ТӨРЖ ӨССӨН ТӨРӨЛХ НУТГИЙНХАА ТҮҮХЭН ХӨГЖИЛД БАГА Ч ГЭСЭН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫН ТӨЛӨӨ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭЖ ИРЛЭЭ
Таныг ааваар тань овоглохоос гадна Өлзийтийн бор Гомбоо гэх нь бий.
Хүн бүрийн нэрний өмнө мөнхөд дуудагдах овог бол аавын нэр. Миний аавыг Цэндийн Пүрэвжав гэж 80 хүрсэн өндөр настан байгаа. Ээж бурхан болсноос хойш аав маань манайд амьдраад 15 жил болж байна. Манай аймгийнхан намайг Өлзийтийн бор Гомбоо гэж дуудаад олон жил болж байна аа /инээв/
Гэр бүлийнхээ талаар товч танилцуулаач?
Миний ханийг Х.Дэлгэрмаа гэдэг. Боловсролын салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Бага ангийн багш, дуу хөгжмийн багш мэргэжилтэй одоо Боловсролын газарт бага боловсролын сургалт хариуцан ажиллаж байгаа. Манайх 3 охинтой. Том охин Г.Сэржмядаг гэр бүлийн хамт Австрали улсад сурч, ажиллаж амьдардаг. Охин маань саяхан “Central Queensland" их сургуулийг мастерийн зэрэгтэй төгслөө . Дунд охин Г.Хулан оюутан болж МУБИС-ийн англи хэлний багшийн ангид элсэн орлоо. Бага охин Г.Эрмүүн 7р ангид сурч байна. Айлын бага адтай гэдэг дээ. Бага охин маань урлаг спортод их дуртай. 2020 онд Үндэсний үсэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шилдэг 8-д шалгарсан. Энэхүү тэмцээн нь арван мянган монгол үгийн зөв бичгийн дүрмийг тогтоож ордгоороо онцлогтой. Эрмүүнээ маань 2022 онд Турк улсад зохиогдсон өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах ЗУУН буудалт даамын тэмцээнээс ХҮРЭЛ медаль хүртэж эх нутгийнхаа нэрийг гаргаж элгэн садан ээж, ааваа баярлуулсан сайхан үйл явдал болсоон. 2024 онд Ази тивийн аварга шалгаруулах ЗУУН буудалт даамын тэмцээнд шагналт IV байранд орсон.
Төрийн хар хүний ажлын гараагаа та хэрхэн эхэлж байв? Ажиллах хугацаандаа сум орон нутагтаа санаачилсан, дэмжиж уламжилсан шийдвэрлүүлсэн, томоохон ажлуудаасаа дурьдвал
Анх 1996 онд хувиараа бизнес эрхэлж байхдаа Хөшөөт багийн Засаг даргад нэр дэвшин томилогдож төрийн ажлын гараагаа эхэлсэн. Үүнээс хойш 22 жил төрийн албанд ажиллаж төр түмний төлөө өөрийн өчүүхэн мэдлэг оюунаа зориулж ирлээ.
Төрж өссөн төрөлх нутгийнхаа түүхэн хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахын төлөө сэтгэл зүрхний угаас хүсч мөрөөдөж амьдралынхаа нэгээхэн зорилго болгон алдаа оноотой нь тэнцүүлэн зүтгэж ирсэн нь надад оногдсон нэг талын хувь тохиол юм гэж боддог.
Нөгөө талаас аав ээж хоёр маань надад нийгэмд биеэ зөв авч явж өөрийнхөө ажил амьдралд эзэн болох ухаан, аливаа зүйл тууштай байх зарчим, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх зөв хүмүүжлийг суулгаж өгсөн нь үүнтэй холбоотой байх.
Хорин хэдхэн настай залуу хамт олноосоо, ахмадуудаасаа суралцах зүйл их байсан нь мэдээж.
1997 оны 1 сард Хөшөөт багийн Засаг даргаар ажиллаж байх үед өндөр настан В.Чимэдбазар гуай сумын удирдлагуудыг гэртээ урьж Өөлдийн Алтанзуу бурхныг сэргээн бүтээх бодолтой байгаагаа хэлж сум орон нутгийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгасан. Энэ үед бидний зүгээс зохион байгуулалт болон бусад ажилд дэмжихээ илэрхийлж бурхан бүтээхэд анхны хандивыг цалингаасаа өргөж байв.
2000 -2008 онуудад сумын орлогч, сумын Засаг даргын албыг хаших хугацаанд төсвийн нөөц боломж бага байсан хэдий ч эрүүл мэнд, боловсрол соёлын салбарын байгууллагуудад хөрөнгө оруулалт засвар тохижилт хийх зэрэг сум орон нутгийн өмнө тулгамдсан хуримтлагдсан асуудлуудыг аймаг болон дээд шатны байгууллагуудын дэмжлэг хамтын ажиллагаа, төсөв хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шийдвэрлэж байсан.
Тухайлбал:
2001 онд улсын төсвийн хөрөнгөөр хүн эмнэлгийн болон ЗДТГ ын авто машинд парк шинэчлэлт хийж, төрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хөдөөгийн иргэдэд шуурхай хүргэх алхам хийж байв.
2002 онд Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн санхүүжилтээр 1975 онд баригдсан 75 ортой хүүхдийн дотуур байрыг шинэчлэн засварласан нь төсөв хөрөнгө хомс байсан тухайн үедээ томоохон ажил болж байлаа.
2007 онд сумо бөхийн их аварга Асашьёро Д.Дагвадоржийн дэмжлэгээр Монгол улс дахь Японы элчин сайдын яаманд хүсэлт тавьж Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 110 мянган америк долларын хөрөнгө оруулалтаар сургуулийн хичээлийн байрын барилгад их завсарын ажил хийлгэж байсан.
