А.ГАНХУЯГ: ӨВДӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Эрүүл мэндийн салбарт 11 жил ажилласан буй Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын их эмч А.Ганхуягтай ярилцлаа.
- Аав, ээж болон хүүхэд ахуйн дурсамжаасаа хуваалцаач?
Миний бие 1989 онд Цэнхэр суманд аав Жамганы Алтанцоожийн гэр бүлд бага хүү нь болон мэндэлсэн. Миний аав сумын төвийн модон эдлэлийн цехэд мужаан, сийлбэрчин мэргэжлээр ажиллаж байсан, уран гартай эгэл жирийн хөдөлмөрч хүн байсан. Аав маань хүнтэй буруугүй явсан болохоор хүүгийх нь зам мөр хазайхгүй сайн явна гэж итгэж, тэнгэрт байгаа аавдаа үргэлж сүсэглэж явдаг.
Миний ээж Дашчирэвийн Долгоржав Цэнхэр суманд төрж өссөн. Эрүүл мэндийн салбарт 38 жил ажиллаж байна. Аав ээж хоёр минь өөрийгөө гэхээс илүүтэй бусдад тусалж, хүнийг ялгаварлалгүй харьцаж, хүнийг хүн гэдгээр нь харж нөхөрлөхдөө ч, амьдрахдаа ч бүхий л зүйлд үнэн байхыг хүүдээ үлгэрлэж ирсэн.
Өвөөг маань Жаал овогт Далайн Дашчирэв, Эмээг маань Даваагийн Норпилмаа гэдэг. Эмээгийн маань ээжийн тал Хоньт удмынхан. Би хүүхэд ахуй насандаа зуны амралтаар ахтайгаа хамт хөдөө өвөө, эмээ дээрээ очиж, үеэл ах, эгч, дүү нартайгаа хөдөөний амьдрал, Монгол ахуй дунд ойр өссөн.
Өвөөгийнх маань Цэнхэр сумынхаа Буйлан багт зундаа Мэлхий толгой, өвөлдөө Буйлан нуурын ойролцоо ах, эгч, дүү, үр хүүхдүүдийнхээ хамт олон жил нутаглан амьдарч байсан. Өдгөө өвөө, эмээгийн маань ураг, удам, дүү нар нь, үр хүүхэд, ач, зээ нар нь нутаг орондоо улам олуулаа болж өнөр өтгөн амьдарч байна. Төрсөн ахыг минь Алтанцоожийн Ганзориг гэдэг. Ах маань одоо Цэнхэр сумынхаа Эрүүл мэндийн төвд ариутгагчаар ажилладаг. Эхнэр, 5 сайхан охинтой өнөр өтгөн амьдарч байна.
Манай ам бүл тав, эхнэр, гурван хүүхэдтэй мөн өнөр өтгөн айл гэр болон амьдарч байна. Хамгийн сайхан амар амгалан бол гэр бүлтэйгээ хамт эрүүл энх, элэг бүтэн байх хором мөч бүхэн. Аз жаргалыг бид өдөр бүр, ямарч үед мэдрэх боломж бий.
- Яагаад эмч мэргэжлийг сонгох болсон бэ?
Хүүхэд ахуй наснаасаа ээжийгээ дагаж, эмнэлгийн орчинд хамт олон дунд нь өссөн болохоор эмч болох хүсэл минь ээжтэй минь салшгүй холбоотой. Ээж минь мэс заслын тасагт асрагчаар ажилладаг байлаа. Би 2001 онд мухар олгой үрэвсэж, Аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгой авах мэс засалд орсон. Тухайн үед ээж хамт байж, миний гараас атгаад зогсож байхдаа тасгийнхаа эрдэм чадалтай мэс заслын эмч нараараа бахархан ярихыг сонсоод би: “Хэрвээ хүү нь мэс заслын эмч болоод ээжтэйгээ хамт мэс заслын өрөөнд хамт ажиллах юм бол ээж маань ямар их баярлах болоо” гэх бодол төрж, мэс заслын эмч болохыг тэр үеэс чин сэтгэлээсээ хүссэн.
Тэр жаахан хүүгийн чин сэтгэлээсээ хүссэн хүсэл 15 жилийн дараа буюу 2016 онд биелэлээ олсон. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт хүү нь мэс заслын эмчээр ажилд орж, ээжтэйгээ хамт мэс заслын өрөөнд мэс засал хийгээд зогсож байхад ээжийнхээ нүднээс хүүгээрээ бахараж байгаа аз жаргалыг олж харж билээ. Тэр цагаас хойш ээжтэйгээ мэс заслын өрөөнд долоон жил хамт ажиллажээ.
Хүүгээ эмч болгох гэж аав ээж хоёр минь хэчнээн их ажилласныг, ямар их хичээснийг бодохоор илүү их хөдөлмөрлөж, олон түмэнд тустай сайн эмч, мэс засалч болж аав ээжийнхээ нэрийг өндөрт өргөж явахын төлөө үргэлж хичээж ажиллаж байгаа.
Өдгөө би олон сайхан эрдэмтэн багш нар, найз нөхөд, хамт олны тус дэмээр аймгийнхаа мэс заслын тусламж үйлчилгээнд нарийн мэргэжлийн олон олон мэс заслыг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн дашрамд оюутан ахуй цагаас минь мэс заслын тасагтаа хүлээн авч мэс барих эрдэм ухаанаасаа харамгүй зааж сургасан аймгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч А.Баттулга багшдаа талархаж явдаг.
