Урлаг Спорт

"Өглөөний уншлага" хөтөлбөрт Архангай аймгийн Лаборатори 1-р сургуулийн 10в анги дэд байр эзэллээ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Урлаг Спорт

2023-05-22 | 19:32:00

Алфабүүк номын дэлгүүрээс “Өглөөний уншлага” хөтөлбөрийг 2022 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн зарласан билээ. Тэгвэл хөтөлбөрийн хугацаа энэ 5-р сард дууссан байна. Өглөөний уншлага хөтөлбөрийн хүрээнд 5000 анги хамт олон, 150 мянга гаруй хүүхдүүд хамрагджээ. Тэд өглөө хичээл эхлэхээс өмнө 15-20 минутын хугацаанд ном уншдаг дадалтай болсон байна.

Энэхүү хөтөлбөрт Архангай аймгийн Лаборатори 1-р сургуулийн Ц.Цэрэнбалжид багштай 10в анги амжилттай оролцож, ахлах ангийн насанд дэд байр эзэлжээ. Тэд хөтөлбөрийн турш 52 дугаарыг бичлэг хэлбэрээр бэлдэж оролцсон байна. Анги удирдсан багш Ц.Цэрэнбалжид багштай ярилцлаа.

Ц.Цэрэнбалжид: Өглөөний уншлага хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд бүр өөрийгөө олохын төлөө хичээдэг болсон

Хамгийн том өөрчлөлт бол хүүхэд бүр хийх гэсэн, бүтээх гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон. Зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн  төлөө хүүхэд бүр хичээж байгаа нь ажиглагдсан.

Манай ангид урлаг спорт, нийгмийн идэвхтэй, хичээлдээ сайн, шамдан суралцдаг тэргүүлэх олон сурагч байдаг. Өөр өөрсдийн сонирхлоо хөгжүүлдэг хичээнгүй хүүхдүүдтэй.

Анги хамт олноороо сүүлийн үед гаргасан амжилтаас дурдвал  "Номын синдромтой анги" reel уралдаанд оролцож шалгарсан. "Амьдралд бэлэн үү" reel уралдаанд оролцож түрүүлсэн. Мөн Мобикомоос зарласан уралдаанд амжилттай оролцсон гэх мэт олон амжилтыг үзүүлсэн байна. Тэр дундаа хүүхэд нэг бүрийн амжилтыг дурдах юм бол маш их бий.

Дээрх бүгдийг дурдахын учир юу вэ гэвэл хүүхэд бүр өөрийгөө олохын төлөө хичээдэг болсон. Өглөөний уншлага хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд болгон гэртээ хувийн номын сантай болохыг хичээж байна.  Түүнчлэн тэд өөрийн уншсан номоороо тэмдэглэл хөтөлдөг болсон. Номын уулзалт хэлэлцүүлэгт оролцохыг хичээдэг болсон гээд маш их эерэг өөрчлөлт гарсан.

Хөтөлбөр эхэлснээс хойш хамгийн олон ном уншсан нь 30 орчим , хамгийн цөөн нь 6 ном уншсан, харин анги удирдсан багшийн хувьд 12 ном уншсан.

Манай анги 48 сурагчтай бөгөөд дунджаар 10 ном гэж тооцоход 480 буюу 500 гаруй ном уншсан. Бас хамгийн гол зүйл бол анги хамт олны эв нэгдэл, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх, сонсох, хүндлэх нь нэмэгдсэн байна.