Б.Ивээлт-Од: Нэг л зүйлээ тултал нь сайн хийдэг болох нь зөв гэж боддог
Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаарай.
Сайн, сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Архангай Лаборатори 1-р сургуулийн 11г ангид суралцдаг Б.Ивээлт-Од байна.
Чиний хувьд зураг зурах дуртай, чадвараа үргэлж өсөн нэмэгдүүлэхэд анхаарч байдаг. Хэдэн наснаасаа зурж эхэлсэн бэ? Энэ асуултаас яриагаа эхлүүлье.
Ер нь бага байхаасаа, ухаан орсон цагаасаа гэх үү дээ. Яг тасралтгүй зурж эхэлсэн гэвэл 8-р ангиасаа хойш өдөр болгон жижиг скэч/түргэн зураг таталбар/ эсвэл нэг зураг зурдаг болсон.
Түүний бага насандаа зурсан зургууд...
Ямар агуулгатай, мөн ямар мэдрэмж өгөх зургийг зурах дуртай вэ?
Ер нь бол өөрт таалагдсан зургаа л зурдаг. Хүмүүст ямар нэгэн мэдрэмж өгөх эсвэл зохиож зурах хэцүү. Олон зүйл сурч байж эхэлдэг болохоор сайн суралцсаны эцэст өөрийн гэсэн утга, мэдрэмжийг зурах байх.
"Уран зураг нь юу агуулж байгаагаас бус ямар мэдрэмж төрүүлж байгаа нь чухал" гэж нэг зураач хэлсэн байдаг. Одоогоор өөрийнхөө мэдрэмж, сэтгэгдэл, санааг агуулсан хоёр зураг зурсан байгаа. Цаашдаа өөрийн мэдрэмжээ бусдад түгээх олон зураг зурна даа гэж боддог.
Зураг зурахад чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
Уурласан үедээ эсвэл яахаа мэдэхгүй үед ганцаараа юм бодож тунгаах бясалгал болдог гэх юм уу даа. Ерөнхийдөө бол тайвширдаг. Гэхдээ маш чухал зураг зурж байх үед бол жижигхэн алдаанаас болж уурлах стрессдэх үе гардаг.
Зурж эхлэхэд нь хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
Дээр дурдсанчлан төрсөн цагаасаа л өөрөө сонирхоод зурж эхэлсэн дээ. Гэхдээ яг байнга зурж эхлэхэд манай үеэл ах нар их нөлөөлж байсан. "Хөөх чи гоё зурдаг юм чинь энийг зураад үзэх үү?, “хөөх гоё байна одоо энийг зураад үзэх үү?" гээд л хамгийн их дэмжиж байсан.
Зураг зурах чадвараараа хэзээ хамгийн их бахархаж байсан бэ?
Надаас илүү надаас сайн зурдаг уран бүтээлчдээс магтаал бас шүүмжлэлийг сонсоход хамгийн их бахархдаг. Би гэхдээ магтаалаас илүү шүүмжлэл сонсох дуртай. Магтаал их сонсоод байх юм бол алдаатай муу зураг байсан ч өөртөө бардам болж цааш хөгжих боломжоо алдаж өмнө нь байсан чадвар маань ч үгүй болох вий гэж сэрэмжилдэг учраас шүүмжлүүлэх дуртай. Гэхдээ бас хэтэрхий их шүүмжлээд байх юм бол урам зориг эрч хүчээ алдаж болзошгүй.
Зургаар дамжуулан юуг ойлгуулахыг хүсдэг вэ?
Яг ч уран бүтээлч болоогүй болохоор сайн мэдэхгүй л байна.Гэхдээ яг зурж байгаа зургаас маань гоё гэгээлэг мэдрэмжийг аваасай л гэж хүсдэг дээ.
Зураач хүн бусдаас юугаараа онцлог байдаг юм бол?
Юмсыг ажиглах чадвар илүү сайн, ой тогтоолт, баруун зүүн тархи их ажилладаг гэж боддог. Надад бол зураг зурах заримдаа математик бодохтой ижил. Бас мэдрэмжтэй, дотроо олон зүйлс боддог нууцлаг хүмүүс гэж боддог доо.
Энэ чадвараа цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?
Суурь чадвар суурь онолууд гээд бага багаар судалж байгаа. Сурах зүйл ч маш олон. Цаашдаа төрөл бүрээр зурж, өөрийнхөө стиллийг олоод түүгээрээ олон бүтээл гаргана гэж бодож байгаа.
Зурагтай холбоотой мөрөөдлөөсөө хуваалцвал?
Өөрийн мөрөөдөл гэхээс илүү бусад хүмүүс “чиний галлерейд очино оо” гэдэг болохоор Гоё зургийн галлерейтай болно гэж бодож байгаа. Үзэсгэлэн гаргаад л...
Өөрийнхөө чадварыг хэрхэн өсөн нэмэгдүүлдэг вэ?
Өдөр бүр зураг зурж, шинэ зүйл, шинэ загвараар зурахыг хичээдэг. Мэдээж хэрэг алдана тэгээд л тэр алдаанаасаа суралцаад л "Аан энийг ингэж хийвэл болно ингэж хийвэл болохгүй юм байна." гээд. Бас мэдэхгүй зүйлээ үргэлж хүмүүсээс эсвэл интернэтээс хайж мэдэж туршиж үздэг. Ерөнхийдөө бол мэдэхгүй чадахгүй зүйлээ чаддаг болно гэж тэмүүлэх хэрэгтэй
Зурахад хэр цаг зарцуулдаг вэ?
Багадаа 5 минут ихдээ ганц ч босохгүй 5-6 цаг суудаг. Ямар зургаас шалтгаалж өөр өөр хугацаатай байдаг. Арай сайн зургуудаа ер нь 14-20 цаг сууж зурдаг (нарийн жижиг зургууд). Зохиомж гэвэл 1-2 сар санаагаа олж скиз гаргаад 2-3 өдөр нийлээд бас л 14-20 цаг зурдаг.
Нэг л зүйлийг сайн чаддаг байх. Чаддаг болтол сайн сурах, хичээх гээд л... энэ тал дээр үе тэнгийнхэндээ юу гэж хэлэх вэ?
Зарим хүмүүс олон зүйл хийж чаддаг байх нь давуу тал ихтэй гэдэг. Харин миний хувьд нэг л зүйлээ тултал нь сайн хийдэг болох нь зөв гэж боддог. Бусад хийж чадахгүй байгаа зүйл дээр таны тусламж гарахад та ямар хэрэгтэйгээ мэддэг. Мэдээж хэрэг энэ нь таны хийхийг хүсдэг зүйл тань байх хэрэгтэй. Хийхийг хүсдэггүй зүйлээ хүчилж хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Чаддаг болтлоо сайн сурах гэдэг таны хэр их хүсэж байгаагаас л хамаарна байх.
Үнэхээр их хүсэж байгаа бол та өөрөө хичээж эхэлнэ. Танд хэн нэгэн туслана. Харин хиймээр байгаа ч яг чин хүсэл чинь биш л бол чи эхэлсэн ч дуустал нь явж чадахгүй. Би нэг найздаа яг ингэж хэлж байсан. Өөрөө чин сэтгэлээсээ хүссэн учраас болохгүй бүтэхгүй гэж байсан ч үр дүн гарсан.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сурлагын амжилт хүсье.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Урлаг Спорт2023-04-10 | 23:14:00