А.ГАНХУЯГ ЭМЧИЙН АРХАНГАЙ АЙМАГТ ШИНЭЭР ХИЙСЭН МЭС ЗАСЛУУД
· Хэвлийн дурангаар шулуун гэдэсний өмнөд хананд тор тавьж сойж бэхлэх,
· Бүдүүн гэдэсийг бүхэлд нь тайрах, хэвлийн өмнөд ханаар цутгалан гэдэсний цорго гаргах
· Ходоодны дистал хэсгийг тайрч нарийн гэдэстэй залгах мэс засал
· Элэгний хавдрыг нээлттэй аргаар тайрч авах 20 гаруй мэс засал
· Хэвлийн дурангаар элэгний хавдрыг тайрч авах мэс засал
· Хэвлийн дурангаар элэгний аварга уйланхай авах мэс засал
· Хэвлийн дурангаар нойр булчирхайн уйланхай авах мэс засал
- Аймаг, сумын иргэд мэс засалд орохын тулд нийслэлийг зорьдог багасчээ. Энэ төрлийн мэс заслуудыг нэвтрүүлж байхад танд ямар нөхцөл байдал мэдрэгдэж байсан бэ?
Дурангаар элэгний хавдар авах мэс засал нь Архангай аймагт төдийгүй 21 аймгийн хэмжээнд 2 дугаар шатлалын эмнэлэгт анх удаа хийгдсэн мэс засал юм. Энэ төрлийн мэс засал нь өвчтөнд ээлтэй, бага хүрцын зүслэгтэй, өвдөлт зовиур багатай, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэдэгээрээ өндөр ач холбогдолтой орчин үеийн мэс засал эмчилгээний арга.
Дээрх мэс заслын тохиолдлууд нь аймагтаа бүрэн оношлогдож, тухайн мэс заслын тусламжийг авч хүндрэл чирэгдэлгүй эмчлүүлж тусламж үйлчилгээгээ авч байна. Манай аймагт оношлогдож байгаа хавдрын тохиолдлууд ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож, хийгдэх мэс заслын цар хүрээ нь маш өргөн, том тайралт хийгдсэн нарийн төвөгтэй тохиолдлууд байсан.
ӨВДӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
- Оношоо хожуу мэдсэнээс биеийн байдал илүү хүнд шатандаа орсон нь цөөнгүй. Ийм нөхцөлд орохгүй байхад анхаарах зүйл юу вэ?
Бид элэгний хавдраар өвдсөн үед нь аймагтаа мэс засал эмчилгээний тусламжийг хэдийнээ үзүүлдэг болж эхэлсэн. Харин бидний дараагийн зорилт бол хэрхэн элэгний хавдраар өвдөхгүй байх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох, өвдсөн тохиолдолд хэрхэн эрт оношлож, илрүүлэх юм. Элэгний хавдраар өвдөхгүй байх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт мэдээллийг тодорхой давтамжтайгаар нийгмийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран мэдээллийн тохирсон сувгуудаар ард иргэдэд хүргэх, алслагдсан багийн иргэдэд тухайн багт нь биечилэн болон мэдээллийн сувгаар хүргэж эхлэх нь зүйтэй. Энэ талаар орон нутгийн эрүүл мэндийн бодлогод тусгаж, ард иргэдэд хүртээмжтэй мэдлэг мэдээллийг тогтмол олгох ажлыг хийх шаардлагатай байна. Ингэснээр ард иргэд элэгний эсийг гэмтээгч хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлж, амьдралын зөв дадал хэвшүүлж, элэгний хатуурлаас цаашлаад элэгний эсийн гаралтай хортой хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Элэгний аливаа хавдрыг эрт илрүүлэхэд хамгийн хямд хүртээмжтэй оношилгоо бол хэт авиан оношилгоо буюу ЭХО. Иргэд хэвлийн ЭХО-д багадаа 3 сар тутам харуулж чаддаггүй.Хэдийгээр эрт илрүүлгийн оношилгоог улс орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байгаа боловч тухайн товлосон хугацаанд хөдөөгийн малчид маань үзүүлэх цаг зав нь тохирч өгдөггүйгээс ихэвчлэн үзлэгийн хугацаанд харуулж чаддагүй явсаар ямар нэг зовиур шинж тэмдэг илэрсэн үед хэвлийн ЭХО-д харуулж санаандгүй байдлаар хожуу шатандаа элэгний хавдар оношлогдох нь элбэг байдаг.
Иймд бид эхний ээлжинд сум, багт улирал тутамд буюу гурван сар тутамд төлөвлөгөөт үзлэг, ЭХО оношилгоог хийж, үзлэгийн давтамжийг ойртуулснаар хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой. Элэгний хавдрыг эрт илрүүлээд эхэлбэл өвчтөнүүдэд болон түүний ар гэрт ирэх эмчилгээний зардал, санхүүгийн дарамт буурах, хөдөлмөрийн чадвар эрт сэргэх, цаашлаад хавдрын дахилт буурах өндөр ач холбогдолтой юм.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх нь хэдэн зуун, хэдэн мянган хүнд хүрч үйлчлэх боломжтой хамгийн үр дүн өндөр эмчилгээ арга юм.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Эрүүл мэнд2024-10-06 | 18:35:00