Улс төр

ТҮМЭНДЭЭ ТУСТАЙ, ДЭМТЭЙ ЯВАХСАН...

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Улс төр

2024-10-07 | 15:07:00

Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид Цэнхэр сумаа төлөөлөн нэр дэвшсэн танд баяр хүргэе. Сайхан намаржиж байна уу?

Монгол хүн бүр дөрвөн улирлынхаа аясад зохицон амьдардаг учраас бүхэл юмны шим дэлгэрсэн энэ сайхан цаг дор түмэн олны минь амьдрал дэлгэр сайхан байгаасай гэж бодож явах юм. Нутгийнхаа төлөө сэтгэлээ зориулж явдаг хүний хувьд дэлгэр намрын энэ өдрүүдэд өвөл нь өнөтэй сайхан болоосой гэж бодож сууна.

Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөллөө сонгох хариуцлагатай цаг үед бид ирээд байна. Аймгийн Монгол ардын намын хорооноос надад итгэл хүлээлгэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэрийг маань дэвшүүллээ. Нутгийн ард иргэд маань уухайлан дэмжиж байгаа.

Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй гэдэг. Харин нутаг усаа онож төрдөг юм болов уу гэж би боддог. Таны хувьд?

Төрсөн нутгийн үнэ цэнийг төрсөн нутагтаа хүн л ойлгодог. Учир нь хүн төрлийг олоод аав ээждээ ирсэн үрийг нутаг нь бас тосож авдаг. Төрийн тахилгат Суварга хайрхан уул маань Цэнхэрчүүд биднийгээ ивээн дүнхийж байдаг. Нутаг усандаа үргэлж залбирч явдаг хүүгийн хувьд байнга л нутагтаа ирж сэтгэлээ сэргээдэг дээ.

Би чинь таван сартай даа эмээ өвөөгийнхөө гар дээр очсон. Эмээ өвөөгийн хайранд хүн болж өдий зэрэгтэй яваа хүн шүү дээ. Манай өвөөгийнх олуулаа ах эгч нарынхаа дунд бужигнаж өссөн. Тамирын голынхоо эрэг, Цэнхэрийн гүүр, бургаст шугуй дотор л миний хүүхэд нас өнгөрсөн. Нутаг ус, өвөө эмээ гэдэг чинь сэтгэлийн мөнхийн уяа байдаг шүү дээ.

Таны Амьдралын эрхэм зүйл юу вэ?

Амьдрал өөрөө мөнхийн үргэлжлэл. Төгсгөлөө мэдэхгүй эхлэлтэй цаг хугацааны эргүүлэгт багтаж явдаг юм болов уу? Амьдралын минь эрхэм зүйл бол гэр бүл шүү дээ. Аав ээжийнхээ их ачинд сургуулиа төгсөж, мэргэжил эзэмшин, гэр бүлтэй болж, тэгш дүүрэн сайн сайхан амьдарч байна.  Ханьтайгаа учраад 20 гаруй жилийг үджээ. Одоо ам бүл тавуулаа болсон. Хоёр хүү, нэг охинтой. Том хүү минь Япон улсад суралцдаг. Дунд хүү ахлах анги. Бага охин минь цэцэрлэгт суралцаж байна. Энэ их үнэ цэнийг хамтдаа бүтээж байдаг ханьдаа баярладаг. Миний ханийг В.Баасанжаргал гэдэг. Аймгийн ХХААГ-ын Мэргэжлийн Хяналтын албаны даргын албыг хашиж байна.

Таны аав төрд олон жил ажилласан хүндтэй хүн байсан. Түүнийг мэдэхгүй нутгийн хүн ховор биз?

Миний аав Ням-Осор нь Цэнхэр сумын уугуул. Сумандаа дунд сургуулиа дүүргээд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Аймгийн Хүнсний үйлдвэр, Ардын хянан шалгах хороо, Монгол Даатгал компаний салбарын захирал, аймгийн Засаг даргын орлогч, Аудитын газрын дарга зэрэг төр улсдаа нэр хүндтэй алба хашиж явсан төрийн албаны туршлагатай, төрийн жинхэнэ хар хүн байсан. Аав минь Архангай аймгийнхаа хүндэт иргэн. Сайн аавынхаа нэрийг өндөрт өргөн, удам угсаа нэр төрөө эрхэмлэж явахыг би үргэлж санаж хичээж явна даа.

Миний ээж М.Гэрэлмаа нь Архангай аймгийн Булган сумын Ар хошгот гэдэг газар төрсөн. Архангай аймгийн Хүсний үйлдвэрт залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан. Ээж минь эхээсээ есүүлээ. Төрсөн нь ах Нүүнээ гэж Батцэнгэл, Булган сумын Нэгдлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч гэсэн ажил албыг хашиж явсан хүн байсан.

Та ямар шалтгаанаар улс төрд орсон бэ?

Миний хоёр өвөө, аав маань төр нийгэмд олон жил зүтгэсэн хүмүүс. Тухайн он цагтай хамт тэдний түүх үлдсэн. Өнөөдөр би тэдний үргэлжлэл. Тиймийн учир хийж бүтээсэн тод мөртэй байх юмсан гэж эрмэлздэг.  

