Н.НОМИН-ЭРДЭНЭ: Хувь хүний хөгжлийн ном уншихаар урам зориг авч, үйлдэл хийж эхэлдэг.
Уншигчийн булангийн энэ удаагийн дугаарт Лаборатори 1-р сургуулийн 10д ангийн сурагч Н.Номин-эрдэнэ оролцож байна. Тэрээр уншсан номныхоо тэмдэглэлийг хөтлөж, үргэлжлүүлэн бичих сонирхолтой.
Н.НОМИН-ЭРДЭНЭ: Хувь хүний хөгжлийн ном уншихаар урам зориг авч, үйлдэл хийж эхэлдэг.
1.Номд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хамгийн чухал хэсэг юм. Та өөрийнхөө номын санг танилцуулаач?
-Миний номын санд хувь хүний хөгжил, улс төр, намтарчилсан түүх, шүлгийн түүврүүд, уран зохиолын ном дийлэнхийг нь эзлэдэг. Бусдаас ялгарах онцлог нь нэг уншсан номоо дахин унших сэдэл төрдөггүй тул номонд дуртай найзууддаа түрээслүүлж мөн солилцож уншдаг.
2.Анх уншаад номонд дуртай болгосон ном? Амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номнуудаа нэрлэвэл?
-Короновирус цар тахлын үеэр олон зүйлийг шинээр туршиж үзсэний нэг нь ном унших байсан. Ном уншиж,тэмдэглэл хөтөлж эхлээд нэлээн удсаны дараа надад “хангалттай их уншаагүйгээс л харалган болсон юм болов уу даа” гэх бодол төрсөн. Номтой танилцсан түүх Алхимич номноос эхлэлтэй. Оюуны минь аньсгыг нээж харах өнцгийг өөрчилж номын ертөнцөд эргэлт буцалтгүй оруулсан ном билээ.
3. Номтой холбоотой нандин дурсамжаасаа хуваалцвал?
-Гайхалтай дурсамж их бий. Ном түрээслүүлж, солилцож уншдаг байх үед номын олон найз нөхөдтэй болсон. Тэдний нэг нь намайг энэ номын буланд зочиноор урьсан Баасанхүү билээ. Номын найзуудаасаа урмын үгтэй захиа, номын хавчуурга, тэмдэглэлийн дэвтэр, ном хүртэл бэлгэнд авч байсан. Номтой танилцаад нөхөрлөөд зогсохгүй уншсан номоо ярилцаад суух найзуудтай болсондоо баяртай байдаг. Нацагдоржийн тэмдэг хүртэж тэргүүний уншигч болсон тэр өдөр дурсамжаар дүүрэн өнгөрсөн.
4.Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Номын талаарх мэдээлэлхаанаас авдаг вэ?
-Ихэвчлэн олны таашаалд нийцсэн сайн үнэлгээтэй номнууд дундаас сонголтоо хийдэг. Гэхдээ олон нийтэд танигдаагүй энгийн номнуудаас ч мөн адил сонголт хийх тохиолдол бий. Дээхэн үеийн ном, сонин, өгүүллэг,з охиолуудыг унших ч дуртай. Ер нь л бүгдийг уншдагдаа. Номын талаарх мэдээллийг youtube, instagram, google, fb гэх мэт платформоос авдаг.
5. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
-Янз янз л байдаг. Тухайн цаг үе миний сэтгэл санаанаас шалтгаалаад унших номын төрөл өөр өөр. Гэхдээ голчлон хувь хүний хөгжлийн ном уншдаг. Яагаад гэвэл түүнээсээ урам зориг аваад үйлдэл хийж эхлэдэг. Үргэлж л эрч хүч ундарч завгүй байхыг эрмэлздэг.
6. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
-Сүүлийн үед улсын шалгалт, жилийн эцсийн дүн гээд л завгүй байсан тул бараг ном уншаагүй. Сүүлд Г.Амартүвшингийн Эргэлт Сонголт номыг уншсан. Одоо Мишэль дө Монтенийн Сонгомол Эсээнүүд болон Өндөр Бүтээмжтэй Өсвөр Насныхны 7 Дадал гэх хоёр номыг уншхаар эхлүүлээд байна.
Саяхан С.Анударь зохиолчын 4 Биш 4 номыг уншаад сэтгэлд их хүрсэн. Миний үзэл бодол, итгэл үнэмшил, харах өнцөг, намайг бүрэн илэрхийлсэн мэт санагдсан. 32-хон хуудас атлаа хэдэн сар уншиж тэмдэглэл хөтлүүлсэн ном. Дээр дурьдсанчлан нэг уншсан номоо дахин уншдаггүй гэвч энэ номыг бүхэл бүтэн 4 удаа уншсан. Уншаад яг өөрийнхөө толины тусгалыг харж буй мэт санагдсан. Энэ номноос л өөрийгөө олсондоо. Бичих сонирхол надад их бий. Номын тэмдэглэл хөтлөөд зогсохгүй энэ номонд дүгнэлт хийн өөрийнхөө талаар өгүүлж үргэлжлүүлэн бичиж байгаа. Үүнээс хойш номонд дүгнэлт хийн өөрийнхөө тухай ч эргэцүүлэн номыг үргэлжлүүлэн бичих сонирхолтой болсон. Франсуа Саган зохиолчын Сайна уу Гуниг Минь номыг ихэд шимтэн уншсан. Мөн л үргэлжлүүлэн бичиж байгаа.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Номын булан2023-03-22 | 11:35:00