Н.МИНЖИНСАЙХАН: Орчлонд анхны номоо тосож авах шиг сайхан зүйл, сайхан бүтээл хүнд үгүй
1. Номд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хамгийн чухал хэсэг юм. Та өөрийнхөө номын санг танилцуулаач?
Өвлийн мэнд ээ.
Гэрийн хамгийн дулаан хэсэг бол гал голомтны дараагаар номын сангийн хэсэг нэрлэгдэх байх. Номын санд маань яг хэрэгтэй номууд л бий. Номын сан хогийн сав биш болохоор тэнд хэрэгтэй зүйлс л өрөөстэй байх ёстой гэж боддог доо.
2. Анх уншаад номонд дуртай болгосон ном? Амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номнуудаа нэрлэвэл?
Олон л номыг нэрлэнэ дээ. Анх сэтгэл хүчтэй соронзон татсан номууд бол Р.Чойномын "Сүмтэй будрын чулуу"-наас эхлээд Дарамын Батбаяр зохиолчийн "Саахалтын нууранд ангир дуугарна" Жагдалын Лхагва зохиолчийн "Атга чулуу" "Алаг чулуу" "Толгодын цаана ингэ буйлна" зэрэг юм уу даа.
3. Номтой холбоотой нандин дурсамжаасаа хуваалцвал?
Номтой холбоотой дурсамж байлгүй яахав. Та “нандин” гэсэн болохоор энэ утга дор нэг дурсамж сөхье гэж бодлоо. 2008 онд анхныхаа “Он саргүй өдрүүд” номыг сургалтын төлбөрөөрөө гаргачихаж билээ. Тэгээд уртын дадлагынхаа хугацаанд ажил хийж төлбөрөө олж төлж төгсөж байлаа. “Он саргүй өдрүүд” номоо хэвлэлээс хоёр шүлэг бичдэг найзынхаа хамт аваад явж байтал нэг нөхөр маань байрнуудын дундах нэг бараан саравчин дор түр тухлая гэлээ. Учир нь надад албан ёсоор баяр хүргэх юм гэнэ ээ. Тэгээд өнөө нөхөр маань төдөлгүй номыг маань үзэх гэж догдлоод гадуур нь боосон хайрцагны бор цаасыг ширхийтэл ураадахсан чинь “зүрх хамт урагдах шиг” хачин мэдрэмж төрж билээ. Тэр даруй би “алив хө, наадахаа нэг удаахан ураач дээ, ахиж би хэзээ ч анхны номоо тосч авахгүй шүү дээ...тиймээс задлах энэ нандин мөчийг нь ялимгүй удаан мэдрэхийг хүсч байна” гэж байсан. Орчлонд анхны номоо тосож авах шиг сайхан зүйл, сайхан бүтээл хүнд үгүй л дээ.
4. Ямар нандин дурсамж вэ... Түүнээс хойш хэдэн ном гаргасан бэ?
Өнөө 5 ном, дууны нэг хос цомог гаргажээ. Яг өөрийн бүтээл маань.
Харин эмхэтгэж, ариутгасан ном товхимол бол цөөнгүй бий бий.
5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
“Монголчууд тавхан үгэндээ танигдаад байна даа хө” гэж дуулж ирсэн түүхтэй. Үүн шиг ном бол хүн. Аль нэгэн хүнтэй таван үг солиход л ямар хүн бэ гэдэг нь харагдаж баригдаад ирдэг шүү дээ. Түүнтэй ижил номын эхний хэдэн хуудсыг сөхөхөд л андашгүй дээ.
6. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
За дан ганц уран зохиол, яруу найргийн ном уншина гэж байхгүй. Өв соёл, үүх түүх, тайлбарт танин мэдэхүйн номын хуудсыг сөхнө өө. Учир нь ямар улсад мэлмий нээлээ. Ямар хүн байж цааш орших ёстойгоо гүйцэт таних ёстой шүү дээ. О.Дашбалбар найрагчийн бичсэн шиг “Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан Үр ачдаа хүлээлгэж өгнө” гэдэг утгыг цээжиндээ баринтагладаг даа.
7. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж байгаа номоо хэлээч?
Би хамгийн сүүлд биш, одоогоор гэдэг үгийг онцлон сонгож хариулмаар байна л даа, бэлгэдэл талаасаа тиймээ. Одоогоор хамгийн сүүлд уншсан юм гэвэл СГЗ, Авидын Шартолгой зохиолчийн бичсэн “НОЁН ГЭГЭЭНИЙ ТУУЖ” номыг уншлаа. Тэр ном бол Монгол уран зохиолын хөлгөн судар юм гэж хэлж болохоор сайхан ном. Яг өнөөдөр бол Архангай аймгийнхаа нийт зохиолч, яруу найрагч, судлаач, дууны шүлэг туурвиач нөхдийн бүтээлээс дээжилсэн, сүүлийн 400 орчим жилийн хугацаанд Архангай нутгаас төрсөн уран бүтээлчдийн шинээр хэвлэгдэхэд бэлэн болж буй “ХАН ТАМИРЫН АЙ” номын сүүлийн уншилтыг хянаж сууна. Энэ ном бол Архангай аймгийн утга зохиолын нэгдлээс нутгийнхаа 100 жилийн ойд зориулж буй бэлэг юм.
8. Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
Эзгүй арал өөрөө ном юм тиймээ. Эзгүй аралд номтой очихоос илүүтэй, тэндээс юу олж мэдэрч байна, юу олж таньж байна, түүнийгээ ном болгож бичихийг л бодох болов уу.
9. Урилгыг хүлээн авч ярилцсан танд маш их баярлалаа
Гялайлаа. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Номын булан2023-03-17 | 10:46:50