Б.ЦЭРЭННАДМИД: АРХАНГАЙЧУУДЫН СОНГОЛТ НЬ МЭРГЭН БАЙЖ, ТӨР НЬ ТОГТВОРТОЙ, ИРГЭДИЙН АМЬЖИРГАА ДЭЭШИЛСЭН ОН ЖИЛҮҮД БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА
Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, аймгийн Засаг дарга Бямбадоогийн ЦЭРЭННАДМИДТАЙ ярилцлаа.
-Аймгийнхаа 100 жилийн түүхэн ойн босгон дээр 12 дахь Засаг даргаар сонгогдож томилогдсон. Улс төрийн байдал амаргүй, тогтворгүй нөхцөлд хариуцлага, итгэл хүлээлгэсэн явдал болсон. Та хэрхэн хүлээн авсан бэ?
- 2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын нам 19, Ардчилсан нам 20 суудал авч, нэг төлөөлөгчийн зөрүүтэйгээр Ардчилсан нам олонх болсон. Ард түмэн нэгхэн суудлын зөрүүтэй буюу хүчтэй цөөнх бай гэдэг сонголтыг хийсэн. Тэр ч утгаараа бид АН-ыг засгийн эрхийг хэрэгжүүлж байх үед ИТХ-ын дарга, Засаг даргад бүлгээсээ нэр дэвшүүлэлгүй явсан. Харин ИТХ дахь АН-ын бүлгийн дотоод тогтворгүй байдлаас шалтгаалж Засаг даргаа сонгож чадахгүй, 2022 оны 10 дугаар сараас хойш бүхэл бүтэн 5-6 сарыг үдсэн. Яг үнэндээ АН-ын 20 төлөөлөгч маань нэг тогоондоо орж, нэгдмэл шийдэлд хүрч чадалгүй, Засаг даргагүйгээр яваад байсан учраас ард иргэдийн зүгээс, төрийн албан хаагчдаас, манай намын төлөөлөгчдөөс бүлэгт тодорхой шаардлагуудыг тавьж, зарим талаар шүүмжилж байлаа. “Та бүхэн энэ аймгийн хөгжлийн төлөө ажиллана гэж ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. АН-ыг хэзээ учраа олохыг нь хүлээвэл мөд бүтэхгүй нь. Түүхэн ойн жил тохиогоод байна” гэсэн шүүмжлэл иргэдийн дунд асар ихээр өрнөсөн. Тиймээс ард иргэдээ, аймаг орон нутгаа, алс ирээдүйгээ ч бодсон, бид улс төрийн сонголт хийхээс өөр гарцаагүй байдалд орсон. Улс төрийн сонголт нь МАН-аас Засаг даргад нэр дэвшүүлэх явдал. Энэ албыг, энэ шийдлийг нэн өндөр хариуцлага, үүрэг гэж ухамсарлаж, хүлээж авсан.
-Аймгийн Засаг даргын ажлыг авсан даруйд хамгийн түрүүнд юу тулгарсан бэ? Хэрхэн шийдэв?
-Төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, аймгийн дамжуулан зээлж авсан өр, Төрийн албаны манлайлал зэрэг тулгамдсан асуудлууд байсан. Тийм учраас удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг зарлаж, зөвлөгөөн дээр төрийн албаны хууль бус томилгоог цэгцлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Аймгийн ИТХ-ыг зарлуулж, төрийн зарим албан хаагчдын цалингийн орон нутгийн нэмэгдлийг шийдвэрлэсэн. Тулгамдаж байсан хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлууд мөн бүтээн байгуулалттай холбоотой худалдан авах ажиллагаа зэргийг шуурхайлсан.
-Архангайчуудад хөгжлийн хүлээлт их байна. Нэг талаас 100 жилийн ой том үүрэг ч гэсэн, нөгөө талаар хөгжлийн боломж гэж Та өөрөө тодорхойлсон. Ямар санаачилгууд гарч, хэрхэн ажил хэрэг болж байгаа вэ?
-Аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан юун түрүүнд өнгөрсөн 100 жилд Архангайчууд юу бүтээсэн бэ? гэдэгтээ дүгнэлт хийж, цаашдаа хөгжих боломжоо тодорхойлох нь гол асуудал байсан. Салбар бүрийн хөгжлийн форум арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь “Архангайн хөгжлийн форум”. Үүгээрээ асуудлыг тодорхойлж, цаашдын чиг хандлага, бодлого төлөвлөлтөө нарийвчлан гаргасны дагуу томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, шилдэг багш, эмч, сувилагчаа тодруулж, багагүй хэмжээний шагнал урамшуулал өгч, нийгмийн баталгааг хангахад анхаардаг боллоо. Дэд бүтцийн салбарт гэхэд, аймгийн төвийн замд жил бүр хөрөнгө гаргаж, хоёрын хооронд засах биш, битүү хучилт хийх замаар засварлавал өмнөхөөсөө илүү үр дүнтэй болж байгааг харлаа. Олон жил хүлээгдсэн Дулааны станцын шүүхийн маргаан дуусч, тендер нь зарлагдаад явж байна. Аялал жуулчлалын салбарт үсрэнгүй хөгжлийн бодлого хэрэгжүүлж, өвөл, зуны томоохон арга хэмжээ хэрэгжүүлснээр малчид, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдийн бодит орлого нэмэгдлээ. Багийн Засаг дарга, багийн эмч, байгаль хамгаалагч нараа унаа техник, тоног төхөөрөмжөөр хангасан байна. Энэ бүхэн хөгжлийн форумаа хийж, тухайн салбарын мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчдаа сонссоны үр дүн. Цаашдаа малчдын орлогыг нэмэгдүүлэх, малчдын гар дээрээс цагаан идээг Өвөрмонголд борлуулах шугам нээх ажлыг амжуулаад байна. Малчин кэмп хөтөлбөр маань амжилттай эхэлсэн нь цаашлаад малчид маань аялал жуулчлалын салбараас орлогын эх үүсвэртэй болох томоохон ажил боллоо. Энэ мэтчилэн дурдаад байвал нэг жил хагасын хугацаанд чамгүй ажил амжуулсан байна. Нэг дэх зууныхаа түүхийг бичиж үлдээн, хоёр дахь зууныхаа хөгжлийг тодорхойлох гэж хичээсэн нь үр дүнгээ өгсөн. Үүний илрэл нь, бидний богино хугацаанд амжуулсан олон ажлаар тодорхойлогдоно.
-Нэгэнт сонгууль болж байгаагийнх, танай намын нэр дэвшигчдийн давуу тал нь юу байх вэ?
-Манай намын хувьд боловсон хүчин харьцангуй сайтай нам. Аймгийн ИТХын сонгуульд боловсрол, мэдлэг, ажлын туршлага чадвараараа өөрсдийгөө харуулсан, эмэгтэйчүүд, ахмад, дунд, залуучуудын хэлхээг хангасан 41 нэр дэвшигчдээр бүрдүүллээ. Тэд маань өөрсдийн мэдлэг, чадвар, ажиллах сэтгэл зүрхээрээ ялгарах болно. Мөн 19 сумын сонгуулийн нийт 423 мандатад Монгол Ардын Нам бүрэн нэр дэвшигчдээ илгээлээ. Аймаг, сумын цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлж, зөвийг хийж хэрэгжүүлэхэд гар сэтгэл нийлж ажиллах нь чухал байдгийг өнгөрсөн цаг хугацаанд харлаа. Дээрээ Монгол Ардын Намын тэргүүлсэн Засгийн газар байгаа тохиолдолд дунд, доод шатанд нэгдмэл байж гэмээ нь тогтвортой хөгжлийг авчирдаг юм байна гэдгийг архангайчууд мэдэрсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Бид аймгийн засгийн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн богино цаг хугацаанд Засгийн газраас салбарын яамдаас бодлогын дэмжлэгийг бүрэн авч чадсан нь бас нэгэн ололт байлаа.
-Сонгогчдодоо хандаж юу хэлэх вэ?
-Монгол Ардын Нам ачааны хүндийг үүрч ирсэн, хариуцлагатай тулхтай нам гэдгээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд харууллаа. Бид буруу, болохгүйн өмнө нүд аниж суудаггүй, бас хариуцлагаас зугтдаггүй. Бидний богино хугацаанд буюу нэг жил 6-хан сарын хугацаанд хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлууд сурагчдаа зөв иргэн болгохоос эхлүүлэн иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлэх, аймаг орон нутгаа дэд бүтцийн хувьд сайжруулах, ахмад настнаа энэрч асрах хүртэл юуг ч орхихгүйг хичээж ирлээ. Сонгогч Та бүхэн аймгийн Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг анхааралтай уншиж, судлаарай. Архангайчуудын маань сонголт нь мэргэн байж, төр нь тогтвортой, эв нэгдэлтэй, иргэдийн орлого нэмэгдсэн, хот суурин нь тогтвортой хөгжсөн он жилүүдийн төлөө сонголтоо хийгээрэй гэж уриалж байна.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Улс төр2024-10-02 | 11:46:00