Номын булан

Р.БААСАНХҮҮ: Ковидын үеэр богино хэмжээний зохиол бичиж үзсэн, одоо ч үргэлжлүүлэн бичиж байгаа

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Номын булан

2023-03-21 | 11:00:00

Уншигчийн булангийн энэ удаагийн зориноор Лаборатори 1-р сургуулийн 10е ангийн сурагч Р.Баасанхүүг урьж, номын тухай яриа өрнүүллээ. Сэтгүүлч миний хувьд маш гоё сэтгэгдэлтэй үлдэв.

Р.БААСАНХҮҮ: Ковидын үеэр богино хэмжээний зохиол бичиж үзсэн, одоо ч үргэлжлүүлэн бичиж байгаа

1.Номд дуртай хүмүүсийн хувьд номын сан гэрийнх нь хамгийн чухал хэсэг юм. Та өөрийнхөө номын санг танилцуулаач?

- Миний номын сан мэдээж номын тавиур дээр бас шүүгээн дотор байрладаг. Дийлэнх нь гадаад уран зохиолын ном байдаг. Сүүлийн үед Монгол зохиолын ном сонирхож байгаа учраас цөөн тооны Монгол ном байгаа. Миний хувьд номын сангаа өргөжүүлэх гэхээсээ шинэчлэхийг илүүд үздэг. Тиймээс номоо солилцох, хүнд уншсан номоо бэлэглэх, мөн бэлгэнд авах дуртай.

2.Анх уншаад номонд дуртай болгосон ном? Амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номнуудаа нэрлэвэл?

- Номонд дуртай болгосон ном бол "Дуурийн театрын хий үзэгдэл" ном байсан. Учир нь тэр номыг уншихдаа зүгээр сууж чаддаггүй босож яваад, айгаад л, ийш тийш холхиод ер нь босоогоороо уншдаг байсан. Тэгээд л ном гэдэг чинь сэтгэл зүрхийг бүрэн удирдаад аваад явчихдаг эд байна гэж бодож байсан. Бас энэ боломжийг ашиглаад Л.Буян-Нэмэх багшдаа зуны амралтын даалгавар болгож өгсөнд баярлалаа гэж хэлье. Харин амьдрал, үзэл санаанд нөлөөлсөн ном бол Икигай. Унших явцдаа ч, уншиж дуусаад ч миний үзэл бодол дэлхий дахины хажууд өчүүхэн жижиг юм гэдгийг тултал нь мэдэж авсан. Тиймээс гадаад улс орны соёлыг судлах эхлэл болгож өгсөн.

3. Номтой холбоотой нандин дурсамжаасаа хуваалцвал?

- Миний хамгийн анх удаа бүрэн уншиж дуусгасан ном бол Робинзон Крузо байсан. Яг энэ үед хамгийн сүүлийн хуудас дуусах, хавтсыг нь хаах тэр мэдрэмж бүр амьдралдаа авч байсан хамгийн сэтгэл ханамжтай, гэхдээ хоосон, нэг тийм үгээр бүрэн илэрхийлэгдэх боломжгүй мэдрэмж байсан.
Тэгээд л тэр мэдрэмжийг дахин авахын тулд "Робинзон Крузо"-ийн сүүлийн хуудсыг 4 удаа уншиж 4 удаа хавтсыг нь хааж байсан.

4. Өөрийнхөө дуртай төрлөөр ном уншаад, тэдгээр шиг өөрөө бичих гэж оролдож үзсэн үү?

- Карантины үед гэртээ зохиол бичиж үзэж байсан. Хүмүүсийн анхны сэтгэгдлээс үнэндээ би айж байсан. Гэхдээ маш сайнаар хүлээж авсанд баяртай байдаг. Одоо онлайнд оруулахгүй байгаа ч зохиолоо бичиж байгаа.

5. Нууц биш бол ямар төрлөөр бичиж байгаа вэ?

- Ер нь төрөл бүрийн сэдвээр л сонирхоод бичиж үзсэн. Хамгийн анхных нь адал явдалт зохиол байсан.

6. Анхны уншигч нь хэн бсан бэ? Хэрхэн хүлээж авсан бэ?

- Хамгийн анхны уншигчид нь манай дотны 4 найз байсан. Гаргахаасаа өмнө яах уу муухай байна уу? Гээд санаа зовоод их асуусан. Бид нарт бол зүгээр байнаа гээд л урамшуулаад байсан. Хүлээн авалт дээр бол миний төсөөлснөөс хэд дахин илүү байсан. Сэтгэгдэл болон бусад хандлага нь надад маш их урам зориг өгсөн болохоор итгэлийг нь алдахгүй байхыг хүсдэг. Өөрийнхөө хаягаа илүү аюулгүй болгож байгаад шинээр бичсэн зохиолоо оруулна гэж бодож байгаа. Ямар ч байсан орхихгүй ээ. Бас надад урам өгч байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа.

7.Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?

- Нийтэд тааламжтай байдаг эсвэл хэт шүүмжлэлд өртөж байгаа номыг олохыг хичээдэг. Учир нь дараа хүнтэй ярилцахад ярианы сэдэв болж тухайн хүнтэйгээ санал бодлоо солилцоход, ойлголцоход амар болдог.
8. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
Сонгодог зохиолын ном асуудлыг олон өнцгөөс нь харж сургадаг юм шиг санагддаг. Олон сонирхолтой нөхцөл байдалд номын дүр ямар хариу үзүүлэх бол би байсан бол яах бол гэж бодсоор ном дуусдаг нь бүр гоё.

8. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

- Мэдрэхүйн байгаль буюу The nature of feeling хайку түүвэр уншиж дууссан. Бараг 6 сарын өмнө эхэлсэн байхаа. Нэг нэгээр нь уншаад л буцаж эхлээд л сэтгэл санаа тавгүй үедээ дахиж нэг сөхөөд тэр үедээ эмороод л их удаан хамт байсан. Тэгсэн ч энэ байдал үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаа. Харин одоо Манхан(Dune) 1 уншиж байгаа.