Ингүүн.мн
Нийгэм

Архангай аймагт лазерын мэс заслын шинэ технологи нэвтэрч, анхны хагалгааг амжилттай хийлээ

2026 оны 08 сарын 20 55

Улсын хэмжээнд анх удаа Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 600 гаруй сая төгрөгийн үнэ бүхий лазерын аппаратыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Тодруулбал эмч нар жилийн өмнөөс энэхүү аппаратыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх санал гаргаж, УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд анх удаа Архангай аймагт нийлүүлэгдсэн нь энэ юм.

LaserClast Thulium Power лазерын аппаратыг бөөр, шээсний замын чулуу бутлах, түрүү булчирхайн эмгэгийн мэс засал, чих, хамар, хоолойн мэс засал, ерөнхий мэс засал, мэдрэл, бүдүүн болон шулуун гэдэсний мэс засал зэрэг олон төрлийн тусламж үйлчилгээнд ашиглах боломжтой юм.

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 20-ны өдөр Мэс заслын тасгийн хамт олон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн их эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Ганболд тэргүүтэй эмч нарын багийн заавар, зөвлөгөөний дагуу лазерын аппаратын тусламжтайгаар бөөрний чулуу бутлах анхны хагалгааг амжилттай хийлээ..

Энэхүү төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа Архангай аймагт нийлүүлж байгаа бөгөөд орон нутгийн иргэд лазерын технологид суурилсан мэс заслын тусламж, үйлчилгээг орон нутагтаа авах боломж бүрдэж байна. Мөн Архангай аймгийн ойролцоох аймгуудын иргэд тусламж, үйлчилгээ авах бүрэн боломжтой болж байна.

Лазерын аппаратыг дагалдан хэт авиан болон пневматик буюу механик чулуу бутлагч төхөөрөмжүүд ирсэн байна. Эдгээр төхөөрөмж нь шээсний замын чулууг буталж, улмаар соруулах үйлдэлтэй. Түүнчлэн эмч, мэргэжилтнүүдэд оношилгоо, эмчилгээний үед ашиглах боломжтой дэлгэцтэй уян дурангийн төхөөрөмж дагалдан иржээ.

Шинэ технологийг нэвтрүүлснээр иргэд заавал нийслэлийг зорихгүйгээр олон төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа авах боломж нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтойг эмч мэргэжилтэнүүд онцолж байлаа.

Нийтлэсэн: Сэтгүүлч С.Пүрэвдулам

Холбоотой мэдээ