О.БИЛЭГ-ӨРНӨХ: ХУВИЙН ЭРХ АШГИЙГ БИШ НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ АЖИЛЛАХ НЬ ХӨГЖИЛД ХӨТӨЛНӨ
Бидний урилгыг хүлээн авч, ярилцаж буй таньд баярлалаа. Та Жаргалант нутгийн унаган хүү юу, өөрийгөө танилцуулаач?
Тэгэлгүй яахав. Миний өвөг дээдэс аав, ээж минь бүх үеэрээ энэ нутагтаа амьдран сууж байна. Миний төрж өссөн нутаг. Аав ээж маань бага залуу наснаасаа нэгдэл нийгэмд ажиллаж амьдарч ирсэн. Жаргалант нутаг минь модны үйлдвэрлэл, гэрийн мод, эмээлийн цагаан модоороо онцлог давуу талтай сум. Тиймдээ ч бидний үеийн хүүхдүүд уулын модонд мод бэлтгэж өсдөг байлаа. Би ч мөн адил нялх бага наснаасаа аав, ахыгаа дагаж ойл сүх барьж өссөн. Аав минь уран гарт мужаан хүн. Залуу насандаа эмээлийн цагаан мод, сийлбэртэй гэрийн мод хийж нэгдэл нийгэмд насаараа ажилласан. Сүүлд сумын орлогч даргаас тэтгэвэртээ сууж, нутаг орондоо Оюунтан дарга гэж хүндлэгдсэн сайхан буурал бий. Би гурав дахь үеийн нягтлан, эдийн засагч хүн. Өвөө минь тоо бүртгэгч, ээж минь нэгдлийн нягтлангаас эхлээд сум орон нутгийнхаа санхүүгийн бүхий л байгууллагууд гээд эмэгтэйчүүд, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад насаараа ажиллаж гавъяаны амралтандаа суусан. Манай гэр бүлийн хүн бас Эдийн засагч, багш мэргэжилтэй. Одоо Оюун ухааны академийн Архангай аймаг дахь салбарын эрхлэгчээр ажилдаг. Ханийг минь Батөлзий овогтой Мөнхжаргал гэдэг. Бид хүү охинтойгоо ам бүл дөрвүүлээ аж төрж байна даа.
Аймгийн ИТХ-д нутаг усаа төлөөлөн сонгогдсон төлөөлөгч хүний хувьд өнгөрсөн хугацааг хэрхэн дүгнэх вэ?
Өнгөрсөн хугацаанд Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас иргэдийн эрүүл мэнд, ажил алба, өрхийн орлого санхүү амьдралын чанарт гүн гүнзгий нөлөөлсөн жилүүд байлаа. Мөн малчдын хувьд өвөлжилт хүнд орсон мал хуй ихээр хорогдсон зэрэг хүндхэн жилүүд өнгөрсөн. Төлөөлөгчийн хувьд төр иргэний холбох гүүр гэж ойлгодог. Энэ үүргийнхээ дагуу аль боломжоороо хичээж ажилласан. Харин цар тахлын дараа бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, төлөөлөгч хүний хувьд нутаг орондоо аливаа төсөл хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд яарч ажилласан жилүүд байлаа. Төр засаг, албан хаагчид, иргэд гээд бүгд л хичээсний үндсэнд хүндхэн цаг үеийг хамтдаа давсан гэж харж байгаа.
ИТХ-ын төлөөлөгчийн эрх үүргийг та хэрхэн тодорхойлох вэ?
Иргэдийнхээ төлөөлөл байна гэдэг нь асар их үүрэг хариуцлага гэж ойлгодог. Төр иргэнийг холбох нэг ёсондоо гүүр нь юм. Мөн иргэдээ төлөөлж, санал хүсэлтийг уламжлах, Аймгийн ИТХ-аар батлуулах, хэрэгжүүлэх эрх бүхий этгээд шүү дээ. Эрх, үүрэг тодорхой хэдий ч энэ алба бол нэлээд сэтгэл зүтгэлтэй хүн хийх ёстой гэж боддог. Тиймдээ ч ард олны итгэлийг алдахгүйг хичээдэг дээ.
Жаргалант сумын хувьд байгалийн үзэсгэлэнт газар, байгалийн ашиг шимээрээ өндөрт бичигддэг сумдын нэг. Үүнийг сумын хөгжилд зөв зохистой захиран зарцуулахын тулд хамгийн эхний алхам нь юу байх вэ?
