Номын булан

Д.ЛХАГВАСҮРЭН: УРАН ЗОХИОЛЫН НОМ УНШДАГ ХҮН СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ ХАМГИЙН САЙН ХҮН БАЙДАГ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Номын булан

2023-01-09 | 11:20:14

1. Номд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хамгийн чухал хэсэг байдаг шүү дээ. Та өөрийнхөө номын санг танилцуулаач?

-Би нэг том ажлын ард гарах бүртээ өөртөө ном бэлэглэдэг заншилтай болсон. Миний номын санд орчин цагийн хамгийн их уншилттай ихэнхи номнууд бий шүү. Ихэнхи номоо өөрөө уншчихсан, тэгээд харахаар ном бүхэн минь надад өөртөө итгэх итгэлийг өгдөг юм. Энэ номыг авахдаа би тийм том ажлын ард гарсандаа, би чадсандаа гээд л ном бүхэн минь түүхтэй. Ханын стенкээ нэг талыг дүүртэл номтой болчихжээ, одоо номонд зориулж жижигхээн номын булантай болохыг мөрөөдөж байна.

2. Анх уншихад номонд дуртай болгосон ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номнуудаа нэрлэвэл?

-Миний амьдралын үзэх үзлийг хамгийн их өөрчилсөн, намайг өнөөгийн энэ дүр бүтээлцсэн гэж гүнээ итгэн явдаг нэг ном байдаг юм. Тэр нь Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”. “Чи явна, би явна, цэцэг л үлдэнэ” гээд номын энэ хэсэг бол миний амьдралдаа баримталдаг зарчим гэх юмуудаа. Ер нь бид бүгд хэзээ нэгэн цагт буцна, гэтэл юу үлдэх вэ? Бидний хийсэн бүтээсэн л үлдэнэ. Тэгэхээр намайг орлоод үлдэх, нэг дурсаад ярих бүтээсэн зүйлтэй буцахсандаа гэж боддог юм. Хүмүүс ихэвчлэн хувь хүний хөгжлийн номыг ширээний номоороо сонгодогдоо, би бол энэ номоо л эргүүлж нэг хараад эрч хүч авдаг, эсвэл хааяахан хөнгөн гуниглаж бүхнийг эрэгцүүлдэг юм. Унших бүрт минь өөр өөр мэдрэмж, өөр өөр шинэлэг зүйлсийг анзаардаг. Хүн бүрийн дотоод ертөнцийг харахыг танихыг, мэдрэхийг хичээдэг юм энэ номноос авсан хамгийн том давуу тал минь юмуудаа гэж хардаг. Би нийгмийн ажилтан мэргэжилтэй, манай мэргэжлийн гол үндсэн зарчим эмпати байх юм. Үүнийг би энэ номноос хамгийн ихээр мэдэрч байлаа...

3. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ. Яагаад?

Уранзохиолын. Уран зохиолын ном уншдаг хүн сэтгэлийн боловсрол хамгийн сайн хүмүүс байдаг юм. Анзаараарай.

4. Дуртай зохиолчоо нэрлэнэ үү?

Дээр дурьдсанчлан Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Тодкосамсоны бичлэгийн хэлбэр сүүлийн үед бас их таалагдаж байна. С.Эрдэнэ гуай бүх зохиолд үнэхээр хайртай.

5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ. Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?

-Сүүлийн үед хамгийн их уншигдаж байгаа номыг болон шинээр гарч байгаа номыг сонирхоод л уншчихдаг юм. Номын тухай маш олон бүлгэмүүд байдаг шүүдээ тэндээс мэдээллээ авдаг.

6. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо танилцуулаач?

-С.Баярын 60 хоног жарны бутархай номыг уншсан. Бас л гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Дурьдатгал ном талаас нь харвал үнэхээр сайн ном шиг санагдсан. Тэр бичлэгийн хэлбэр нь их таалагдсан хэрэг. Одоо бидний үеийнхнээс тийм хэв маягаар, тийм үг хэллэгээр ийм төрлийн зохиол бичигдэхгүй байх гэж харуусч бодогдоод байгаа...

Бас нэг ном үнэхээр шаналгаж чадсан. Ма Жианы “Хэлээ гарга” гээд жижигхээн ном. Энэ ном бол үнэхээр хүнд зохиол бодох төдийд л уй гуниг, бодрол, цөхрөл мэдрэгдэж байна. Яримааргүй...

