Ш.ЛХАГВА: Зөв төлөвлөсөн шаргуу хөдөлмөр бол зогсошгүй хөгжил юм
Тө өөрийнхөө давуу талыг манай уншигчдад сонирхуулаач?
- Хүн болгонд өөрийн гэсэн давуу тал байдаг. Өөрийн давуу талаа амжилт болгож чадсан нэгэн өөрийн байр сууриа хэдийн олсон байдаг. Миний хувьд төлөвлөсөн ажлаа нэдүгээрт тавьж түүнийгээ хийж дуусгаж байж санаа амардаг. Аливаа ажлыг хувь, хувьсгалын гэж ялгалгүй, хичээнгүй хийгээд ард нь гарах дуртай. Цагийг дэмий үрэх дургүй, өөрийн гол зорилго, санаж зорьж буй зүйлийнхээ төлөө л зориулдаг.
Таны хувьд амжилт гэж яг юу вэ?
- Зөв тэмцэл, зөв хөдөлмөр, хамтын хүч бол амжилт. Дан ганц би хөдөлмөрлөөд амжилт олно гэж байхгүй учраас би баг хамт олноо хамгийн ихээр анхаардаг. Худалдаа үйлчилгээний байгууллагыг удирдаж, бизнесийн салбарт 24 жил ажиллаж байгаагийх олон зүйлийг анхаарч, төлөвлөж ирсэн. Манай салбарт дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй, амьдралд хөл тавьж байгаа залуучууд ихээр орж ирдэг. Эдгээр залуучуудад зөвлөж, зааж сургаж, амьдралд хөлөө олоод явахыг харах миний хувьд амжилт байдаг. Харин би улстөрд ороод 17 жил боллоо. Зөв тэмцэл гэдэг улстөр, бизнесийн хувьд байх ёстой зарчим. Зөв тэмцлийн үр дүнд жинхэнэ хийж бүтээхийг зорьсон улстөрч төрөн гарна гэж хувь хүнийхээ хувьд дүгнэдэг.
Таны хэтийн төлөвлөгөөний эхэнд юу байна вэ?
- Нийгмийн хариуцлагын чиглэлээр ажиллах нь миний нэн тэргүүний зорилт. Улс төр, бизнесийн салбарт 20 гаран жил ажиллахдаа нутгийн өөрөө удирдах ёсны чиглэлээр мэргэшиж, төрийн захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль төрийн захиргааны удирдах ажилтны сургууль, курс төгссөн. Мөн энэ чиглэлээр багийн засаг даргаас авахуулаад аймгийн хурлын нарийн бичгийн дарга хүртэл албан тушаалуудад ажиллаж байлаа. Бизнесийн хувьд 2000 оноос эхлэн жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга байгууламж, ресторан зоогийн газар гээд нэлээдгүй олон жилийн хугацаанд ажилласан. Иймээс би өөрийгөө ажил амьдралын туршлагыг арвин их хуримтлуулсан хүн гэж боддог. Мэдээж бизнес эрхлэгч хувь хүнийхээ хувьд нутаг орныхоо өмнө нийгмийн хариуцлагаа хүлээн нилээдгүй зүйлд анхаарч, бусадтай хамтарч ажиллаж байсан. Гэхдээ одоо улстөрч хүний ухаанаар нутаг орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөгжүүлэх тал дээр зорьж ажиллахыг төлөвлөж байна. Үүнд ч өөрийгөө туршлагатай гэдэгт итгэж байгаа.
Аймгийн ИТХ-д нэр дэвшиж байгаагийн хувьд та цаашид юунд илүү төвлөрч, зорьж ажиллах вэ?
- Мэдээж сонгогч олныхоо итгэлийг олох тал дээр гол анхаарлаа төвлөрүүлнэ. Батцэнгэлчүүдийхээ өмнө тулгамдаж буй ажлаас хурдацтай хийж эхэлнэдээ. Гол нь цаг хугацаа, хөгжлийн гол үндэсээ зөв тодорхойлох нь чухал.
Батцэнгэл сумын хөгжлийн гол тулгуурыг юу гэж хардаг вэ?
- Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь иргэдийн амжиргааны түвшинг нэмэгдүүлэх хөдөлмөрлөх боломжийг нээж өгөх давуу талтай. Мөн малын гаралтай түүхий эдийг боловсруулах, үнэд хүргэх, бизнесийн харилцаа холбоог сайжруулах нь хөгжилд хөтөлнө гэж хардаг.
Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж явдаг зүйл?
- Ард иргэдийнхээ чин сэтгэлээсээ хүсээд байгаа зүйл юу вэ гэдгийг би хайж байна. Юуг хүсч, юу хэрэгтэй байгааг харалгүй зүгээр нэг бүтээн байгуулалт, биет зүйлийг би хөгжиж байна гэж хэлэх дургүй. Аливаа зүйл үргэлжлэх, үр шимээ өгөх учиртай.
Тийм шүү, хийж бүтээхэд цаг хугацаа, үргэлжлэл чухал байдаг. Таны хувьд зогсошгүй хөгжил гэж юуг хэлэх вэ?
- Зөв төлөвлөсөн шаргуу хөдөлмөр бол зогсошгүй хөгжил юм. Би их зөвд уриалах дуртай хүн шиг байгаа юм. Гэхдээ бурууг мянга төлөвлөөд амжилт олохгүй шүү дээ.
Бизнесмэн, улстөрч хоёрын хооронд зөрчилдөх болон давуу талаа болгох зүйл байдаг уу?
- Улс төр, бизнес хоёрын аль алиныг нь туулж буй 20 жилийн туршлага надад байна. Гагцхүү хувь хүн зөв сэтгэлтэй байх нь давуу талыг бий болгоно. Зөрчилдөх зүйл юу байхав. Нөгөө л зөв буруугийн ялгаа л зөрчилдөөн үүсгэнэ шүү дээ. Түүнийг дэнсэлж явах нь чухал.
Та өөрийн бага насаа дурсаач?
- Би найман нас хүртлээ аав ээжийнхээ энгэрт өсөж, Батцэнгэл сум, Баян-Уул багийн бага сургуульд суралцаж, А үсгийг минь заасан анхны багшийг маань х.Цэрмаа гэдэг. Ахлах дунд ангидаа Сэлэнгэ аймаг, Архангай аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулиудад шилжин суралцсан. Ер нь би багаасаа л хал үзэж, хашир суусан хүн. Их сургуулиа дүүргэж ирээд төрсөн нутгаасаа ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, өдгөө өөрийн зарчмаар хөдөлмөрлөж явнадаа.
Таны амьдралдаа баримталдаг зарчим?
- Зөв хандлага, үнэн зарчим. Өөрийн зарчмаасаа хэзээ ч хазайлгүй алсыг харж явах нь миний үнэн түүх гэж би боддог. Залуус дүү нартаа ч бас хувь хүний зарчмаа алдалгүй хөдөлмөрлөж явахыг захьдаг. Эзэн хичээвэл заяа хичээдэг шүү дээ.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Улс төр2024-10-09 | 20:34:04