Дэндэвийн Пүрэвдорж “Хаврын сүүлчийн цас” шүлэг
Хаврын сүүлчийн цас
Хамгийн сүүлчийн цас
Харахад цав цагаан цас
Хаврын цас орж байна.
Хөв нялх ногоо
Хөх цэнхэр яргуй
Хөвсрөх энэхэн цаснаар
Хөдөө талд бууж байна.
Аяарах унах цасны
Аандаа хайлах ширхэгт
Айраг цагааны үнэр
Арвай будааны үр байна.
Хаврын сүүлчийн цас
Хамгийн сүүлчийн цас
Харахад цав цагаан цас
Хаврын цас орж байна.
Эргэлдэн унах цасны
Элтрэх цагаан талстанд
Эцсийн цасанд хурласан
Эхний борооны дусал байна.
Хөлсөн шавах цасны
Хөлрөн дэгдэх ууранд
Хөрч чаддаггүй сэтгэл шиг
Хөх тэнгэрийн амисгал байна.
Хаврын сүүлчийн цас
Хамгийн сүүлчийн цас
Харахад цав цагаан цас
Хаврын цас орж байна.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Өдөр тутмын мэдээ2023-03-15 | 15:26:00