2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа багийн нэгдсэн төв, 240 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлж ашиглалтад орсон. Одоогийн баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төслийг анх боловсруулан эхлүүлж байсан. Гэвч ээлжит сонгуулийн хүрээнд нам бүлэг солигдох үед энэ ажил гацсан.

Аливаа ажил нэгдсэн нэг бодлого төлөвлөлтөөр явж байж шат шатандаа ахиж гардаг. Тэр тусмаа бүтээн байгуулалтын тухайд нам эвсэл нэг талдаа гарч ажиллах ёстой юм болов уу гэж боддог юм. Иргэд маань 2024 оны УИХ-ын сонгуульд Монгол ардын намд итгэлээ өгч олонхоор сонгосон. Аймаг, сумын сонгуульд ч олонх болж байж нэг баг болж хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана.

Ирэх жилд цэцэрлэгийн барилгын төсвийг батлуулан үргэжлүүлэхээр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүсэлт гаргаж ажиллаж байна.

Суманд маань ахиад ч хийх ажил байна. Манай сум бол дайраад өнгөрсөн хүн болгоны сэтгэлд сайхан сэтгэгдэл үлдээдэг. Байгалийн үзэсгэлэнт газар цогцолсон газар шүү дээ. Тиймээс хөгжлийн олон гарц байгаа гэж хардаг. ...

Эр хүний хийморийг адуутай холбон ярьдаг. Таныг морь малтай ойр гэж дуулсан?

Хөлд, хэлд орж хорвоог таньсан цагаасаа эхлэн өвөөгийн гэрийн хаяагаар аймгийн наадмын хурдан морь уралддаг байсан нь тодхон санагдаж байна. Тэр л дүр зураг миний моринд дуртай болох шалтгаан болсон байх. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг дээ. Идээшиж буй морь, хөдөөний цэвэр агаар, хомоолын үнэр, тэнгэрт түгэх одод гээд л тэнд л амар амгалан оршиж, дотор минь гэгээн бодлууд хөвөрдөг.

Морио унаад нутгийн дүү нартайгаа хайрхан нэг гарах ч сайхан шүү дээ. Жилийн эрч хүчээ л авчихдаг юм.

Монгол улсын гавьяат малчин Н.Цэрэндорж:

ЭНЭ ХҮҮГ МЭДДЭГ ХҮНИЙ ХУВЬД ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ДЭМЖИНЭ

Өнгөрсөн хугацаанд төр засгийн олон сонгуульд саналаа өгч, оролцсон байна аа. Ахмад хүний хувьд ажиж суухад нутгаа гэх сэтгэлтэй хүн хэр их байдаг бол гэж эргэцүүлж суудаг юм. “Татлага сайтай бол холын аян замын уртыг туулна” гэдэг дээ. Энэ нь цаанаа том агуулгатай үг. Бидний үед сонголтоо хийхдээ нутаг нугыг нь асууж сураглаж, ураг удмыг нь ажиж дүгнэдэг байлаа. Энэ бол өвөг дээдсийн хүн таних ухаан юм.  Энэ удаагийн сонгуульд нутгаас минь дэвшиж байгаа Н.Мөнхбаяр хүүгийн тухайд онцгойлон дурьдаж байгаа юм. Цаг үе, нийгэм нь өөр ч гэлээ дөрвөн үеийг төлөөлж байгаа хүний үр удам гэдэг талаас нь дотроо бодож, хүндэлж явдаг. Түмэн олон энэ хүнийг сонгож ажил үйлсийг нь тэгшлээсэй нутгийн зон олон минь. Түүний нагац өвөө Д.Чунагсүрэн одоогийн Цэнхэр сумын анхны нэгдлийн дарга, өвөө Д.Ичинхорлоо Буйлан баг, Алтан овоо багийн даргын албыг 30 гаруй жил хашсан хүн дээ. Нутаг усандаа нэр хүндтэй энэ сайхан буурлуудыг бидний үеийн малчид тод санаж байгаа даа. Энэ хоёр буурал төрийн бодлого, шийдвэр, сум орон нутгийн сонгуульт ажлыг гүйцэтгэж, түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан бидний хүндлэн дээдлэх хүмүүс юм. Н.Мөнхбаярын маань аав И.Ням-Осор бид их дотно байсан. Тэр хариуцлагатай өндөр албан тушаал болох аймгийн орлогч дарга, Ерөнхий Аудитор, санхүүгийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ аймгийн ИТХ-д Цэнхэр нутгаасаа хоёр ч удаа дэвшин сум орондоо чамгүй зүйлийг хийж бүтээсэн дээ. Дөрвөн үе гэж хэлж байгаа учир энэ шүү дээ. Энэ хүүг мэддэг хүний хувьд орон нутгийн сонгуульд дэмжинэ. Нутгийн олноо ч бас дөрөөнд нь сүү өргөөсэй гэж хүсэх байна.