Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой тохиож байна
Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой тохиож байна
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын II их хурлын тогтоолын дагуу 1925 онд Цэцэрлэг-Мандал аймгийн Эрдэнэбулган уулын хошуунд (одоогийн Цэцэрлэг хот) анхны амбулатори нээгдсэнээр аймгийн эрүүл мэндийн салбарын тулгын чулуу тавигдсан түүхтэй.
Тэртээ нэгэн зууны өмнө эхчүүдийн ихэнх нь гэртээ төрж, төрсөн хүүхдийн тал хувь нь эндэж байсан хүнд үеэс өнөөг хүртэл асар их өөрчлөлт гарсан. Өнөөдөр эхчүүд 100 хувь эмнэлэгт мэргэжлийн эмчийн хяналт дор төрөх болсон бөгөөд нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 7.5 промилд хүрч буурч, хүн амын дундаж наслалт хоёр дахин уртасчээ. Энэ бол 1925 оны анхны эмч нарын хичээл зүтгэлээс эхлээд өнөөгийн өндөр технологийн оношилгоо, эмчилгээний арга барилд суралцсан, чадварлаг эмч, эмнэлгийн ажилтнуудын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
Архангай аймгийн эрүүл мэндийн салбар орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, оношилгоо, эмчилгээний чадавхаа тасралтгүй бэхжүүлэн, зайн болон хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоог ашиглаж, чанартай, хүртээмжтэй, аюулгүй тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Түүхт 100 жилийн ойгоор үе үеийн эмч, мэргэжилтнүүдийнхээ хөдөлмөр зүтгэлийг дурсаж, цаашид салбарын цогц шинэчлэлийг хамтаар хэрэгжүүлэн, эрүүл иргэний төлөө хамтдаа ажиллахаа илэрхийлж байлаа.




Сэтгүүлч С.Пүрэвдулам
Эрүүл мэнд2025-08-28 | 11:02:35