Н.ЛХАГВАДОРЖ: УРТ ХУГАЦААНЫ ЗОГСОШГҮЙ ҮЙЛ ХЭРГИЙГ БҮТЭЭЖ, НУТАГ УСАА ХӨГЖҮҮЛЭХ НЬ МИНИЙ ЗОРИЛГО
Сум орон нутгийнхаа хөгжилд өөрийн бие сэтгэлээ зориулан ажилласан дөрвөн жилээ та хэрхэн дүгнэх вэ?
Надад итгэж манай баг хамт олныг дэмжиж саналаа өгсөн нийт Эрдэнэмандалчууддаа юуны өмнө талархал илэрхийлье. Цаг хугацаа маш хурдтай өнгөрсөн байна. Нэг мэдэхэд дараагийн ээлжит орон нутгийн сонгууль хаяанд иржээ. Өнгөрсөн 4 жил олон хүндрэл бэрхшээл сорилттой нүүр тулсан жилүүд болж өнгөрлөө. Залуу хүний хувьд туршлагажсан, хийж бүтээхийг хичээсэн 4 жил болж өнгөрлөө.
Давхар аймгийн ИТХ-д нутаг усаа төлөөлөн сонгогдсон төлөөлөгч байна гэдэг олон давуу талтай байх. Онцолбол?
Аймгийн иргэдийн хуралд итгэл хүлээлгэж сонгосон нутгийн түмэндээ бас дахин талархал дэвшүүлье. Аймгийн ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллалаа. Аймгийнхаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай танилцах, мэдээлэл олж авсан, АИТХ-р тойргийнхоо асуудлыг шийдвэрлүүлэх гээд олон ажлыг амжуулсан жилүүд байлаа.
Хамгийн их сэтгэлээ чилээж хийж, бүтээсэн онцлог ажлуудаасаа тодруулаач?
Засаг даргын хувьд санаа зовдоггүй чухалгүй ажил гэж бараг байдаггүй юм байна. Яахав онцлох томоохон гэж хэлж болохуйц хэдэн ажил дурдъя.
Нэгдүгээрт: Анх 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Ардчилсан нам олонхи болж, анх ажлаа авч байхад сумын төвийн нэгдсэн халаалтын систем ихээхэн доголдолтой, хөлдөх эрсдэлд орсон нөхцөл байдалтай нүүр тулсан. Сумын халаалтыг Өвөрхангай аймгийн Хангайн Илч дулаан ХХК-ий салбар болох “Эрдэнэмандал дулаан” нэртэй хувийн компанид 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байсан. Уг асуудлыг 2020 оны 12-р сарын 18-ны сумын анхны ИТХ-д 50 жилийн хугацаатай эрх ашгийн зөрчилтэй байж болохуйц, илтэд нэг талын эрх ашгийг хангасан тухайн гэрээг танилцуулж байсан. Үүний дагуу тус компани руу ажил сайжруулах тухай албан бичгүүдийг удаа дараа явуулахад үр дүн гараагүй тул ИТХ-р асуудлыг дахин оруулж тус гэрээг цуцласан. Үүний хариуд тус компанитай 3 шатны шүүхээр заргалдаж, 2023 оны 5-р сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр манай сум ялж байлаа. Сумын ИТХ-ын 2021 оны 9-р сарын 03 ны өдрийн шийдврээр Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц ОНӨААТҮГ-г байгуулж, одоогоор тус байгууллагын үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж байна. Үүний үр дүнд сумын төвийн халаалт, цэвэр бохир ус, ариутгах татуурга, зам талбай зэрэг үүрэгт ажлуудыг хариуцсан есөн хүнийг шинэ ажлын байраар ханган амжилттай ажиллаж байна. Тус үйлдвэрийн газар нь цэвэр ус, ариутгах татуургын тусгай зөвшөөрлийг Монгол улсын Усны зохицуулах газраас, дулааны тусгай зөвшөөрлийг Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тус тус хуулийн дагуу авч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Хоёрдугаарт: Анх 2016 онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байсан “Сумын Үйлдвэрлэл Технологийн парк”-ын Махны үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжүүдийг аймаг сумын ОНХСангийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг эхлүүлж, урт хугацааны гэрээгээр худалдан авч 2024 оны 1-р сард Эрдэнэмандал сумын ЗДТГ-ын хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээд байна. Улс төрийн гурван удаагийн сонгууль дамжин яригдаж байж суманд баригдсан ганц үйлдвэрээ ашиглалтанд оруулах бүхий л боломжийг судлаж байж шийдвэрлэсэн. Одоогоор эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар зогсонги байдалтай байгаа ч цаашид эргэлтийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэгдэж үйл ажиллагаа жигдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Тус үйлдвэр нь 100 жилийн түүхтэй Эрдэнэмандал сумын хувьд анхны томоохон үйлдвэр юм. Цаашид олон иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж, малчдын мөнгөн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж харж, хүлээж байна. Энэхүү үйлдвэрт эхний хөрөнгө оруулалт болж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төсөлтэй хамтран дайвар бүтээгдэхүүний цехийн тоног төхөөрөмжийг худалдан авах ажил үргэлжилж байна.
