Хаврын ийм л өдрүүдэд унших шүлгүүд
Урин хавар унших шүлгүүд...
Я. Баяраа
Зэврүүн зэврүүн л гэнэ, хавар л бол хавар л даа
Зэрэгцэж зогсоод ургах нарыг угтахад
Зээлийн маань тэндэх эл хульхан булангаас
Дэврүүн бага нас минь гүйгээд ирэх юм шиг
Амар алдуулсан гэнэн бодол гэнэтэд төрж
Ахин нэг удаа цагийн хурдад санааширна.
"Нар манддаг нь хичнээн сайхан бэ?" гэж шивнээд
Найдах, итгэх бүхнээ сэтгэлийн угтаа тэмтэрнэ
Тийм ээ, нар ийнхүү дахин ахин мандсаар буй нь
Надад өгүүлшгүй баярыг төрүүлж байна.
Хайлан урсах цасны чимээ бие сэтгэлийг нэвтэлж
Хаа нэг тийш нисэн одохдоо үүнийг улам дэвэргэсэн байна
Барьцгүй тунгалаг мэдрэмжээ дагаад хийсчихэлгүй
Барьж өөртөө үлдээтэл гарыг минь тэр тавьсангүй
Зэврүүн зэврүүн л гэнэ хавар л бол хавар л даа
Зэрлэг байгалийн өмнө хайраас бусад нь хүчгүй л дээ.
Б.Эрдэнэсолонго
Ханш нээж,
Ичигсэд хөдөлжээ.
-Хавар л үхэхгүй юм шүү
Л. Өлзийтөгс
Д. Батбаяр багшдаа зориулав
Моддын навч, салхи, тэнгэр гүний алс
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь!
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ
Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах
Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх
Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?
А. Эрдэнэ-Очир
Гадаа мянган жилийн өмнөх салхи ирж биднийг чагнаархан амсхийхэд
Гайхамшигт хором бүхнийг наран саранд шивнээд урсан одов
Эрд урьдын нэгэн сонин зүүд бидэнд адилхан зүүдлэгдээд
Энгэр дотор гэрэл гэгээ татсан нь тэнгэрийн зурсан зураг байв
Ээвэр газар өвлийн цасан доороос нэг яргуй цэнхэр туяа цацсан нь
Эрх нандин сэтгэлд минь алсаас ниссэн бодлын шувуун дэвэлт байв
Гэлмэгтэж голын мөс нарны доогуур танхил өнгө татаад
Гэрэл гэгээ амьдын орчлонг уясган уярал авчирав
Эмнэг жаргалт хорвоогийн цаг мөчийг би алтлан дурсгаад
Эрин зуун чамд бэлэглэсэн минь энэ болой
Эх нутаг, эх орон, энхрий янаг
Энэнээс илүү юуг би хойч ирээдүйд үлдээх билээ?
Д.Нацагдорж
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
Х. Эрдэнэбаатар
Зуун зуун жил мөнх амьдарна би
Зулзаган улиас өвгөрөхийг харна
Наашлах хаврыг шувуудтайгаа цуг ирэхэд
Нарны хорвоод мөнгөр сар болно би.
Г. Лхагвадулам
Сүүлчийнх гэж бодсон бүхэн л сүүлийнх байдаггүй
Сүүдэртсэн тэнгэрээс өвөл, хаврынх нь мэдэгдэхгүй
Сүүмийсэн одод хийснэ.
Газарт буусан нь бороо, буугаагүй нь цас,
Агаарт тогтсон нь гуниг болж
Аль эрт мартчихсан ч мартагддаггүй чамайг бодогдуулна
Хамгийн хөндүүр өдрүүд минь ард үлдсэн гэж бодох бүрт
Хамгийн хэцүү нь өмнө минь байна
Чөлөөлөгдөх, мартах, мартсантайгаа эвлэрэх...
Хагацаж салсан, халирч одсон бүхэн минь
Хав халуунаар дотор минь мөстөж
Хаа ч байхгүй хавар, цэнгэг агаар шиг хөлчүү байна.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Урлаг Спорт2024-04-26 | 12:24:00