2008 оны 6 сард тухайн үед Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр манай суманд ажиллах үед сургуулийн хамран сургалтыг нэмэгдүүлж сурагчдын сурч амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд шинээр дотуур байрны хэрэгцээ шаардлага байгааг уламжилж өнөөдрийн 110 хүүхэд амьдрах дотуур байрыг барих хөрөнгийг шийдвэрлүүлж тухайн жилийн намар барилгын ажил эхэлж сургуулийн 80 жилийн ойн өмнө ашиглалтад орж байсан байна.
Нутгийн зон олон чинь танд итгэл хүлээлгэж аймгийн ИТХ-ын хуралд хэд хэд сонгосон. Төлөөлөгчийн хувьд та хэрхэн ажиллаж байна?
2000 онд сумын ИТХ ын төлөөлөгчөөр анх удаа сонгогдож байсан бол 2004 оноос сонгогч олныхоо итгэлийг хүлээн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Иргэдийн хурлын төлөөлөгч бол төр ард түмнийг холбож байгаа гүүр юм. Орон нутгийн иргэд, байгууллагын өмнө тулгамдсан асуудлыг хүлээн авч шийдэх үүрэгтэй. Хэдийгээр бүх асуудлыг ганцаараа шийдвэрлэх төсөв санхүү, нөөц боломж хязгаарлагдмал ч гэсэн шат шатны эрх бүхий байгууллага, хүмүүст уламжлан хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг аймгийн төсөвт суулгуулж хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ иргэд, сонгогч олныхоо захиас даалгаврыг нь биелүүлэх орон нутгийнхаа хөгжил, зон олныхоо ахуй амьдралд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж хичээн ажиллаж байна.
Нутгийнхаа ахмадууд, хүүхэд залуучууд төсөвт албан байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй салбар чиглэл бүрээр идэвхтэй хамтран ажиллалаа. Ахлах ангийн сурагчдын дунд “Амжилтын буухиа” сагс, волейболын тэмцээнийг 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж, ЕБС-ийн сурагчдын дунд “Урлагийн наадам”, Ахмадуудуудаа алдаршуулах зэрэг арга хамжээнүүдийг санаачлан сургууль, соёлын төв, ахмадын хороотой хамтран дэмжлэг үзүүлэн зохион байгуулж байна
Сумын дэд бүтцийг сайжруулах эрчим хүчний шугамыг өргөтгөх, харилцаа холбооны сүлжээг нэмэгдүүлэх, нэгдсэн халаалтын зуухтай болгох, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэгт санал санаачлага гарган оролцлоо.
Мөн сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийн барилгыг засварлах, өргөтгөх, шинээр барих, орчин нөхцлийг сайжруулах, хөгжим техник хэрэгсэл, багаж хэрэгсэл компьютер ширээ сандал хүүхдийн тоглоом наадгайг шинэчлэх, хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх зэрэг сум орон нутгийнхаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хөгжил дэвшилд чиглэсэн бүхий л ажил арга хэмжээнд санал бодлоо тусган шийдвэрлүүлж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн өөрийн боломж бүхнээ дайчлан хамтран ажиллаж ирлээ.
2018-2019 онуудад орон нутгийн байгууллага, удирдлагуудаас ирүүлсан соёлын төвийн барилга , сургуулийн өргөтгөл барих саналуудыг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд уламжилж өнөөдөр тус барилгууд нь баригдсан байна.
2018 онд сумын ИТХ, ЗДТГ аас хувийн хэвшил болон орон нутгийн хөгжлийн сангийн хамтын хөрөнгөөр нэгдсэн халаалтын зуух, цэвэр усны цамхагийг шинээр байгуулсан нь орон нутагт хийгдсэн том хөрөнгө оруулалт болсон төдийгүй айл өрх, аж ахуй нэгж албан байгууллагуудын амьдрах ажиллах орчин нөхцөл сайжирсан үр дүнтэй ажил болсон. Энэ ажил одоо манай аймгийн зэргэлдээх сумуудад үргэлжлэн хийгдэж байна.
Үүнийг яагаад дурьдах болов гэхээр байгууллагууд нэгдсэн халаалтанд холбогдсоны дараа халаалтын талбайг бодох аргачлал, үнэ тарифанд өөрчлөлт орж сургууль цэцэрлэг соёлын төв гэх мэт төсөвт албан байгууллагууд дээр 2019-2022 онуудад халаалтын 720 гаруй сая хуримтагдан өр үүсэж нөхцөл байдал хүндэрсэн. Үүнийг аймгийн үе үеийн Засаг дарга М.Батжаргал, Б.Цэрэннадмид нартай хамтран төсөвт зохицуулалт хийж үе шаттай барагдуулж 2022-2003 онд халаалтын өрийг бүрэн дуусгасан.
2022 онд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх анги танхимын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн цэцэрлэгийн барилгаа өргөтгөх санал хүүхдийн цэцэрлэгийн удирдлага хамт олноос сүүлийн жилүүдэд байнга гарч байсан бөгөөд үүнийг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хүлээн авч зураг төсвийг нь хийлгэн, 2024 оны улсын төсөвт хөрөнгийг батлуулсан. Одоо 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил нь эхэлж байна.
Үүний зэрэгцээ аймгийн эдийн засагт голлох байр суурийг эзэлдэг Хүнс хөдөө аж ахуй хэмээх томоохон салбарыг хариуцан ажиллаж байсны хувьд аймгийнхаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ард иргэдээ эрүүл хүнсээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах зэрэг томоохон ажлуудад өөрийн хүч боломж мэдлэг оюунаа дайчлан ажиллалаа.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Улс төр2024-10-09 | 20:47:22