Гуравдугаарт: НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Унаган байгалын хүлцэл тогтворжилтыг хангах нь” төсөлтэй хамтран Бөхөн шарын нурууны орон нутгийн тусгай хамгаалалтай газрын харьяанд байгуулагдаж байгаа Пассив хаус, бугын аж ахуй зэрэг төслүүд амжиллтай хэрэгжиж байна. Пассив хаус нь нарны сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан, дулааны алдагдалгүй, ОО, душтай, хурал хийх зориулалт бүхий цомцог гэртэй, интертнет орчинтой, жилийн 4 улирал үйл ажиллагаагаа явуулах боломжтой учраас цаашид аялал жуулчлалын томоохон төв болгох зорилготой юм.
Түүнчлэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд Хануйн гол дээр Тээл, Эрдэнэ-уул багуудад жижиг оврын модон гүүр 2-ыг, бусад багуудад 6 ш жижиг модон гүүрийг барьж ашиглалтанд оруулжээ. Энэ нь иргэдийг аюулгүй зорчих, гол усны үер, шавар намгаас болж эд хөрөнгөөрөө хохирдог байсныг шийдвэрлэж чадсан гэж бодож байна.
Хан-Өндөрийн Тахилгын рашаанд шинээр 7 амрах байр тохижуулж ашиглалтанд оруулсан. Энэ нь нутгийн ард иргэдийг нутагтаа ирээд ая тухтай амрахад нь орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж ойлгож байна.
Мөн Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаяр генералын идэвхи санаачлагаар Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, Эрдэнэмандал суманд Архангай аймгийн хойд бүсийн Онцгой байдлын авран хамгаалах анги байгуулах түүхэн шийдвэр 2024 оны 5-р сард гарч, одоогоор ажиллах хүчнээ бэлтгэх, сургах, дадлагажуулах ажил явагдаж байна. Энэмэтчилэн дурьдвал нилээдгүй ажлыг хийж хэрэгжүүлсэндээ.
Аливаа ажил тодорхой хугацаанд үргэлжилдэг. Таны хийж бүтээж буй төсөл хөтөлбөрөөс ирэх жилүүдэд үргэлжлэх, үр дүнг тооцох ажил юу байгаа вэ?
Бидний санаачилж хэрэгжүүлж буй ажлууд бүгд урт хугацаанд үр өгөөжөө өгнө гэж боддог. Жишээлбэл: Дээр дурьдсан Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц ОНӨААТҮГ, Махны үйлдвэр, Пассив хаус, бугын аж ахуй зэрэг нь бүгд л орон нутагтаа олон жил үр өгөөжөө өгч, иргэдийг ажлын байраар хангаж, цаашид аялал жуулчлал хөгжих нөхцөл бүрдлээ гэж үзэж байна.
Эрдэнэмандал сумын хөгжил хаанаас эхлэвэл зохилтой вэ?
