарч ажиллах хүмүүст нээлттэй шүү гэдгийг хэлье.
- Энэ оффис, энэ санаа цаашид яаж өргөжих вэ?
Миний хувьд 2021 онд энэ төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон. Энэ байр сууринд ажиллах хоёр жилийн хугацаа үлдсэн. Ямар ч байсан энэ хугацаанд Зөв оффис 21-ийг нээх зорилготой байгаа. Монгол улсын 21 аймагт салбартай, хамт олонтой болох зорилготой.
"Зөв оффисын нэгэн чимэг нь "Нова-салон" байлаа. Б.Нороврэнцэн 2018 оноос эхлэн үсчинээр ажиллаж эхэлжээ."
Б.Нороврэнцэн: Хүн шийдвэр гаргаж чаддаг байх ёстой юм билээ. Би чадахгүй, би мэдэхгүй, тэр ч болохгүй гэсээр цаг хугацаа алдаад л байдаг. Бүтэлгүйтсэн ч хамаагүй эхлүүлж л байвал туршлага болдог.
- Өөрийн гэсэн салонтой болсонд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
2018 оноос үсчин хийж эхэлсэн. Дөнгөж эхэлж байхдаа л тусдаа гарна гэж боддог байлаа. Миний мөрөөдлийн жижигхэн хэсэг нь энэ. Мэдээж өөр олон бодол хүслээс мөрөөдөл бүтэж байгаа шүү дээ. Өөрийн гэсэн салонтой болчихсон чинь өглөө эрт ирж байна. Орой бууж байна. Салоны маань хувьд яг өөрийнхөө бодсоноор тохижуулсан. Тийм болохоор маш тухтай байдаг. Заримдаа хоночихмоор санагддаг/инээв/.
- Дөнгөж эхэлж байхдаа л тустаа гарах тухай боддог байсан гэлээ. Ер нь хүн хийе гэснээ хийхэд зоригтой байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэр тал дээр эхэлсэн хойноо юу гэж бодсон бэ?
Хүн шийдвэр гаргаж чаддаг байх ёстой юм билээ. Би чадахгүй, би мэдэхгүй, тэр ч болохгүй гэсээр цаг хугацаа алдаад л байдаг. Бүтэлгүйтсэн ч хамаагүй эхлүүлж л байвал туршлага болдог. Тэгж л бодогдож байна даа.
- Таны салон цаашид яаж өргөжих вэ?
Нүүр будалт, сургалт, зөвлөгөө өгөх танхимтай болох ч юм уу ер нь илүү өргөжүүлнэ л гэсэн бодол байгаа. Ийм нэгэн ертөнцтэй болоод ирэхээр маш их хариуцлага нэмэгддэг юм байна. Тийм учраас өөрт маань илүү их хичээж, суралцах хэрэгцээ шаардлага гарч байгаа юм. Илүү ихийг сурна аа л гэж бодож байна даа.
"Биднийг "Зөв оффист" зочилоход хэсэг сурагчид хичээлээ хийхээр ирлээ. Ийм газар нээгдсэнд тэд баяртай байв. Хичээлээ хийхийн сацуу өөрөөр чөлөөт цагаа өнгөрүүлж болдог учир тэдэнд тухтай, чөлөөтэй байдаг гэлээ."
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Daily news2023-04-25 | 17:32:00