Урлаг Спорт

МАС-РЕСТЛИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД 500 ГАРУЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Урлаг Спорт

2025-07-31 | 15:32:19

ТЭСВЭР ХАТ, ТАСАРШГҮЙ ХҮЧ ЧАДЛЫН ГАЙХАМШИГ МАС-РЕСТЛИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 500 ГАРУЙ ХҮН ХҮЧИН ЗҮТГЭНЭ!

Монголын уудам хангай тал, түүх соёлын өлгий нутагт 07/31-08/02 -ний өдрүүдэд Архангай аймагт Монгол улсын түүхэнд  анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулагдах гэж буй Мас-рестлингийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь зүгээр нэг спортын арга хэмжээ бус, Монгол түмний тэсвэр хатуужил, эв нэгдэл, зохион байгуулалтын чадамжийг харуулах цог жавхлант үйл явдал билээ.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн 37 орны 300 гаруй шилдэг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа шавхан, цэвэр хүчний тулаанд өрсөлдөхөөр Монголын зүгт хуран цугларна.

Тэмцээний зохион байгуулалт, дэг журмыг чанд сахин, үнэн шударгаар шүүн дүгнэхээр дотоод, гадаадын 45 шүүгч морилон ирэх бол, спортын энэхүү их баярыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалтын баг нөр их хөдөлмөрөө зориулж байна.

Хамтран зохион байгуулагч “ARA FEST” төслийн багийнхан 100 орчим сайн дурын залуусыг сурган бэлтгэж, хүчээ нэгтгэн оролцож байгаа бол, нээлт, хаалтын ёслолд оролцох 200 гаруй уран бүтээлч, инженер, техникийн ажилтнууд бэлтгэлээ хангаж, бэлэн болоод байна.

Мөн Архангай аймгийн шат шатны төрийн байгууллагын төлөөлөл, албан хаагчдаас бүрдсэн 100 гаруй хүн орон нутгийн онцлогт нийцсэн зохион байгуулалтын ажлыг хариуцан, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа бол Олон улсын Мас-рестлингийн спортын холбоо болон Монголын Мас-рестлингийн спортын холбооны 60 гаруй төлөөлөгч тэмцээний бүх шатанд хяналт тавин, хамтран ажиллаж байна.

Энэхүү түүхэн тэмцээн нь зөвхөн хүчний гайхамшгийг биш, зохион байгуулалтын өндөр түвшин, хамтын хүч, үндэсний бахархлыг дэлхийд харуулах онцгой мөч болох байх гэдэг эргэлзэхгүй байна.

ТӨРИЙН ДУУЛАЛ МИНЬ ЯРУУ АЛДАР  ЭГШИГЛЭЖ,  АЛТАН СОЁМБОТ ТӨРИЙН ДАЛБАА МИНЬ ОЛОНТОЙ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!