Үйлдвэрлэгч

Д.ОЮУНЦЭЦЭГ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ НИЙГМЭЭС ТУСГААРЛАЖ БОЛОХГҮЙ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Үйлдвэрлэгч

2024-09-20 | 17:18:00

Хорвоогийн наран мянгантаа мандаж, жаргасаар л... Хүмүүний амьдралын гучин хавар, гучин намрыг гудайх завгүй өнгөрүүлсэн тэнгэрлэг нэгэн эжий, охиныхоо дэргэдийн нар болж мөнхөд мандсаар байх нь хүндлэм.

Гучин жилийн өмнө энхэр бяцхан охин нь эрүүл энх төрсөн ч эмч мэргэжилтнүүдийн буруугаас “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” болчихно гэж залуухан бүсгүй мэдээгүй биз ээ. Охиныхоо ирээдүй, хийж бүтээх чин эрмэлзлэлийн төлөө өөрийн ухамсарт амьдралын гучин жилийг зориулж буй эгэл нэгэн ээж бол Доржсүрэнгийн Оюунцэцэг юм. Түүний охин Б.Мөнхцэцэг.

Төрөх үедээ мэргэжилтнүүдийн буруугаас тархины харвалт авч, өдийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хэмээх тодотголтойгоор амьдарч байна.

Гэвч ээж охин хоёр хэн нэгэнд гоморхоод суухыг хүссэнгүй, сайн сайхан амьдралын төлөө хэзээ ч бууж өгөөгүй гэдэг нь мэдрэгдэж байлаа. Хүн болж төрөх, хүсэл тэмүүлэлтэй амьдрах гэдэг амьдралд мэдрэх аз жаргалыг өнгөлдгийг хөдөлмөрч ээж, охин хоёроос үлгэрлэмээр...

Анх ээж, охин хоёр Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн газраас зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтад хамрагдсан нь өдий зэрэгтэй явахын эхлэл нь болсныг дурсан сууна. Сургалт бүрийг алгассангүй, хамтдаа суралцаж эхэлжээ.

Эзэн хичээвэл заяа хичээдгийн үлгэрээр охинтойгоо хамтдаа гар урлал, шүрэн хэлхээ, нярайн дээл хувцас зэргийг урладаг болж. Тэдний ажилч хичээнгүй зан үр шимээ өгч, гурван жилийн өмнө лангуутай болох боломж ч олдож. Аймгийн Хөдөлмөр халамжийн газраас “Архангайд үйлдвэрлэв” төвд лангуу түрээслэн, ажиллах боломжийг нээж өгсөн нь тэдэнд илүү их хичээх, хөдөлмөрлөх урам зоригийг нэмжээ.

Ээж, охин хоёр өнөөдрийг хүртэл тус төвдөө ажиллаж, өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон төдийгүй хол ойрын үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж “зөөлөн сэтгэлт эгч” хэмээн нэрлэгдэх болсон гэнэ.

Сэтгэлээ шингээн урласан бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд таалагдаж дахин дахин ирж үйлчлүүлэхэд сэтгэл дүүрэн болдог хэмээн ээж, охин хоёр баярлан хуучилж байлаа.

Нэг үеэ бодвол Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудад ажиллаж, амьдрах орчин нөхцөл бүрдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хөгжлийн бэрхшээл хүнээс биш нийгмээс бий болдог гэдэг ч үг бий. Ялангуяа эцэг эхчүүд, гэр бүл найз нөхдийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй үр хүүхдэдээ илүү цаг гаргаж, нийгэмшүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь тэдний сэтгэлзүйд сайнаар нөлөөлөх гол хүчин зүйл гэдгийг Д.Оюунцэцэг эгч дахин дахин дурьдаж байв.

Тэрбээр: “-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмээс тусгаарлаж огт болохгүй. Би охиноо  10 нас хүртэл нь гэртээ цоожилж, нийгмээс тусгаарлаж байсан ч бидэнд ололт авчраагүй. Харин ч охины минь сэтгэлзүйд хүндэвтэр шалтгаан олон бий болсон. Одоо бол миний охин хэнээс ч дутахгүй ухаантай, ажилч хичээнгүй. Өөрийнх нь бүтээлийг хүн худалдан авхаар урамшиж, дахиад бүтээл хийхийн төлөө улам хичээж эхэлдэг. Би ч орлого бүрээс охиноо шагнаж сэтгэл зүйд нь сайн сайхнаар нөлөөлхийг хичээдэг. Хөгжлийн бэрхшээлтэй гээд хүүхдийг хорьж суух биш, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлж, хэн ч юу ч хийж бүтээж болно гэдэг ойлголтыг өгч байх хэрэгтэй” хэмээн онцолж байсан юм.

Ээж, охин хоёр өөрсдөдөө бий болгосон ажлын байрандаа гоёлоо урласаар, завгүй сууна. Хөдөлмөрийн үр шим, хөлсөө дуслуулсны ард ирдэг болохоор тэд сэтгэл хангалуун, итгэл дүүрэн аж төрсөөр.

Д.Оюунцэцэг эгчийн урласан “адуучин малгай”, “малгайтай дээл” аль хэдийн хэрэглэгчдийн дунд алдартай болохын зэрэгцээ борлуулалт ч сайн байдаг юм билээ.

Орчлонгийн наран өглөө мандаж, үдшээр жаргадаг бол Б.Мөнхцэцэг охин эжийнхээ мөнхийн наран болж гэрэлтсээр л...

Эгэл нэгэн эжий ингэж мөнхийн хайраа үрдээ ивж, нартын амьдралыг гэрэлтүүлж явна. Амьдрал ийм л энгийн мөртлөө, сайхан.

Сэтгүүлч С.Батзаяа