Номын булан

Ц.Цэрэнбалжид: Миний номын сан гүн, цэнгэг нуур юм. Нууранд гол горхи цутгадаг, басхүү нуураас гол горхи эх аван урсдаг шүү дээ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Номын булан

2023-03-15 | 11:39:00

1. Номонд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хамгийн чухал хэсэг байдаг шүү дээ. Та өөрийнхөө номын санг танилцуулаач?

Нэн ховор “Алтангэрэл”, “Жадамба” “Доржзодва” төвөд судар, “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой” тэргүүтэй миний номын сан бол амьдралын минь утга учир. Сурагч ахуйдаа олж авсан Б.Явуухулан “Түүвэр зохиол”, Д.Пүрэвдорж “Шүлгийн чуулган”, Ш.Сүрэнжав “Ерэн баатрын дууль” яруу найргийн түүврүүд, С.Удвал “Их хувь заяа”, Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир”, Д.Намдаг “Цаг төрийн үймээн” романууд номын сангийн минь хамгийн анхны хүндэт зочин байлаа. А.Дюма “Монте Кристо гүн”, Э.Хемингуэй “Өвгөн тэнгис хоёр” хамгийн анхны “гадаад” зочид минь юм. Номын сангийнхаа “зочдын” тоог яг таг гаргаагүй боловч бараг арван мянга дөхсөн байх аа. Би номын сангаа яг л “Тэрхийн цагаан нуур” мэтээр төсөөлдөг. Шинэ тутам хэвлэгдэж буй номуудыг өөрөө авна, сайхан сэтгэлт хүмүүс, хүүхэд багачууд, шавь нар ном хандивлана. Яг л нууранд гол мөрөн цутгадаг мэт. Бас номууд минь алга болно. Яг л “Тэрхийн цагаан нуур”-аас “Суман гол” эх аван урсах мэт. Номоо алдчихаад эхлээд уур хүрдэг байлаа. Одоо тоохоо больсон. Нэг ном алдахад л, зуу болж үржээд эргээд ирдэг юм аа миний номууд. Номууд минь гэрт ч, гадаа ч, ажил дээр ч дандаа хамтдаа байдаг. Амьдрал минь өөрөө номын сан билээ л...

2. Анх уншихад номонд дуртай болгосон ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номнуудаа нэрлэвэл?

Гадаадын нэг эрдэмтэн монгол орноор хэрэн хэсэж, олон жил судалгаа хийсний эцэст “Монгол айл бүрийн хойморт заларч буй ахмад настан бол өөрөө, тэр чигээрээ амьд “номын сан” юм. Нэг буурал тэнгэрт халихад түүнийг дагаад бүхэл бүтэн номын сан алга болдог” хэмээн дүгнэн ярьсныг номоос олж уншсан.

Бага ангийн багш Ц.Жавзан маань Т.Очирхүү “Урам хайрла” шүлгийг үнэхээр сайхан уншина, багш нь сонсоод л уйлдаг байсан сан хэмээн миний тухай дурсан ярьдаг. Шавийнхаа шүлэг уншихыг сонсоод уйлдаг тийм сэтгэл хэнийх билээ, миний багшийнх шүү дээ. Ер нь бусдын үр хүүхэд сайн сайхан явахад, магнайн үрчлээ тэнийж бахархан баярладаг, тааруу явбал өөрөө гэмтэй мэт шаналдаг тийм сэтгэл хэнээс гарах билээ. Тийм хүн хэн сэн билээ. Багш нар л байдаг. Багш минь монгол, төвөд хоёулангаар нь уншиж бичихийг заасан даа. Ингээд бодохоор намайг номонд дуртай болгосон амьд “номын сан” бол багш минь юм.

Би багаасаа шүлгэнд их дуртай байсан. Аравдугаар ангид байхдаа “Миний цээжилсэн шүлгүүд” хэмээх 219 шүлгийн нэрийг жагсаан бичсэн, “Ээждээ би хайртай”, “Миний дүү нар хөөрхөн”, “Хайртай боловч хэлээгүй” тэргүүт тухайн үедээ л өөрийнхөө хувьд гүн ухаарлаа шингээсэн шүлгүүдтэй тэмдэглэлийн дэвтэр одоо ч надад байдаг. Миний бага нас, мөрөөдөл, ааш араншин, ахуй амьдрал, найз нөхөд, гэнэн шохоорхол шингэсэн тэр дэвтрээс олон жилийн өмнөх өөрийгөө олж хараад, одоогийн “би”-гээ их чамласан.