Байгалийн дагалдах баялаг болох самар, жимс бол шавхагддаг нөөц баялаг. Тэгэхээр хүн бүр байгаль орчноо хайрлан хамгаалж зөв зохистой харьцах явдал юм. Самрын давсан орлого жил бүр бусад сумдтай харьцуулбал маш өндөр хуваарилагддаг юм билээ. Үүнийг хуулийн дагуу байгаль орчин нөхөн сэргээх ажилд зарцуулж, олон жил үр өгөөжийг нь хүртэхийг эрмэлзэж байх хэрэгтэй.
Жаргалант сумын хөгжил хаанаас эхлэвэл зохилтой вэ?
Мэдээж манай сум өөрийн онцлогтой. Үзэсгэлэнт сайхан байгаль, байгалийн үр шим ихтэй, мал аж ахуй, өрхийн үйлдвэрлэл, тэр дундаа гэрийн мод, эмээл урлал нь эртнээс хөгжиж ирсэн. Манай сумын ард олон, тэр дундаа залуучууд энэ үнэт өв соёл, онцлогийг одоо ч хадгалсаар байгаад маш их баярладаг.
Мөн аймгийн төв болон Улаанбаатар хотоос алслагдмал сум шүү дээ. Тэгэхээр юун түрүүнд зам, тээвэр ложистик, дэд бүтэц маш чухал. Үүнд нэн тэргүүнд анхаарч эхлэвэл зохилтой гэж боддог. Үзэсгэлэнт онгон дагшин байгаль, байгалийн баялаг, хөдөө аж ахуй, өрхийн үйлдвэрлэлээ түшиглэх, аялал жуулчлалд тулгуурлан хөгжих боломжтой. Сумын иргэд гэдэг чинь хөдөлмөрч, бүтээлч, үйлдвэрлэгч байдаг шүү.
Ер нь бол миний бодлоор Улс орны хөгжил хувь хүний боловсрол, хөгжил, төлөвшил зэргээр хэмжигддэг гэж боддог. Тэр дундаа суурь хүмүүжил маш чухал. Ард иргэдийнхээ давуу талд тулгуурлан хөгжүүлэх боломжийг ирэх жилүүдэд илүү эрэлхийлнэ гэж бодож байгаа.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн онцлог ажлаа тодорхойлбол?
Ерөнхий боловсролын сургуулийн спорт заал Мэргэжлийн хяналтын шалгалтаар хичээлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, мөн хичээлийн байрны хувьд эвдрэл гэмтэл ихтэй хичээллэх орчин маш хүндрэлтэй байсан. Тийм учраас Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрт хандаж, хүсэлт гарган Ерөнхий боловсролын сургуулийн байр болон Спорт заалны бүтэн засвар хийлгэх санхүүжилт болох 760 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламжийг авч чадсан.
Мөн Жаргалант сумын төв хэсгээр хоёр гол урсдаг юм. Зун бороо ихтэй үед үерлэж, эргээрээ халиа үүсэн эрэг нь нурах, тэлэх зэрэг асуудлууд үүсдэг лдээ. Үүнээс улбаалан шар усны үер болох, тошин маш ихээр тэлэх, хүн мал эрсдэх, айлуудын хашаа нурах, зам харгуй нилдээ мөс болдог. Манай сум Байгаль орчны яамын судалгаагаар усанд автах эрсдэлтэй сумын тоонд ордог юм билээ.
Миний бие энэ тал дээр 2021-2022 онд дамнан судалгаа хийж, Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр үерийн далангийн ТЭЗҮ хийх зураг төсөв хийлгэн, магадлангаар батлуулсан. Цаашид энэ ажлыг хийлгэхээр УИХ-аар батлуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулахаар ажиллаж байна.
Мөн Аймгийн орон нутгийн хөгжлийн санд хандан Асайт, Хоолт, Зуслан багт багийн хөгжлийн төв шинээр бариулан ашиглалтад ороод байна. Хөгжил хаана ч байх ёстой шүү дээ. Багийн иргэдэд багийн хөгжлийн төв зайлшгүй шаардлагатай байсан.
Харин эрүүл мэндийн салбарын тухайд анхаарах асуудал нь 00 байсан. Тухайлбал өвчтөн гадаа модон жорлонд бие засдаг. Ахмад настан, бие хүнд эсвэл хүндэвтэр байгаа иргэд өвлийн улиралд халтирч унах, даарах зэрэг хүндрэлтэй байдаг юм билээ. Үүний үндсэнд аймгийн орон нутгийн хөгжлийн санд 100 сая төгрөг тусгуулж, цэвэр бохирийн системтэй болсон.
