Э. ЦЭРЭНЖАРГАЛ: Хуучны зохиолчдын номыг эхлээд унш, тэгвэл аль цагт нь жинхэнэ ном эсвэл бизнес оршиж байсныг ойлгох болно.
1. Номд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хамгийн чухал хэсэг юм. Та өөрийнхөө номын санг танилцуулаач?
Юун түрүүнд ийм хөөрхөн ярилцлагадаа урьсанд талархлаа илэрхийлэн, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье дүүдээ.
Эхний асуултынх нь хувьд “номд дуртай” гэвэл нэг өөр хариулт, аа харин “номд хайртай” гэвэл бүр өөр хариулт гарч ирэх болов уу?
Миний хувьд ТҮҮНД маш их ХАЙРТАЙ юм.
Бидний үеийн залуус их хөөрхөн ш дээ. Миний л хувьд анх оюутан болох гээд Улаанбаатар хот руу явах даа хэдэн ном, дэвтрээ шар модон авдраар дүүргээд чирээд явж байлаа. Өө тэгээд л тэр муу шар авдар одоо болтол байгаа ш дээ. Тэр маань миний анхны номын сан байхгүй юу?
Түүнээс хойш ханьтайгаа учирлаа. Бид 2 чинь маш олон удаа нүүсээн. Нүүх бүртээ миний хэдэн ном бараг л хамгийн хүнд ачаа нь. Нүүдэл дунд бас зарим нэг нь дутчихнаа хэхэ.
За тэгээд албан ёсоор тусдаа гараад, өөрийн гэр орондоо нөгөө хүсэн хүлээсэн номын сангаа хоймортоо залсан даа.
Миний хөөрхөн номын санг миний санаагаар хань минь өөрөө хийж өгч байлаа. Одоо тэгээд бас багадаад байгаа. Нөгөө талын ханандаа хийлгэхээр захиалгаа өгчихсөн, нөхөртөө. J
2. Анх уншаад номонд дуртай болгосон ном? Амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номнуудаа нэрлэвэл?
Анх уншсан ном гэхээр нүдэнд бага нас минь үзэгдээд өнгөрөх нь аз жаргалын гормон ялгаруулаад сайхан шүү.
5 настайдаа бүх үсэгнүүдээ өөрөө сурчихаад анхны уншсан ном минь “Үүлэн бор” хэмээх Орос ардын зузаан, бор хавтастай ном байсан. За бараг тухайн үеийн хүүхэд бүр мэдэх байх шүү. Тухайн үе гэдэг нь 90 гаруй оныхон. Тэр үлгэр минь их ид шидтэй. Намайг тэгээд л өөртөө дурлуулчихсан. Түүнээс хойш “Хүүхдийн номын сан”-д бас дурлачихсан.
Гэхдээ эргээд бодохоор анхдагч шалтгаан нь миний эмээ 1-р сургуульд номын санч, тухайн үед эгч минь сурагч байсан, маш их ном уншдаг байсан санагддаг. Тэгээд магад эгчээсээ үлгэрлэл авсан болов уу?
За тэгээд хүүхэд насны номтой холбоотой нандин дурсамжууд их тод үлддэг юм байна. Тэгэхээр маш их сэтгэл хөдлөл, аз жаргалыг мэдэрдэг байсан болохоор тэр дурсамж арилчихгүй, хадгалагдаад үлдчихдэг байх нь.
Өсвөр наснаасаа харин хуучны зохиолуудаа их уншсан. С.Удвал “Их хувь заяа”, Ж.Пүрэв “Манан будан”, “Зүрхний хилэн” гээд санаанд тод үлджээ. Одоо ч хойморт минь заларсаар байгаа.
Номоос юу сурсан бэ гэхээр яг тийм ийм гээд хэлэх боломжгүй. Учир нь хүн бүрийн мэдрэмж өөр болохоор. Магад би ганцаараа байхдаа өөртэйгөө их ярилцдаг, тухайн цагтаа дүгнэлт хийдэг тийм төрлийн хүүхэд байсан юм. Номоос харин яг тэр хариултаа олоод авчхаж байгаа мэт төсөөлөгддөг байж. Тэвчээр, сонсох чадвар, бичих чадвар, ойлгох чадвар, олон талаас нь судлах, харах чадвар, хамгийн гол нь тууштай байдалд сургасан.
3. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
Яг энэ асуулт дээр ном сонирхож, уншиж эхлэх гэж байгаа, за уншаад эхэлсэн залуустаа өөрийн мэдэхийн хүрээнд ганцхан зүйл хатуухан зөвлөчихье.
Орчин үеийн гоё хавтастай, хувь хүний хөгжил, сайн муу нь мэдэгдэхгүй инфлүүсэр залуусын бичсэн, хэвлүүлсэн номд шуурч битгий аваач дээ. Хүн бүр өөр өөрийн онцлог амьдралаараа амьдарч ирчихээд гэнэт л хэн нэгний зөвлөгөөг дагаад шууд баяжаад эсвэл тийм ийм чадвар эзэмшчихдэг бол бүх залуус л сайн сайхан, мэдлэг боловсролтой, мөнгөтэй болоод л Монголын маань нийгэм гайхалтай болох бус уу? Яг чамд таарсан тохирсон уншаад л хөгжчихдөг ном гэж байхгүй. Гол нь юу гээч, чи л өөртөө эзэн байх ёстой. Хатуужилтай, шүүмжлэлтэй, дайчин, өөрийгөө олж хардаг.
Тиймээс магад та нарын мэдэх ч үгүй тэр ертөнцөд бичигдсэн хуучныхаа зохиолч нарын номыг эхлээд унш. Тэгвэл угаасаа аль цагт нь жинхэнэ ном эсвэл бизнес оршиж байсныг ойлгох болно.
Уучлаарай, хатуухан ч гэсэн миний туулсан туршлага энэ юм.
Тэгэхээр энд миний хуучны номд дурладаг харагдах байх. Тэр тусмаа түүхэн зохиолуудад их хайртай. Хайрлах бас нэг шалтгаан нь би тэндээс нэг ширхэг ч үгийн алдаа олдоггүй, монгол үгсийн сангийн гайхалтай сонголтууд, зохиолчийн зүрх тархинаас хамт асгарах тэр мэдрэмж, редакторын гайхалтай ур чадвар бүгдийг мэдэрдэг дээ.
4. Номтой холбоотой нандин дурсамжаасаа хуваалцвал?
Өө зөндөө. Би нээрээ ном уншихаас гадна багаасаа яруу найраг их сонирхдог байлаа л даа. Өөрөө хэд гурван шүлэг оролдчихдог санаатай. Тухайн үед модернист яруу найрагч Б.Галсансүх ид эрчээ авч байсан цаг даа. Түүний шүлгүүдэд зүгээр л уусчихдаг байлаа. Тэгсэн оюутны нэг жил манай сургууль дээр “Шүлгийн уралдаан” болоод, би чинь нөгөө гайхалтай хүнийхээ ритмд орчихсон хүн чинь тийм талын шүлэг бичдэг болчхож. Яагаа вэ, Бурхан чи битгий хуц аа гээд л айхтар шүлгүүдтэй дээ. Өө тэгээд ямартай ч эхний, дэд, гутгаар аль нь билээ дээ, нэг шагнуулсан байдаг шүү. Маш том урам зориг аваад л, өөрийгөө яруу найрагч шиг мэдрээд л нөгөө тайзнаас чинь бууж үзэж байгаа юм чинь.
Сайхан дурсамж шүү.
Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Номын талаарх мэдээллээ хаанаас авдаг ва?
Сүүлийн хэдэн жил амьдрал овоо гайгүй болсон юм уу эсвэл номын сантай даа онгироод ч тэр юм уу номд бүр цацаж байна аа. J
20-р зуунд хэвлэгдсэн анхны хэвлэлүүдийг л их цуглуулдаг болж. Хуучны ном ч одоо бас л айхтар үнэтэй болсон доо. Гэхдээ сайхан сайхан.
