О.БИЛГҮҮН: ӨВЛӨН ИРСЭН ТҮҮХ СОЁЛОО ХАРСААР БАЙЖ УСТГАЖ БОЛОХГҮЙ
1. Бидэнтэй ярилцах цаг зав гаргасан таньд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Таныг загвар өмсөгч гэдгээр бид андахгүй. Тэгвэл БИЛГҮҮН гэж ер нь хэн бэ?
-Сайн байна уу? Юуны түрүүнд намайг урьж өөрийгөө танилцуулах боломж олгосонд баярлалаа. Миний бие Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд эндээ 10 жил их сургуулиа дүүргэж Олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн Солонгосын Ёнсэй их сургуулж Солонгос хэлний ангид суралцаж байсан. Миний өвөө Архангай аймгийн Батцэнгэл, Цэнхэр сумын хүн бөгөөд Лу Гүний Вандан аваргын удам юм. Би ч багадаа зун бүр Архангай аймагт өвөөтэйгөө ирж зуншдаг байсан. Одоо уугуул нутгийнхаа хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулахаар сэтгэл шулуудан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
2. Хөдөөгийн бор хүү, хотын дэгжин залуу болоход таньд юу нөлөөлсөн бэ?
⁃ Миний бие аялах их дуртай хүн. Ер нь хичнээн хотын залуу ч өвөө эмээгийн хүү байсан болохоор хөдөө нутагтаа мөн элэгтэй хайртай хүн. Тиймээс хот хөдөөгийн амьдрал ахуйг өөрийн хэмжээндээ мэднэ. Яагаад гэнэт Билгүүн хөдөө гэх болов гэдэг нь их учиртай. Өнөө цагт хөдөөний амьдрал бидний хүсдэг шиг сайн хөгжиж чадахгүй байгаа нь хөдөө амьдрах иргэдийн тоог багасгаж хот руу нүүдэллэх шалтгаан болгож байна. Хөдөө эзгүйрч эзэнгүй болчих вий гэсэн санаа зовинол маш ихээр байдаг. Мэдээж хөдөө ажлын байр тав тухтай орчин маш ховор байдаг болохоор л тэр. Энийг шийдэх шийдэл нь ерөөсөө л аялал жуулчлалын дэд бүтэц, менежментийг цогцоор нь хийж нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлж өрхийн үйлдвэрлэл ажлын байрыг нэмэгдүүлж байж сайхан амьдрах орчин бий болж залуусыг нутагтаа ажиллан үлдэх шалтгааныг бүтээж байж шийднэ. Тиймээс сумын төвийг өрхийн үйлдвэрлэлийн менежментээр сургаж малчдыг хотынхонтой аялал жуулчлалаар холбон хөршийн холбоо үүсгэн орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм. Бид агаарын төсөл хөтөлбөр дэд бүтэц ярих биш хөрсөн дээр хийж чаддаг зүйлсээ зөв менежмент хийж түүгээрээ орлого олдог болох нь хамгийн түрүүнд чухал байна.
3. Таны хамгийн ихээр бахархдаг зүйл.
- Дэлхийд ховор байгальд ойр нүүдэлчин ахуй соёлтой эх оронтой болж төрсөндөө бахархадаг. Бидний цор ганц баялаг бол нүүдэлчин ахуй соёл юм гэдгийг үнэнхүү ойлгож ухаарсан. Гадны жуулчид бидний энэ байгаа хөгжилд болж ирэхгүй, манай дан ганц байгальд болж ирэхгүй, манай хоолонд болж ирэхгүй. Тэд зөвхөн дэлхийд үлдсэн хамгийн сүүлчийн нүүдэлчин ахуй соёлтой Чингис Хааны өлгий нутагт болж ирдэг нь тодорхой болсон. Харин бид эндээс мөнгө олж чадаж байна уу гэвэл үгүй. Тиймээс бидэнд байгаа энэ сайхан баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж орлого олдог болох нь маш чухал юм. Монголын орчин цагийн хүүхэд залууч мөн Монгол ахуй соёлоосоо холдож өв тээгчид улам бүр л цөөрч Монголоо алдаж байна. Шалтгаан нь юу вэ гэвэл бидний өвөө, эмээ байхгүй болж хөдөөний хамаатнуудаасаа холбоо тасарснаас шалтгаалж ахуй соёлоосоо холдож байна. Энэ байдлаараа бид эрүүл хүнс, эрүүл байгаль, ахуй соёлоосоо холдож үндэсний дархлаа байхгүй болж байна гэсэн үг юм. Одооноос бид үүн дээр анхаарч өв соёлын төсөл хөтөлбөрүүдийг маш ихээр хэрэгжүүлэх ёстой. Миний хэрэгжүүлж байгаа төсөл "ТАСАЛЖ БОЛОХГҮЙ ТАЛЫН СОЁЛ" уриатай эхлээд хэдий нь 3 жилийг ардаа үджээ.
4. Төслийн гол цөм нь юундаа оршиж байгаа вэ?
- Тасалж болохгүй талын соёл нь хөдөө хотыг холбосон эдийн засгийн эргэлтийг сайжруулж, аялал жуулчлалыг хөгжүүлж худалдааг дэмжиж, соёлыг түгээсэн гүүр болж хэрэгжих гол зорилготой юм. Мөн малчид аялал жуулчлалаас орлого олдог болбол олон малын араас явж байгаль талхалж, зутруу өвөлжих бүх эрсдэлээс хол байх боломжтой болох юм.
