Номын булан

Л. Аюурзана: Жинхэнэ бизнес бүтээнэ гэдэг бол өөрөө ажилладаг систем бүтээнэ гэсэн үг

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Номын булан

2024-09-19 | 12:04:00

Бизнес, ажил хоёрыг ялгадаггүй бизнес эрхлэгчид олон. Тэд бизнес бол илүү томоор ажиллах явдал гэж ойлгосон байх нь элбэг. Мэдээж, бизнестээ маш их ажиллах хэрэгтэй, гэхдээ түүний цаана... хамгийн гол нэг нууц бий. Тэр нууцын тухай өгүүлэх нэгэн сонирхолтой номыг энэ дугаарт онцолж байна. “Энтрепренерийн төөрөгдөл эргэн ирсэн нь буюу яагаад олонхи жижиг бизнес бүтэлгүйтдэг, энэ асуудлыг хэрхэх вэ?” номын орчуулагч Л. Аюурзанатай хийсэн ярилцлагаа уншигч таньд хүргэж байна. Тэрбээр энэ ном бол бизнесийн цагаан толгой юм хэмээн сонирхолтой яриа өрнүүллээ.  

Та ном орчуулсан туршлага, сэтгэгдлээ хуваалцаач?

Миний ажиллаж байсан компани монголын нийгэмд бизнесийг зөв хөгжүүлнэ гэсэн эрхэм зорилготой компани байсан. Тийм ч учраас дэлхий даяар сая сая жижиг бизнесийг амжилттай хөгжүүлсэн жижиг бизнесийн гүрү гэж алдаршсан хүний олон улсын бестселлер, бизнесийн цагаан толгой болсон энэ номыг нь би орчуулах болсон юм. Үнэндээ манай нийгэмд бид анхнаасаа бизнес гэдэг үгийн жинхэнэ утгыг мэддэггүй санагдсан, бизнес гэдэг малгай дор бид бүхий л ашиг олох ажлуудыг бизнес гэж ойлгодог. Гэтэл энэ бол төөрөгдөл. Харин жинхэнэ бизнес гэж юу болох, түүнийг хэрхэн бүтээдэг тухай энэ ном өгүүлдэг. Уншихад энгийн юм шиг хэрнээ нэг уншаад цогц ойлголтыг авч бүхнийг том дүр зурагаар харж чаддаг болохгүй. Учир нь хүн өөрийн амьдралын ухаанаа эмхэлж цэгцлэх асар том философитой тулна, бизнес гэдэг бол зөвхөн мөсөн уулын орой болохыг ойлгох шаардлагатай болно. Нөгөө талаар энэ бол сурах бичиг учраас суртлаа зууралдах хэрэгтэй ном юм билээ. Үндсэн философийг сайтар ойлговол энэ бол зөвхөн бизнесийн цагаан толгой ч биш аливаа ажлыг сайтар хийх систем бүтээх тухай юм. Миний сэтгэгдэл гэвэл энэ л юм даа. Энгийн юм шиг хэрнээ хүчирхэг цогц ойлголтуудыг багцалж мэдлэг бүтээдэг, ойлгож хэрэгжүүлэхэд амаргүй ном.

Үнэхээр сонирхолтой санагдчихлаа, та дахиад цааш нь жаахан ярьж өгөөч?

Энэ номноос эцсийн үр дүнд хүн өөрийгөө бизнесээр дамжуулан бүтээж байгаагаа ойлгож, амьдрал болон бизнес нь түүний хобби болж чадах юм байна гэж би ойлгосон. Үнэнийг хэлэхэд хангалттай туршлага туулж илүү суралцсан, суралцах чадвар илүү сайтай хүн л энэ номыг ашиглаж чадах болов уу гэж бодогдсон. Энэ бол бизнесийг илүү буурьтай оролдох хүсэлтэй хүмүүсийн сурах бичиг, энэ бол үндэс нь.

Энэ номонд өгүүлэгдсэн бүхий л аргачлалыг хэсэг хэсэгээр нь тасалсан бизнесийн хөгжлийн хөтөлбөрүүдийг бизнес эрхлэгчид өндөр үнэ төлөн бизнестээ нэвтрүүлэхийг хичээж байдаг, гэвч энэ үндсийг ойлгосон цагт бизнесийн эзэн өөрөө хүчирхэг арга хэрэгсэл эзэмших тул ихээхэн цаг мөнгө хэмнэж чадах болов уу. Бизнесийн эзнийг аажмаар жинхэнэ лидерийн төвшинд аваачих бөгөөд ямар ч нөхцөл түүний хувьд тоглолтын талбар болон хувирах болно. Сүүлчийн өгүүлбэрт арай л том том үгүүд хэрэглэчихлээ, жинхэнэ лидерийн төвшин, тоглолтын талбар гэх мэт үгүүд. Гэхдээ үнэхээр ийм төвшинд хүрнэ гэдэг оюун ухааны жинхэнэ кайф ч байж болох юм. Энгийн юм шиг хэрнээ гүн ойлголтыг өгдөг ном шүү.