Хамгийн харамсалтай нь өөрт байсан хуучны номууд нэг мэдэхэд алга болчихсон байх талтай. Өөрөө өгөө мартдаг юм уу эсвэл хаячихдаг, хулгайлуулчихдаг хэхэ, ямартай ч ахиад эхнээс нь авч л байна.
Миний номын сангийн 2 тавиур нь түүхэн номоор дүүрсэн байдаг.
Номын талаарх мэдээллийн хувьд номтой холбоотой маш их групп байдаг. Тэндээс чадахаараа мэдээлэл авна, идэвхтэй байх гэж хичээх л юм. Ер нь тэгээд өөрөө л их судалдаг даа. Тухайн нөхцөлд миний мэдрэмж ямар ном уншмаар байгаагаа бас хэлнэ шүү дээ.
6. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж байгаа номоо хэлээч?
Сүүлд Эли Визел “Шөнө” хэмээх намтарчилсан бүтээлийг уншсан. Тэр ч ёстой айхтар ном байсан. Уйлуулж, огшоосоор, хэтэрхий азтай амьдарч буйдаа баярлаад л дуусгасан даа. Еврей хүний өөрийнх нь амьдралын түүх.
Аа одоо бол мэргэжлийн тал руу ном уншиж байна.
Ө.Ганзориг “Менежментийн психологи” гэдэг ном. Ер нь тэгээд сүүлийн үед аль ч салбарт сэтгэлзүй их чухал болж. Бид угаас хүн хоорондоо харилцдаг “Хүний нийгэм”-д амьдарч байгаа учраас. Мэргэжлээ сэтгэлзүй рүү чиглүүлж уншиж судалж байгаа юм аа.
7. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?
Монголын нууц товчоо шүү дээ. Нууц юм шүү дээ. Уншаад уншаад ойлгосон нь ховор байна даа хөөрхий. Хэдэн он цаг, хэдэн нэрстэйгээ л байна чааваас.
8. Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар уншихыг эрхэмлэдэг вэ?
Би шинжлэх ухаан, технологийн дэвшилд дуртай. Гэхдээ юм бүхний анхных нь үргэлж хамгийн гайхалтай нь байдаг. Хэдий алдаа дутагдалтай байлаа ч. Хүн мэдрэмжээрээ амьдардаг амьд амьтан. Ном гээч зүйл чинь өөрөө барьж, эргүүлж, үг үсэг бүрийг нь нүдээрээ харж, сэтгэлдээ сонсож, үнэрээс нь хүртэл таашаал авахаар тийм гайхалтай зүйл байхгүй юу? Өө бүр төсөөлөн бодох чадвараа хүртэл ажиллуулна. Эдгээр цөм бүрэн байж гэмээ нь ном уншсан гэх сэтгэл үлдэх бус уу? Би мэдэхгүй юм даа. Хүний өөрийн сонголт л гэх байх. Гэвч миний хувьд хэзээ ч цахим ном санал болгохгүй бас цахимаар ном уншихгүй.
9. Номноос санал болгох эшлэл.
Ө.Ганзориг “Менежментийн психологи” номоос нэг өгүүлбэр хэлье. Сайн санаж байгаагаа л. “Өөрийн сэтгэлзүйг ойлгохгүйгээр бусдыг удирдах тухай санах ч хэрэггүй”. Бас л сайхан хэлсэн байгаа биз.
10. Ном уншсанаар танд ямар дадал бий болсон бэ?
Өө тэгээд номын буянд олон чадвартай болжээ. Хамгийн гол нь өөрөө өөрийгөө олж хараад, өөртөө итгэлтэй байхыг надад санал болгож, түүнийг нь би өдий хүртэл хэрэгжүүлж яваа юм. Яагаад өөртөө итгэлтэй болсон гэж үү? Гэрэл асаая гэдэг дээ. Тархиндаа гэрэл асаасан байхгүй юу?
11. Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
Эзэнтэй арлын тухай л ном авч явах байх даа хэхэ.
Ядаж бүтэн оршъё л доо.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Номын булан2023-01-31 | 15:14:56