“Өөрөө би чинь

Өөрийнхөө дотор

Өнчин янзага шиг тэнэнэ” хэмээн зохиолч Дармын Батбаяр нэгэнтээ бичсэн байдаг. Одоо ч гэсэн би өөрийнхөө дотор “тэнэж” л явна даа.

3.Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ. Яагаад?

Буддын гүн ухааны номууд унших дуртай. “Бодь мөрийн зэрэг”, “Богд Зонховагийн намтар”, “Сайнд хөтлөх хүч”, “Гурван гүрэм” бол миний ширээний номууд... Нийгмээ дагаад, цахим орчин болон амьдрал дээр буй элдэв сайнаасаа саар нь олон мэдээллийг сонсохоор сэтгэл “хиртээд” байдаг юм. Эртний ном судар, ардын аман зохиол тэргүүтнээс “ном” хэмээх үг эрдэм мэдлэг, жам ёс, сэтгэлийг ариусган засагч гэх мэт олон утга илтгэдгийг мэдэж болно. Монголын уламжлалт гүн ухааны зохиол бүтээлд “ном” хэмээх үг арван утгатай хэмээн тайлбарласан нь бий. Номын арван утгын нэг нь засал хэмээх утга аж. Сэтгэлийг засдаг ухааныг номын ухаан буюу ном гэдэг. Тийм учраас ном уншиж “хиртсэн” сэтгэлээ ариусгах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ зөвхөн Буддын гүн ухаан гэж туйлширдаггүй. Тодко Самсон “Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад”, “Дээд айл”, “Хуримын гэрч”, “Сүрэг”, “Тэг цэгийн тэмүүлэл”-ээр амьсгалж байсан үе бий. Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт” өнгөрсөн хаврын “шүтээн” байв. Г.Аюурзана “Шинэ үеийн номын санд” цувралуудад хайртай. Д.Батбаярын “Бүтээхүйн зүй тогтол бюу сайхныг бүтээхүйн нууц” бол “нүд нээсэн ном”. Ингээд яриад байвал ном болгонд намайг татах ямар нэгэн увдис байдаг.

4.Бүтээлийг нь унших дуртай зохиолчоо нэрлэвэл?

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн шүлгүүд нь урин дулаан аястай, эелдэг салхины үлээлттэй бөгөөд шүлгүүдийг нь уншихад цэнхэрлэн харагдах ууланд, цэнгэг агаар амьсгалан, хаврын цэцэгс таалах шиг болдог билээ.

“Би гал байгаад шатаж, бусдад гэрлээ түгээсээр, эцэст нь өөрөө үнс болж дуусахад гомдохгүй. Яагаад гэвэл, миний илчинд дулаацаж, миний гэрлээр замаа олсон цөөн боловч хүмүүс үлдэнэ. Тэд бас шатна” хэмээн тунхагласан омог бардам байхын урлаг Очирбатын Дашбалбар найрагч гагцхүү сайн үйлсээр л амьдрах гэж энэ орчлонд ирээд буцсан.

Ясунари Кавабатагийн зохиолыг уншиж суухад, эргэн тойронд чимээ шуугиан үгүй болж, агаар тунгалагшаад ирдэг. Түүний өгүүллэгүүдэд булингартай бохир амьсгал байдаггүйгээс тэр юм. Энэ мэт зохиолч болгонд өөр өөрийн

гэсэн хайрлах, дурлах, шүтэх шалтгаан бий. Өнгө өнгөөр солонгордог зохиолчид байхгүй сэн бол амьдрал ямархан байх бол оо?

5.Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ. Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?

“Номын санд хэзээ ч уншиж болохоор тав, зургаахан ном байх ёстой. Насан туршдаа унших тав, зургаахан номыг олохын тулд тав, зургаан мянган ном унших хэрэгтэй” хэмээн Г.Флобер хэлсэн байдаг. Д.Батбаяр “Сайхныг бүтээхүйн нууц хийгээд бүтээхүйн зүй тогтол” номыг уншаад, олон сонгодог зохиол, бүтээлийн талаар товч ойлголттой болсон. Энэ номонд нэр орсон сонгодгуудыг хайж олоод уншдаг байв. Г.Аюурзана “Дэлхийн 85 сод туурвил”-д нэр орсон номуудыг мөн олж уншсан. П.Батхуяг багшийн зөвлөснөөр уншсан номууд бий. Зохиолч Д.Батбаяр, Г.Аюурзана, П.Батхуяг нар миний хувьд насан туршдаа унших тав, зургаахан номоо олсон хүмүүс.

