Урлаг Спорт

Э.Батхүү: Уран бүтээлч хүнд тулгамддаг асуудлуудын хамгийн хэцүү нь “оюуны өмч”

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Урлаг Спорт

2023-09-26 | 15:53:00

Уран бүтээлч хүнд тулгамддаг асуудлуудаас хамгийн хэцүү нь “Оюуны өмч” гэж ярих түүнийг Э.Батхүү гэдэг. Тэрээр өөрийн сонирхлоороо гэрэл зураг авдаг болоод багагүй хугацааг туулж байгаа юм. Хөдөө орон нутагт амьдарч, зорилгоо бага багаар биелүүлэн хичээж яваа залуусын нэг.

Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоор “Арын сайхан хангай” гэх нэр бүхий гэрэл зургийн номыг эмхэтгэн гаргасан. Уг бүтээлд Архангай нутгийн нэгэн зууны түүх, байгалийн дурсгалт газар, онцлог зэргийг багтаан буулгажээ. Бид түүнтэй түүний эрхлэн гаргасан номын тухай, гэрэл зургийн тухай ярилцсанаа уншигч та бүхэнд ийн хүргэж байна.

      

Анх яагаад гэрэл зураг сонирхох болсон талаараа хуваалцаач?

Сонирхоод бол удаж байгаа. Зураг аваад долоон жил болж байна. Зураач суурьтай, мөн уул хадаар алхах их дуртай. Алхаж явахад маш олон агшин таардаг. Тэр мэдрэмжийг бусадтай хуваалцах үндсэн дээр камер аваад гэрэл зураг сонирхдог болсон.

Ихэвчлэн ямар төрлийн зураг авдаг вэ?

Ихэвчлэн хурдан болоод өнгөрдөг агшин. Нар мандах, жаргах цаг бол гэрэл зургийн алтан цаг гэж үздэг. Тэр л цаг үеийг амьтадтай хослуулсан агшин буулгадаг гэсэн үг. Тэр л мэдрэмжийг хүмүүст үзүүлэх гэж зорьсон.

Байгалийн гэрэл зураг буулгах нь ямар онцлогтой, зурагчин хүнээс юу шаардагдах вэ?

Байгалийн гэрэл зурагт маш их хөдөлмөр зарцуулдаг. Хэрэн хэсэж явсан хүн л зураг дардаг. Жишээ нь нэг уул байлаа гэж бодоход энэ уулыг хэзээ ямар улиралд авах, хэдэн сард, аль өнцгөөс гээд л бодох зүйлс их бий. Үндсэндээ нэг зургийн ард нэг зохиол явж байдаг. Тэгэхээр гэрэл зураг бол маш олон зүйлсийг шаардаж бүтдэг.

Байгальд ихэвчлэн ганцаараа гардаг уу? Энэ хугацаанд бэрхшээл тулгарах тохиолдол бий юу?

Амьтны гэрэл зураг авахад их бартаа туулдаг. Бартаа туулах машин хэрэгтэй. Туулаад очсон хойноо ажлаа чанартай хийх сайн камер, техникээ авах хэрэгтэй. Мөн их зардал гардаг. Ер нь ихэвчлэн ганцаараа явна. Заримдаа гэрэл зургийн сэдэв болсон амьтандаа стресс үүсгэхгүй, байгалийнх нь зөн совингоор авахын тулд санаа нийлсэн 2-3 хүнтэй хамт явахад болдог. Зэрлэг амьтны зураг тэр чигтээ эрсдэл байдаг. Тэр тусмаа манай хангайд бүр ч их эрсдэлтэй. Төөрөх, араас чоно дагах, өвлийн хүйтэнд даарах, осгох гээд л... Жишээлбэл янгир авах гэтэл түүнд хүрэх зам нь хад асаг ихтэй. Амьтны байгаа орчинд нь хамгийн гоё өнцөгт нь л авах хэрэгтэй учраас тэр замыг туулна. Зүгээр нэг алхаад, гүйж очоод авчихдаггүй тэгэхээр тэр чигтээ л эрсдэл. Зарим үед машин саатах, хоол дуусах гээд л олон бэрхшээл байна даа. Гэхдээ хамгийн хэцүү нь оюуны өмчийн асуудал юм. Зовж зовж нэг зураг буулгахад түүнийг дураараа ашигладаг нэгэн бий. Хойноос нь очихоор “юун сүртэй юм, утсаараа ч гэсэн ингээд авчихна шүү дээ” гэдэг ч юмуу тийм хандлага гаргадаг. Тэгэхээр оюуны өмчийн асуудал маш хэцүү. Уран бүтээлч хүний уран бүтээлийг нь ойлгодог дэмждэг, уран бүтээлийнх нь үнэ цэнийг мэддэг байх хэрэгтэй гэж боддог.

Таны цаашдын зорилго юу вэ?

Одоогоор эхний ээлжид авсан зургаа тайлагнаад явж байна. Дотоодын тэмцээн уралдаанд өрсөлдөж, бүтээлүүдээ эмхэтгэн ном болгон гаргалаа. Цаашдаа Монголоороо тойрох, түүнчлэн дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бүр илүү чанартай зүйлс хийх юмсан гэж боддог. Ер нь уран бүтээлч хүний хувьд “чанар” л хамгийн чухал байдаг.

“Арын Сайхан Хангай” гэрэл зургийн номынхоо тухай ярьвал?

Арын сайхан хангай номын хувьд Архангай аймгийн нутгаар тэр дундаа хүн болгоны очоод байдаггүй газраар явсан сүүлийн 5-6 жилийн хөдөлмөр минь багтсан байгаа. Нийт 200 гаруй хуудастай. Ихэвчлэн байгаль, амьтны агшин, түүх дурсгал, байгалийн онцлог талыг харуулсан ном. Нэг зураг нэг зохиол байдаг гэж өмнө нь дурдсан даа харин энэ ном бол маш олон зохиолын нийлбэр болсон.

 

Байгаль дэлхий, ан амьтны гэрэл зураг авдаг болсноосоо хойш өөрийн тань үзэл санаа ч гэх юм уу хэр өөрчлөгдсөн бэ?

Байгалаа танин мэдсэн. Танин мэдсэн хүн өөрөө хайрлаж эхэлдэг. Ядаж л хогоо хаяхгүй ч юм уу. Бас нэг амьтны зураг авахад тэр амьтны, мөн тухайн байгалийн эко системийг судалчихна. Ингэснээр би өөртөө маш том мэдээлэл судалгааг бий болгосон гэж боддог. Түүнийгээ л бусадтай хуваалцдаг даа.  

Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.