5. Таны хийж буй ажлууд гол төлөв Монгол Улсын хөгжил, цэцэглэлт рүү чиглэсэн байдаг. Та манай улсын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
- Монгол улс хөгжөөгүй нь болж гэж сүүлд бодох болсон. Одоо бид гадаад улс шиг хөгжих гэж араас нь нэхэх ямар ч боломжгүй болсон. Бидэнд эхлээд хүнээ хөгжүүлэх, орлоготой болгох чухал энгийн асуудал байна. Түүний дараа бид барилга байшин барьж болно. Гэхдээ одоо хөгжил нь тулсан орнуудын иргэд буцаад байгаль эх рүүгээ илүү ойр байхыг зорьж байгаа энэ цагт бид эсэргээрээ хожиж байгааг харж байна. Бид харин нүүдэлчин соёлоо стандартжуулж, менежменттэй болгосноор жинхэнэ утгаараа соёлоороо мөнгө олох боломжтой болох юм. Яагаад Монгол малчид өнгөтэй өөдтэй амьдарч түүнийгээ гадаад оронд сурталчлан таниулж болохгүй гэж? Яагаад бид энэ өвлөн ирсэн соёлоо нүдэн дээрээ харсаар устгах ёстой гэж.
6. Та саяхан улстөрийн намд элсэн орсон. Яагаад ХҮН намыг сонгох болов?
⁃ Залуус бид мянган сайхан зүйл сэдээд хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэл байв ч хууль эрх зүйн заалтууд дээрээ ирээд мухарддаг. Одоо хэрэгжүүлэх төслүүд мөн ялгаагүй хууль эрх зүйн орчноос бүрэн хамааралтай тул үүнийг өөрчилж байж л олон хүн орлоготой болох боломж нээгдэх юм байна гэдгийг ойлгосон. Жишээ нь нэг сумыг бүтэн аялал жуулчлалын цогц шийдэлтэй бүтээн байгуулалттай болгоё гэхэд Монгол хүнд газар олгогддоггүй зөвхөн гадны 100% хөрөнгө оруулалттай компанид өгдөг байх жишээтэй. Тиймээс улс төрийн намыг сонгож өөрчлөлт хийх зорилготой орсон. Олон нам, олон чадварлаг залуус төрд орж байж орчин цагийн өөрчлөлтийг бий болгох боломжтой тул залуу нам руу сэтгэл шулуудан орсон. ХҮН намын хувьд маш олон мундаг эрдэмтэд, докторууд байдаг учраас сурах, суралцах зүйлс ч энэ мундаг шударга хүмүүсээс их юм байна гэдгийг харж сонгож орсон
7. Та Архангай аймгийн угшилтай, залуу боловсон хүчин. Аймгийнхаа хөгжил цэцэглэлт, өнгөрсөн хугацаанд аймаг орон нутагтаа ямар үйл ажиллагааг хийж хэрэгжүүлсэн бэ?
⁃ Архангай аймгаараа сүүлийн 3 жил идэвхитэй ажиллаж явсан. Малчидтай их уулзаж асуудал шийдлүүдийг сонсож түүнд таарах шийдлийг бодож олсон юм. Мөн Архангайн Эртний Нүүдэлчдийн Өлгий Нутаг аялал жуулчлалын холбоонд удирдах зөвлөлийн гишүүн болж элсэн аймгийн 100 жил, Winterland мөсний баяр гэх мэт арга хэмжээнүүдэд зохион байгуулах багт оролцож олон өрх бизнес эрхлэгчдэд орлого олох боломжийг нээж өгсөн гэж боддог. Мөн аймгийн төвийн айлуудыг олон улсын Эйр Би Эн Би гэх сайтад нэгтгэж тэрхүү системээр өрх бүрийг жуулчин авах боломжит нөхцөлийг бий болгож сурталчилж өгсөн нь өрх бүрийн оролцоог нэмэгдүүлсэн чухал ажил болсон. Харин одоогоор малчин айлуудыг бүртгэн аялал жуулчлал хийх аргыг зааж өгөн систем нэгтгэхээр ажиллаж байна. Мөн малчдын махыг ченжийн гараар дамжуулахгүй шууд хотын өрх рүү нийлүүлэх боломжийг бий болгох махны цехийг ч мөн Цэнхэр сумаас эхлэн хийж эхэлж байна. Ингээд бага багаар бодит хөрсөн дээрх ажлуудыг хийж байхад аяндаа нутгийн иргэд ойлгон суралцаж орлоготой болох боломжоо сайн ойлгож суралцана гэдэгт итгэлтэ байгаа.
8. Бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд залуус дүү нартаа зориулан өөрийн баримталдаг зарчимаа хуваалцаач?
⁃ Олны төлөө зүтгэсэн сэтгэл хөдөлмөр хэзээ буруутдаггүй юм шүү. Монголыг баян болгох ганц л арга байдаг гэж боддог. Тэр нь Монгол хүнийг, Монголын гэр бүлийг орлоготой болгох бүхий ажлуудыг хийж боломж олгох юм. Нүдийг хааж чихийг таглаж биш боломж бүрийг зааж өгч сургах л хамгийн чухал. Эх оронтой байна гэдэг хамгийн сайхан зүйл шүү дүү нар минь. Хэрхэн тордож авч явах нь бидний ухаан, үйлдэл л мэднэ. Үргэлж сайныг санаж, сайныг үйлдэж, сайн хүн байхыг хичээгээрэй. Сайн үйл бүр үргэлж хариу нь цагаан байдаг юм шүү. Монгол улс мандан бадраг.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Daily news2024-09-16 | 20:05:00