Ц.САЙНБААТАР: ЗУРГИЙГ НЬ АВЧ ЧАДААГҮЙ АМЬТАН, ШУВУУ БОЛГОН СОНИРХОЛ ТАТДАГ
Жаргалант нутгийнхаа байгалийн сайхныг гэрэл зурагт мөнхөлдөг их хөдөлмөрийн тань зорилго тэмүүллийн талаар яриагаа эхэлье. Та камертай найзлаад хэдэн намрыг үдэж байна?
- Гэрэл зураг сонирхоод 22 жилийн хугацаа өнгөрчээ. Миний бүтээл бүрийн ард сум орон нутгаа таниулах чин хүсэл бий. Цаашлаад аялал жуулчлалын хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахсан гэж боддог. Аялал жуулчлал хөгжснөөр нутгийн ард иргэдийн жижиг дунд бизнес, худалдаа наймаа багахан ч гэсэн нэмэгдэж, хөрөнгө оруулалт болох болов уу. Тиймдээ ч сошиол орчин хөгжсөн энэ цаг үед гэрэл зургаар дамжуулан энэ сайхан нутгийнхаа байгалийн сайхныг сурталчилахыг хичээдэг.
Таны зургаас би Жаргалант нутгийн үнэ цэнийг мэдэрдэг. Нутгийнхаа уул усны сайхныг танилцуулаач?
- Жаргалант сум нь төрөл бүрийн мод бүхий холимог ой, өвөрмөц тогтоц бүхий уул хад цохио элбэг нутаг. Ханан хад, Ёлын хясаа, Салхитын хясаа гээд, ээдээ сайхан шүү дээ. Мөн эртний чулуун зэвсгийн дурсгал болох зосон зургаас эхлээд Чулуут голын хадны зураг гэх мэт түүхийн ховор дурсгалууд ч байдаг. Нутгийнхаа үнэ цэн, түүх соёлын олдворыг түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах нь хүн бүрийн л үүрэг шүү дээ.
Таны зургийг анзаарч байхад ховор ан амьтан, жигүүртэн шувууд их харагддаг. Зөвхөн гэрэл зураг гэлтгүй тэдгээр амьтдын тухай асар их судалдаг байх. Хамгийн сонирхол татахуйц амьтны тухай бидэнд сонирхуулаач?
- Гэрэл зураг дотор амьтан, шувууны зураг томоохон байр суурь эзэлдэг. Тийм дээ ч их санхүү уйгагүй зүтгэл, тэвчээр, судалгаа шаарддаг. Жишээ нь би нохой зээхийн зураг авах гэж бүтэн гурван жил яваад сэтгэлд хүрсэн зураг авч чадаагүй. Одоо ч гэсэн араас нь хөөцөлдсөөр л байна. Зургийг нь авч чадаагүй амьтан шувуу болгон улам л миний сонирхолыг татдаг. Илүү судалж, илүү их ажиллагаа шаардаж хүссэн зургаа дурандаа буулгана шүү дээ.
Гэрэл зураг түүх болон үлддэг гэдэг. Таны цаашдын мөрөөдөл юу вэ?
- Тийм шүү. Гэрэл зураг л үлддэг. Би 2014 онд “Хорвоод хосгүй нутаг мину” гэрэл зургийн альбомыг хэвлүүлсэн. Жаргалант нутгийнхаа жилийн дөрвөн улирлын өнгө будаг хосолсон сайхан бүтээлүүдийг энэ номондоо багтаасан. Энэ жил мөн сумынхаа 100 жилээр хоёр дахь альбомоо гаргаж, олны хүртээл болгоод байна. Одоо би ирэх жилүүдэд ан амьтан болон жигүүртэн шувуудын гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, фото альбом хэвлүүлэх том зорилт тавьсан. Манай нутагт ховор төрлийн ан амьтан, шувууд их байдаг болохоор маш их ач холбогдол өгч, удаан хугацаанд төлөвлөж байна.
Сошиол орчин хөгжсөн энэ үед оюуны өмчийн асуудал үргэлж хөндөгддөг. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
- Оюуны өмчийн хулгайн талаар маш их эмзэглэж явдаг. Нэг зургийн ард хүч хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө санхүү, гээд маш их юм бий. Хүн дэлгүүрт ороод ямар нэг бүтээгдэхүүнийг үнэгүй авч гардаггүй шүү дээ. Түүнтэй адил бидний бүтээлийн үнэ цэнийг үнэлдэг, хүн бүр тодорхой хэмжээний ухамсар хүндлэлтэй хандмаар байгаа юм.
Залуус дүү нартаа захих үгээ дайгаач?
- Миний дотроо битүүхэн боддог юм бол залуус дүү нартаа байгалийн сайхныг нь өвлүүлэн үлдээх юмсан гэж боддог. Тиймдээ ч уул усныхаа эхэнд хонон өнжиж зураг дарж явахдаа үр хойчдоо дурсагдах сайн бүтээл гаргах юмсан гэж зорьдог. Залуус дүү нараа аль болох ан амьтан, байгаль дэлхийтэйгээ ойр байж тэдгээрийг сонирхон судалж байгаарай гэж захиж хэлье дээ.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч С.Батзаяа
Урлаг Спорт2024-10-01 | 12:18:29