Одоо бол номын мэдээллийг янз бүрийн эх сурвалжаас олж авдаг. Надтай учирсан хүмүүс голдуу ном ярина. Тэднээсээ ихийг сурна. Өөрөө ч гэсэн мэдсэн сурснаа харамгүй хуваалцахыг хүсдэг.

6.Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо танилцуулаач?

Хамгийн сүүлд “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай Нэүрит засаг-ийн алтан дээд үнэний аялгуу”, “Хөх монголыг нүүдлийн соёлоор бадраах хутагтай их засаг-ийн алтан дээд гэр иэ”, “Хөх Мон огоу ул-ыг хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх гурван номыг уншсан. Энэ гурван номонд эдийг шүтүүлэхүй нэг дэх тамлал нийгэм, хоосролоор тамлахуй буюу хоёр дахь тамлал нийгэм, нялуун дайн буюу гурав дахь тамлал нийгэм, бухимдлыг цагдаагаар халхлахуй буюу дөрөв дэх тамлал нийгэм, золиослохуй буюу тав дахь тамлал нийгэм хэмээх тамлах таван нийгмээс гадна доройтуулах долоон нийгэм тэргүүтэн цөвүүн цагийн өнгө төрх хийгээд заримыг нь уншаад ч ойлгохооргүй нарийн өгүүлэмжүүд байна лээ.

Яг одоо “Сайнд хөтлөх хүч” хэмээх номыг уншиж байна.

7.Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?

Нэн ховор “Жадамба” судар. Нэг настай багш минь гэртээ дуудаад “Өнөөдөр их сайн өдөр хэмээн цаг тооны бичгээс өдрийн өнгийг нэг бүрчлэн харуулсны дараа, чамайг ирж амжихгүй нь гэх вий хэмээн санаа зовж суулаа” гээд их л нандигнасан судар бор авдраасаа гарган ирж, надаар уншуулсан. Тэр нь одоо надад байгаа “Жадамба” судар. Энэ судраа өгөхөөр дуудсан нь тэр байж. “Номтой хүний гарт судраа атгуулсандаа сэтгэл амарлаа” хэмээн хэлсэн үг нь хамгийн сайхан. Хүний итгэлийг хүлээх хэчнээн сайхан. Яг миний дотор орсон юм шиг зөвхөн надад зориулж хэлсэн захиас бий. Тэр захиасыг нь би судартайгаа хамт баринтаглаад зүрхэндээ хадгалчихсан. .

8.Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?

“Монголын нууц товчоо” ном. Сурагч байхдаа асуугдаж дүн авахын тулд уншиж байлаа. Залуухан багш хичээл заахын тулд уншиж судалсан. Одоо бол “Монголын нууц товчоо” ном надад дандаа аз авчирдаг учраас уншдаг. Бүгдийг нь цээжээрээ мэддэг болохоороо ч тэр үү хүүхдүүдэд заах дуртай. Шавь нараа бас “Монголын нууц товчоо”-гоо сайтар мэддэг болоосой хэмээн хүсдэг.

9.Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар уншихыг эрхэмлэдэг вэ?

Цаасан хэвлэл.

10. Номоос санал болгох эшлэл?

Ном болгоноос авахаар эшлэл байдаг. Таалагдсан эшлэлээ даруйд нь бичиж авах дуртай. Эшлэл бичдэг тэмдэглэлийн дэвтэр бий. Хамгийн анх бичиж авч байсан эшлэлээ энд дурдъя.

Сайн хүн байх ХЭЦҮҮ юү? /Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?/

Сайн ХҮН байх хэцүү юү? /Сайн байх нь хүний хувьд хэцүү юм уу?/

Сайн хүн БАЙХ хэцүү юү? /Сайн хүнд оршин амьдарна гэдэг хэцүү юм уу?/

САЙН хүн байх хэцүү юү? /Хүн байх нь бус харин сайн хүн байх нь хэцүү юү?/

Дөрөвхөн үгийн утга, ганцхан үгийн өргөлт, зангилаанаас ингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид философийн чухал тулгуур болсоор ирсэн нь чухамхүү Питтакийн ухааны цар болой.

11. Ном уншсанаар танд ямар дадал бий болсон бэ?

Таалагдсан эшлэлээ бичих дадалтай болоод байгаа. Эшлэлдээ тохируулаад гоё зураг зурмаар санагддаг. Даанч зураг зурахдаа муу.

12. Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?

Нэг ном гэвэл “Бодь мөрийн зэрэг” номоо авч явна.

Хоёр гэвэл Жеймс Жойс “Үлисс”-ийг авч явна. Яагаад гэвэл энэ номыг уншаад ойлгоогүй юм.