Daily news

ТОДРУУЛГА: АЙМГИЙН ИТХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД 41 ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОНО

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Daily news

2024-09-20 | 22:42:00

Аймгийн сонгуулийн хорооны дарга Ш.Гомбодорж: 

- Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль 2024 оны 10-р сарын 11-ний өдөр болно. Монгол улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос аймгийн сонгуулийн хороодыг хуулийн хугацаандаа байгуулсан. Мөн аймгийн Сонгуулийн хороо сумдынхаа хороог, сумдын сонгуулийн хороод нь хэсгийн хороогоо хуулийн хугацаанд байгуулж ажилласан. Аймгийн хэмжээнд 105 хэсгийн хороо ажиллаж, сонгуулийн хэсгийн хороон дээр сонгогчдын саналыг авах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

- Хуулийн дагуу аймгийн Аудитын газарт 12 нам эвсэл, нэг бие даагч мөрийн хөтөлбөрөө хянуулж дүгнэлтээ авсан байгаа. Мөн аймгийн Сонгуулийн Хороонд сонгуульд орох хүсэлтээ улс төрийн нам, эвсэл өгөх ёстой. Үүнд таван нам эвсэл, нэг бие даагч хүсэлтээ өгсөн. Ирсэн бүх материалыг хянаж үзээд, хүсэлтийг хянаж тогтоол гарган хүргүүлж ажиллалаа.

- 2024 оны 9-р сарын 5-ны өдөр нам эвсэлүүд нэр дэвшигчдийнхээ материалыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлж ажилласан. Үүнд МАН-аас 41, Ардчилсан намаас 41, Хүн намаас долоо, Иргэдийн Оролцооны Нэгдсэн намаас нэг, мөн нэг бие даагч материалаа ирүүлсэн байна. Аймгийн Сонгуулийн Хороо долоо хоногийн дотор буюу 9-р сарын 5-наас 12-ны өдрийн хугацаанд нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бүртгэх эсэх асуудлаар тогтоол гаргасан. Түүнээс 9-р сарын 12-ны өдөр МАН-аас 10, Ардчилсан намаас 14, Хүн намаас 3 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж, тогтоол хүргүүлсэн.

- Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 32-р зүйлд заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо татгалзсан тохиолдолд нэр дэвшүүлсэн нам эвсэлүүд нэр дэвшигчдийнхээ зөрчлийг арилгах хугацаа бий. Энэ хугацаа 9-р сарын 12-ноос 15-ны өдөр гурван хоногийн хугацаанд үргэлжилсэн. Ихэвчлэн дутуу бичиг баримт, татварын өр зэрэг зөрчил байсан. Гурван намын 27 нэр дэвшигчийн материалыг дахин ирүүлсэн. Тодруулбал Ардчилсан намаас татгалзсан 14 нэр дэвшигчийн 11-ийнх нь материалыг засаж, зөрчилгүй болгон ирүүлсэн байгаа. Үлдсэн гурван мандат дээр хуульд заасны дагуу  татгалзсанаас өөр шинэ дэвшигч нөхөн нэр дэвшүүлсэн. Бид түүнийг 16,17-ны өдрүүдэд мөн ялгаагүй өмнөх процессийн дагуу дахин хянаж, нэг бүрчлэн шалгаж үзээд бүртгэх эсэх шийдвэрээ гаргаж байгаа юм. Нөхөн нэр дэвшиж буй дөрвөн хүнээс гурвыг нь шаардлага хангаж байна гэж үзэн бүртгэсэн тогтоол гаргасан.

- Харин Тариат сумаас аймгийн ИТХ-д нэр дэвшиж байгаа дэвшигчийн хувьд өөрийн 100% эзэмшдэг компанитай. Татварын өртэй байсан учир хуульд нийцээгүй. Улсын бүртгэл, татварын хэлтэсээс бүртгэхээс татгалзсан хариу ирүүлсэн. Одоогийн байдлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийт 90 нэр дэвшигч бүртгэгдэж, шийдвэр нь гарсан байна. 9-р сарын 26-ны өдөр бүх нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардуулна. Тийнхүү албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

- Нэг тойрогт ногдох мандатын тоог аймгийн ИТХ тогтоодог. Эрдэнэбулган сумын 3-р баг болон Өлзийт сум нэг, нэг мандаттай байсан ба аймгийн ИТХ-аар мандатын тоонд өөрчлөлт оруулж баталсан. Сонгуулийн тухай хуулинд тухайн тойрогт оршин сууж байгаа нийт сонгогчийн тооноос хамаарч мандатын тоог нэмж тогтоодог. Үүний дагуу дээрх хоёр тойрогт мандатын тоог тус бүр нэгээр нэмэгдүүлсэн юм. Архангай аймаг 2020 оны ээлжит сонгуульд 39 төлөөлөгчтэй байсан бол ийнхүү 41 болон өөрчлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл 41 төлөөлөгчийг энэ удаагийн сонгуулиар сонгоно гэсэн үг.

- Нэр дэвшигчдийн жендерийн зохистой түвшний харьцаа 30%-иас багагүй байхаар хуулинд заасан байдаг. Манай аймгийн хэмжээнд аймаг, сумын нийт ИТХ-д 951 нэр дэвшигч дэвшиж байгаа. Нийт нэр дэвшигчдийн 30 хувь эмэгтэй нэр дэвшигчид байгаа нь жендерийн харьцааг хангаж байгаа юм.

- Ирэх амралтын өдрүүдээс эхлэн сонгогчийн өдөрлөг арга хэмжээг нэгдсэн журмаар зохион байгуулж эхлэх бөгөөд долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад хэсгийн хороодуудад сургалт, зөвөлгөө мэдээлэл зэрэг арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулагдах болно. Иймд иргэд сонгогчид харъяа баг хороод дээрээ очиж үйл ажиллагаатай танилцаж болно.