Жаргалант сумруу хүрэх зам бартаа ихтэйд тооцогддог. Гурван даваа давж ордог шүү дээ. 2023 онд давааны зам засварын зардалд зориулан 150 сая төгрөгийг мөн Аймгийн ОНХС-д суулгаж, засвар хийгдсэн байгаа. Энэ мэт ажлуудыг дурьдах байна. Ирэх жилүүдэд илүү олон ажил, санаачилга биднийг хүлээж байна даа.
Аливаа ажил тодорхой хугацаанд үргэлжилдэг. Таны хийж бүтээж буй төсөл хөтөлбөрөөс ирэх жилүүдэд үргэлжлэх, үр дүнг тооцох ажил юу вэ?
Ирэх жилүүдэд мэдээж маш олон ажил, төсөл арга хэмжээ үргэлжлэн хийгдэнэ. Жишээ нь үерийн далангийн ажил, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын ажил, цаашлаад иргэдийн санал санаачилга, хүсэл, хэрэгцээн дээр үндэслэн сумын удирдлагууд иргэдтэйгээ хамтран ажиллах шаардлагатай байгаа.
Таны хувьд Жамъяангарав гэгээнтний Хойт дүр Данзанжагварал гэгээнтэний удмын хүн. Нутгийн их соён гэгээрүүлэгч Бат сүзэгт бандида ханчин Жамъянгарав-ын үйл хэргийг дэмжиж, Аймгийн номын санг нэрэмжит болгосон тухайгаа сонирхуулаач?
Улаанбаатар хотод Жамъянгарав судлалын академи байдаг. Тэнд эрдэмтдийн олон жилийн судалгаа, туурвил бүтээлүүд гарсан байгаа. Тэр эрхмүүд болон Аймгийн ЗДТГ-ын ХҮШ-ний хэлтсийн дарга Жаргалант сумын уугуул Б.Лхагвасүрэн даргын хүсэлтээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Базардаргитай хамтран Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, Аймгийн номын санг Эрдэнэ мэргэн бандида ханчин хамба Жамъянгаравын нэрэмжит болгон батлуулсан түүхэн үйл явдал болсон. Үүгээрээ бахархаж явдаг даа.
Хувь хүн, улс төрч хүний хооронд хэдэн алхам зөрөх вэ?
Олон алхам бий гэж бодож байна. Нийтийн эрх ашгийн төлөө чин сэтгэлээсээ үнэт зүйл, үзэл баримтлалдаа үнэнч, ёс суртахуунтай байх ёстой. Зөвхөн хувийн эрх ашгийн төлөө дээрх зүйлсээс урваж байвал тэр хүн улс төрч биш. Өөрөөр хэлбэл хувийн эрх ашгийг биш нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах нь хөгжилд хөтөлнө.
Таны амьдралдаа баримталдаг зарчим, бодол санаагаа илэрхийлэх гол тулгуур чинь юу вэ?
Амьдралын зарчим бол өвөг дээдэс, нутаг орныхоо эрхэм дээд нэр хүндийг сэвтээх үйл үл хийх, шударга ёс зүйтэй, хэлбэр төдий биш агуулга дээр тулгуурлаж, зөв амьдрахыг хичээж явдаг. Бодол санаагаа илэрхийлэхийн гол тулгуур бол үйлдлээрээ харуулах. Хий хоосон амлахгүйг л хичээдэг дээ.
Залуу боловсон хүчний хувьд таны хийж бүтээх цаг үе одоо ирж байна гэж харагддаг. Та цаашдын төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулж байна вэ?
Би одоо 42 настай. Энэ нас бол хүний амьдралын хувьд ид хийж бүтээх, тодорхой амьдралын туршлага суусан, боловсорсон, хувь хүн гэр бүлийн хувьд төлөвшсөн нас гэж боддог. Цаашид өнгөрсөн хугацааны туршлага мэдээлэл, орон нутгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан УИХ-ын гишүүн болон аймаг, сумын удирдлага, иргэдтэйгээ хамтран олон зүйл төлөвлөн ажиллаж байна. Дээр дурдсанчлан томоохон төсөл арга хэмжээнүүд болох сумын төвийн доторхи хатуу хучилттай авто зам, үерийн далан, Хоолт багт Эрүүл мэндийн төвийн барилга, эмч сувилагчийн амьдрах орчин, цалинг төсөв суулгуулах, Чулуут гол дээр гүүр барих, гурван давааны зам засвар, сумын төв болон багуудад бизнесийн байгууллагууд, Гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран сэргээгдэх эрчим хүчтэй болох зэрэг ажлуудад гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Улс төр2024-10-09 | 20:41:31