Номын үзэл санаа Америкийн бизнесийн кейсүүд дээр тулгуурлаж гарч ирсэн юм байна, гэтэл энэ нь манай нийгэмд хэр тохирдог юм бол?

Тийм ээ, Америкийн нийгэм дэх бизнесийн кэйсүүд дээр бичигдсэн хэдий ч дэлхийн хаана ч байдаг жижиг бизнес эхлүүлэгчдийн бизнесүүдэд адилхан байдаг зүй тогтлыг харуулдаг тул хэлэх гэж буй санааг өөрийн бизнес дээр хөрвүүлж ойлгох ёстой болно. Хэдий яг адилгүй ч дотоод үндсэн механизм, динамик, бүтэц, үйл явц нь байж байдаг. Тийм болоод л би дээр хэлсэн, бэлтгэгдсэн, суурьтай хүмүүс илүү хурдан хэрэгжүүлээд явнаа гэж. Яагаад гэвэл бизнес хийж буй хүн учраа бүрэн олсон байх ёстой. Тэр хүн бизнес дотроо биш бизнесийнхээ гаднаас ажиллах гэдэг үндсэн зарчмыг сурсан байх ёстой.

Танд энэ номынхоо тухай хэлчихээр өөр сонирхолтой өнцгүүд байна уу?

Уран бүтээлч хүн хэлэхийг хүссэн санаагаа илэрхийлсэн өөрийн гэсэн уран бүтээлээ туурвидаг шиг жижиг бизнес нь тухайн хүний зорьж бүтээсэн бүтээл нь юм. Уран бүтээлч хүн уран бүтээлдээ хайртай байдаг,  уран бүтээлдээ өөрийгөө бүрэн зориулж, үзэгч сонсогчиддоо тэр хайраа мэдрүүлж үнэлэгдэж байдаг шиг жинхэнэ бизнес эрхлэгч хүн ч яг адил бизнестээ хайртай байж, хэрэглэгчдээ хайрлаж, хэрэглэгчиддээ хайрлагдах болно. Энэ бол жинхэнэ үнэ цэнэтэй зүйл. Энэ номын үзэл санааны дагуу өөрийн бизнесээ бүтээе гэвэл үе шат бүр нь цаанаа хүний ухамсар, амьдралыг үзэх  үзэл, аливааг ойлгох ойлголтыг өөрчилж дэвшүүлдэг философийг агуулсан тул бизнесийн эзэн аяндаа өөрчлөгдөн хувьсахаас өөр аргагүй болно. Номын эхний хэсгээс хүн өөрийгөө болон бизнесээ ойлгож таньж эхлэх бол цаашлах тусам бизнес нь ур ухаанаа шингээсэн, өөрөө ажилладаг, нэгэн гайхалтай, ямар нэг үнэт зүйл бүтээгч систем байж болохыг ойлгох байх аа. Аливаа улс орны хөгжил бичгийн соёлдоо хадгалагдан уламжлагдаж дараагийн төвшний хөгжлийг авчирдаг гэж үздэг юм билээ. Харин манай улсад бүх зүйлийг тэмдэглэн бичин үлдээх бичгийн соёл нүүдлийн цомхон байдаг уламжлалаасаа болоод тийм их хөгжөөгүй юм билээ. Энэ номын дагуу бол бид тийм соёлд суралцах ёстой болно. Өөрөөр хэлбэл бизнесийнхээ бүхий л зүйлийг бичгийн хэлбэрт буулгах хэрэгтэй болно. Энэ нь маш чухал зүйл байдаг юм билээ.

Танд баярлалаа, олон шинэ зүйл сонссон, сурсан сонирхолтой сайхан ярилцлага боллоо. Танд амжилт хүсье.

Би ч бас баярлалаа, орчуулсан номыг минь сонирхож ярилцлагад урьсанд их баярлаж байна.

 

СЭТГЭЛД ОЙР сэтгүүл 

Сэтгүүлч С.Батзаяа  

 

 “E-Myth буюу Энтрепренерийн төөрөгдөл эргэн ирсэн нь” номоо доорх утсаар захиалан хүргүүлээрэй.

Үнэ: 27000₮

Утас: 85851850, 70110812