АРХАНГАЙ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өсчөө
Энэ оны 8 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 5.5 хувиар, өнгөрсөн оны 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд 4.8 хувиар тус тус өссөн байна.
Өнгөрсөн 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 315 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 130 (41.3%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөж, 106 (33.7%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч 79 (25.0%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Тухайлбал өнгөрсөн 12 дугаар сараас үхрийн ястай мах, үхрийн цул мах, ямааны ястай мах, хонины ястай мах, байцай, лууван, төмс, улаан лооль,өндөг, гоймон, далайн байцаа, гурилан боов, хөлдөөсөн бууз, 1-р зэргийн гурил, 2-р зэргийн гурил, ургамлын тос, хорхой ааруул, тараг, шар тос, усан үзэм, лаазалсан загас, шар айраг, шүдний оо, нойтон сальфетка, хуурай сальфетка, эдийн саван, их, дээд сургуулийн сургалтын төлбөр, машины дугуй нөхөх төлбөр, зочид буудлын төлбөр, эрдэнэт хивс, мөнгөн аяга, шалны хулдаас, сурагчийн дэвтэр зэргийн үнэ 0.2-146.7 хувиар өссөн байна.
Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 99 (31.4%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 144 (45.7%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсөж, 72 (22.9%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Тухайлбал өнгөрсөн оны мөн үеэс адууны ястай мах, ямааны ястай мах, тахианы гуя, цагаан будаа, элсэн чихэр, давс, улаан лооль, бөөрөнхий сонгино, хатаасан жимс, үзэм, хатуу чихэр, жигнэмэг, хүүхдийн нэмэлт тэжээл, даавуун футволка, эмэгтэй хүний сорочикон цамц, охидын трико, эрээн даавуу, үз засуулах төлбөр, янжуур тамхи, дизель түлш, хуванцар шугам, зэргийн үнэ 0.2 – 53.4 хувиар буурч харин хонины ястай мах, гоймон, 1-р зэргийн гурил, 2-р зэргийн гурил, дээд зэргийн гурил, хүүхдийн будаа, хөлдөөсөн бууз, цуу, өргөст хэмх, лууван, лаазалсан загас, далайн байцаа, өндөг, шар тос, аарц, тараг, хорхой ааруул, сүү, усан үзэм, шүдний оо, нойтон сальфетка, хуурай сальфетка, биеийн шингэн тос, орны бүтээлэг, эрэгтэй ботинк, эмэгтэй хослол, мөнгөн аяга, машины дугуй нөхөх төлбөр, сурагчийн дэвтэр, зэрэг барааны үнэ 0.2 – 146.7 хувиар нэмэгдсэн байна.
Өнгөрсөн сартай зэрэгцүүлэхэд 50 (15.9%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 27 (8.6%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 238 (75.5%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Тухайлбал өнгөрсөн сартай зэрэгцүүлэхэд ямааны ястай мах, үхрийн цул мах, үхрийн ястай мах, хонины ястай мах, гахайн хэрчсэн мах, бөөрөнхий сонгино, саримс, өргөст хэмх, шилтэй өргөст хэмх, амтат чинжүү, төмс, гурил исгэгч, алим, үзэм, аарц, тараг, хайрцагтай сүү, хатуу чихэр, масло, гурилан боов, охидын ноосон цамц, хуванцар шугам зэргийн үнэ 0.1 – 33.3 хувиар буурч харин цагаан будаа, ургамлын тос, хүүхдийн будаа, лууван, кетчуп, алаг салат, талх, шоколадны крем, жигнэмэг, хатаасан жимс, зөөлөн чихэр, байхуу цай, зайрмаг, хуруу зай, шар тос, сүү, үзгэн бал, ноосон цамц, эмэгтэй дотоож, гар нүүрийн алчуур, мөнгөн аяга, шалны хулдаас, их, дээд сургуулийн төлбөр, цемент, зэргийн үнэ 0.1 – 66.7 хувиар нэмэгдсэн байна.
Ойлголт, тодорхойлолт:
Хэрэглээний сагс: Үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг ойлгоно.
Хэрэглээний бараа, үйлчилгээний жин: Өрхийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь.
Хэрэглээний үнийн индекс (ХҮИ): Хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нийт өрхөөр тооцсон үнийн өөрчлөлтийг харуулна.
Тооцох аргачлал:
Хэрэглээний үнийн индексийг хэрэглээний сагс, хэрэглээний жин гэсэн хоёр үзүүлэлтийг ашиглан, хувиргасан үнийн Ласпейрсийн индексийн томьёогоор тооцно. Үүнд:
IctL – тайлант үеийн хувиргасан Ласпейрсийн индекс (t) t – тайлант үе i – бараа, үйлчилгээ o – суурь үе
P it - i барааны тайлант үеийн үнэ
P io – i барааны суурь үеийн үнэ
Q io - i барааны суурь үеийн жин
Хэрэглээний үнийн индексийн сагсны төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, үнэн зөв байдлыг хангах үүднээс хэрэглээний сагс, жинг 5 жилд нэг удаа шинэчилдэг. Хэрэглээний бараа, 238 бараа, үйлчилгээгээр бүрдүүлж, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2015 оны үр дүнгээр жинг тооцон, 2015 оны шинэчилсэн суурьтайгаар 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тархааж байна. ХҮИ-ийг тооцохдоо бараа, үйлчилгээний геометр дундаж үнийг ашигласан.
Аймгийн дундаж үнийг тооцохдоо сонгогдсон 8 сумын үнийн мэдээллийг хамруулж байна.
Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн барааны үнийг бүх сумдаас сар бүр цуглуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: АРХАНГАЙ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Daily news2024-10-01 | 11:23:00