Одоо бол хүмүүсийн шуураад байгаа “Цагаан бороо” номыг эхлүүлчихсэн байна.

7. Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?

Ном бүхэн минь өөрийн түүхтэй. Би номоо хүнд маш их дамжуулж уншлуулдаг юм. Миний “Жаран цагаан хонь” /анхны хэвлэл/ одоогийн байдлаар хамгийн олон хүн дамжуулж уншсан 60 гаруй хүн уншиж, 3 аймаг дамнан уншигдаж, 1 удаа хил гарсан /инээв/. Надад маш том амжилт юм шиг санагддаг юм номын санд минь бүртгэлтэй хирнээ , тавиур дээр нэг хонож үзээгүй байхаа, тасралтгүй л дамжигдаад уншигдаж л байдаг юм.

9. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?

Үзэхийн хязгаар л юмуудаа, гунихдаа, баярлахдаа, хэцүү санагдвал, ер нь нэг тийм ойлгомжгүй мэдрэмжүүд зэрэгцээд яахаа мэдэхээ болих бүрт минь чиг гаргаж өгдөг юм.

10. Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар уншихыг эрхэмлэдэг вэ?

Цагаан бороо номыг М плас-аас аваад уншсан, сонссон үнэхээр явахгүй юм билээ. Тэгэхээр нь цаасан хэвлэлээр нь аваад овоо уншиж байгаа. Надад бол уламжлалт цаасан хэвлэл нь тохирох юм байналээ.

11. Номноос санал болгох эшлэл?

Миний цээжинд байдаг нэгэн шүлэг санаанд орлоо.

Толины өмнө /Л.Өлзийтөгс/

Үгүй дээ үгүй, энэ бол би биш

Үнэндээ надаас юу ч өөрчлөгдөөгүй

Өнөө л, зүүдэндээ үздэг далавчит морь

Өнөө л, зүрхнээсээ хэлдэг жигүүрт үгс

Салхитайд ч, бороотойд ч, би урьдынхаараа

Сайхан бүхэнд тэмүүлдэг хэвээрээ

Охин хэвээрээ, би хүүхдээрээ

Он жилүүдийн үүдэнд үргэлж ариунаараа

Надаас юу ч өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй

Найз минь энэ бол би биш

Намрын бурхадын санаандгүй таталсан дутуу хөрөг

12. Ном уншсанаар танд ямар дадал бий болсон бэ?

Хэцүү асуулт байна. Цүнхэндээ байнга ямар нэгэн уншиж амжаагүй номоо авч явдаг зуршилтай. Ном унш гэж байнга үглэдэг дадалтай. /инээв/ Хүмүүс самар ид гэдэг шдээ би бол ном уншаач л гэдэг юм. Бас яг баригдмал биш, хүссэн үедээ уншиж, хүссэн үедээ больдог. Олон ном уншаад өөрт чинь яг юу нь хэрэг болж байна вэ? Гэдгийг л ойлгох хэрэгтэй юм билээ би ч бас жилд тэдэн ном гэж зорилготой уншиж үзсээн, түүний дараа надад яг юу хэрэг болсон бэ? Яг ийм ямар дадал суусан бэ, гэхээр би хариулж чадахгүй байгаа юм. Нэг л зүйлийг ойлгосон миний унших дуртай уран зохиолын төрлийн номыг тэгж зорилго тавьж уншдаггүй юм билээ, утга зохиол тэгж хайрцганд ордоггүй бас багтдаггүй юм билээ.

13. Ном унших соёлыг дагаад өөртөө ямар соёл бий болгосон бэ? Ямар ач холбогдолтой гэж боддог вэ?

Номоо цэвэрхэн унших. Намайг дагаад хүүхдүүд минь ч бас номонд хайртай болж хүмүүжиж байгаад баярладаг. Миний жаахнууд их сахилгагүй ээ, гэхдээ ээжийнхээ номын санд бол хэзээ ч ойртохгүй шүү.

14. Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?

Хэхэ. Үзэхийн хязгаар гээд хэлчихвэл арай л уйтгартай санагдах байхдаа... Б.Баясгалангийн “Эдгэрэл” шүлгийн түүврийг номыг аваад явдаг юмуу? Сонирхолтой сонголт байна байх.