Эрдэнэмандал сумын эдийн засаг нь мал аж ахуйн салбар дээр тогтдог. Өнгөрсөн жилийнх шиг зуд давтагдвал ямар ч баталгаагүй гэдгийг бүгд ойлгож мэдэрлээ. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх ямар боломж байгааг нэн тэргүүнд судлах хэрэгтэй. Мөн аялал жуулчлалын салбараас малчид өндөр орлого олох боломж байна гэж харж байна. Эрдэнэмандал сум маань Монгол улсын аялал жуулчлалын 2 дахь том маршрутад орсон учраас Дэлхийн төв азийн нүүдэлчдийн төв музей баригдах боломж бүрдэж техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдаж байна. Мөн Эрдэнэмандал, Хайрханы нутагт орших “Гол мод – 1” Хүннүгийн үеийн язгууртны булшыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажил амжиллтай явж байна. Мөн Хархул хааны балгасны малтлагыг түшиглэж сургалт мэдээллийн төв байгуулах тухай яригдаж байна. Манай тойргоос сонгогдсон УИХ-н гишүүн П.Мөнхтулгын санаачлагаар Хайрхан - Эрдэнэмандал чиглэлийн хатуу хучилттай авто замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг хийлгэхээр 2024 оны Улсын төсвийн тодотголоор өнгөрөгч наймдугаар сард батлуулж чадсан байна. Тэгэхээр тун удахгүй Эрдэнэмандал сум хүртэлх хатуу хучилттай авто зам ашиглалтад орох боломжтой болж байгаа юм. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зочид буудлууд, ресторан, кофе шопууд шинээр барьж байгуулсаар байгаад баяртай байна. Жишээлбэл: Ханмөнх-аривжих ХХК- ны ресторан, буудал, кофе шоп, Иргэн О.Алаг-Уулын барьж буй 5 давхар Баянмандал орон сууц гэх мэт..
Хэтийн төлөвлөгөөний тань эхэнд юу багтаж байна вэ?
Сумаа хатуу хучилтай авто замтай холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээний байгууллагуудыг олноор нь бий болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах гээд л алсын зорилгууд их бий. Сумандаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, ард иргэдээ амьдрах таатай орчин нөхцөлөөр хангаж, ажлын байрыг бий болгож буй аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжиж хамтарч ажиллана гэж төлөвлөж байна.
Улс төрч хүн байна гэдэг таны хувийн зарчимтай зөрчилдөх тохиолдол байхуу?
Мэдээж байдаг. Менежер буюу удирдах ажил хийх тийм амар ажил биш. Ялангуяа шударга занг эрхэмлэдэг, хаана ч үгээ хэлэх гээд байдаг над шиг хүнд заримдаа их төвөгтэй санагддаг. Надад таалагдахгүй байна гээд хэлж болохгүй, аль болох тал бүрийн эрх ашгийг хангах гээд асуудалтай зүйл их тохиолддог шүү. Юуг ч буруугаар хийгээгүй байж муу хэлүүлэх, хардагдах, тэрнийхээ учрыг тайлбарлах боломж одлохгүй байх гээд асуудал хүндрэх тохиолдол байнаа байна. Ер нь олон зүйл санаачилж эхлүүлэх тусам хэл ам, асуудал их дагадаг юм байна. Аливаа шинэ юм чинь алдаа дутагдал гарна. Ялангуяа суманд боловсон хүчний нөөц бага байдаг учраас ажил аваад явах хүн ховор байдаг. Заримдаа ч олон юм бодохгүй чимээ багатай амьдрах сайхан санагддаг шүү.
Залуу, туршлагатай боловсон хүчний хувьд таны хийж бүтээх цаг үе одоо ирж байна гэж харагддаг. Та цаашдын төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулж байна вэ?
Зам дагаж хөгжил гэдэг. Хайрхан Эрдэнэмандал чиглэлийн 45 км авто замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, ашиглалтад оруулахад онцгойлон анхаарах, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулсан төсөл санхүү, хөрөнгө оруулалтуудыг үе шаттайгаар санаачлан, хэрэгжүүлнэ. Ингэснээр Эрдэнэмандалчууд мал аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээнээсээ орлогоо бүрдүүлэх бүрэн боломжтой. Миний хувьд дээр дурьдсанчилан нутаг усанд минь үр өгөөжөө өгч, урт хугацааны туршид зогсошгүй үргэлжлэх үйл хэргийг бүтээхийг нэн тэргүүнд зорьдог. Аливаа ажил урт хугацаанд үр өгөөжөө өгөх нь санаачлага, төлөвлөлт, гүйцэтгэл гээд бүх зүйл цэгцтэй байхыг шаарддаг. Тиймээс бид бүхний санаачилсан ажлууд нутаг орны хөгжилд хувь нэмэр оруулж, ажлын байруудыг тогтмол нэмэгдүүлж ард иргэдийн амьжиргааны эх үүсвэр болж чадаж байвал бид бүхний зорилго биелэж байна гэж ойлгодог.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Улс төр2024-10-09 | 20:17:00