Нийгэм

Г.Тэмүүлэн: Төрийн алба мэргэшсэн байх шаардлагатай байна

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Нийгэм

2024-02-23 | 23:53:04

Өнөөдөр буюу 2-р сарын 23-нд Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж, Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа. Хурлаар хаваржилтын нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг хийсэн юм. УОК-ын шуурхай бүлэг аймгийн ЗДТГ, агентлагуудын зүгээс УОК, Засгийн газраар шийдвэрлүүлэх асуудлыг тодорхойлох зорилготой ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа. Аймгийн Засаг дарга болон агентлагуудын дарга нарын зүгээр чиглэл бүрийн авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид зайлшгүй шаардлагатай байгаа зүйлсийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн сумдын хаваржилтын нөхцөл байдал, малчдын санал хүсэлт, цаашид анхаарах асуудлын талаар ярьсан юм.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Ерөнхий сайд Архангай аймагт ажилласан. Тэр дундаа сүүлийн 4 сард өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүнд цагаан зудын байдалтай байгаа Хангай сумын малчдын нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа. Энэ хүрээнд улсаас 475 тн хивэг тэжээлийг үнэгүй хуваарилах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах гэж байна. Өмнө нь үнэгүй хуваарилсан тэжээл дээр худалдаж авсан тэжээлээ хольж дундаж үнээр зарсан тохиолдол гарсан. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах шаардлага гарч байна. Ирэх долоо хоногоос аймаг бүрт улаан буудай үнэгүй хуваарилна. Манай аймагт 675 тн улаан буудай хуваарилагдах байгаа. Гурилын үйлдвэрт нөөцлөгдсөн улаан буудайг мал аж ахуйн салбарт өгөх ажил зохион байгуулагдана. Аймгийн хэмжээнд авч үзвэл өрх бүрт 40 кг савласан 1 шуудай улаан буудай оноогдоно. Энэ тал дээр хөдөө аж ахуйн тасаг мал эмнэлгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй. Улаан буудайг малчид хэрэглэж сураагүй байгаа гэдгийг анхаарч технологийн заавар зөвлөгөөг хүргээрэй.

Анхаарах ёстой хэд хэдэн асуудал байна. Үүнд:

-       Хариуцлага алдсан сумдын удирдлагад хариуцлага тооцох шаардлагатай байна. Отроор явж буй малчдыг хөөсөн. Зарим тохиолдолд хууль бус авлигын шинж чанартай асуудал үүсжээ. Ийм цаг үед ийм байж болохгүй.  

-       Малчид болоод сумынхаа багийн малчдыг ялгаварлан гадуурхсан сум, багийн дарга нар байна. Онцгой анхаарахгүй бол улсаас өгч буй тэжээлийг зөвхөн 2,3-н багт ялгаварлан өгсөн тохиолдол гарсан. Ийм гомдол санал иргэдээс их ирж байна. Дараагийн хоёр удаагийн хивэг тэжээлийн нийлүүлэлт дээр ийм асуудал гаргаж болохгүй.

-       Зудын хажуугаар залилангийн асуудал үүссэн. Хангай, Цахир, Тариат сумын 10 гаруй малчин өрхийн малыг худалдан авна гэж батламж гардуулаад явсан залилан хийсэн байна.

-       Чулуут суманд баталгаажсан лабораторийн шинжилгээгээр үхрийн галзуу өвчин гарсан. Хорио цээрийн дэглэм тогтоох, эх үүсвэрийг нь олох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Биднийг сумын төв дээр уулзалт хийгээд явж байхад голомтын бүсээс малчин төвд орж ирсэн асуудал гарсан. Вакцин татаж авах ажлуудаа шуурхай зохион байгуулж, ариутгал, устгал хийхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Зудын дараах асуудал чухал. Дараа дараагийн асуудалд яаж хандах вэ? Хууль тогтоомж талаасаа хүндрэлтэй, чирэгдэлтэй асуудлыг тандан судлах харьяа байгууллага иргэдээс гарсан гомдол хүсэлтийг судлах шаардлагатай. Хариуцлагагүй дуудлага өгдөг иргэд, хариуцлагагүй үйлдлээсээ болж бусдыг хохироодог асуудал байна. Энэ тал дээр бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй.

Төрийн алба мэргэшсэн байх шаардлагатай байна. Багийн Засаг даргын албан тушаалыг улс төрийн албан тушаалтан бус “Төрийн жинхэнэ албан хаагч” байх хуулийн заалт тусгасан саналыг өгсөн гэлээ.