ҮЛ ТАСРАХ СЭТГЭЛИЙН ДАВЛАГАА...
Энэ удаагийн зочноор эгэл нэгэн эмэгтэйг урьж ярилцлаа. Сэтгүүлч болох гэж бүдчиж яваа намайг нэгэн ах минь түүнтэй танилцуулсан юм. Тэр хэлэхдээ “хүмүүсийн мэддэг зүйл рүү шуураад яах вэ, энгийн л зүйлсийг гаргаж бичье гэж бодож бай” гэсэн. Ямар нэгэн хачиргүй яг л байгаагаараа бодит амьдралыг бичихээр түүнтэй учруулсан байх. Хүний далд ертөнцөд юу нуугдаж байгааг хүн хүнтэйгээ ярьж байж тэрхүү сэтгэлийн чандад байгаа зүйлийг мэдэрдэг. Ингэж зураг, хөдөлмөрийн багш, ахмад багш Б.Буянхишигтэй ярилцах завшаан тохиосон нь энэ биз ээ. Бид амьдралын тухай, хайрын тухай, шүлэг яруу найргийн тухай, амьдралын мөн чанарын тухай ярьснаа уншигч та бүхэнд хүргэж байна. Буурлын үгийг сонсох сайхан байдаг. Тэдний үг, утга бүхэн асар их бодолд автуулах нь ч бий. Хатуу талыг ч зөөллөх нь бий. Ярилцлага дуусахад миний сэтгэлд нэг тийм гэгээ татаад явчихсаныг нуух юун.
Аясаар орчлонгийн жамаар (Рядом с тобой Я счастливым)
Өвөрт чинь сэрдэг хайрын зүүдээ
Өглөөний гэгээнээс харамлах юм
Өөдөөс инээн угтдаг болоосой гээд
Өнчин зүрх минь чамайгаа хайна
Тэвэрч энхрийлсэн чамдаа би хайртай
Тоотой тэр л хоногуудын
Торгоож үлдээгээгүй өдрүүдийг би мартахгүй
Тэвчиж эс ханах тэвчээртээ би дасчээ
Хайр шагласан чамдаа би хайртай
Хагацал үлдээсэн чамдаа би хоргоддог ч
Хувь заяаны эрхээр
Холдож салгасан тавиландаа би гомдоогүй
Бичиж үл дуусах хайрын бадгууддаа
Би чамайгаа амилуулах дуртай
Бүлээн зүрхэнд минь хайрын охь дүүргэн
Болор хундага өргөсөн чамдаа би хайртай
Зүрхний тольтод атираа суугаад
Зөрүүд хорвоогийн үнэнийг ухаарлаа ч
Засмал бус зүймэл замаар
Зөндөө их хэрэн хэсүүчиллээ
Буцах шувуудын энгэрт нь тэврүүлсээр чи минь одсон
Булбарай үрсээ хэвлийдээ тээсээр ганганалдан ирэх тэдэнтэй
Баяртай учрах болзоогоо хүлээх мэт
Би чамайг харуулдан өөрийгөө хуурдаг байсан
Бөмбөрөх нулимс хурах хэдий ч
Барьж би өөрийгөө тайвшруулж сурлаа
Баяртай чи минь хоргодолгүй нисгэе дээ
2023.01.28 Бямба гараг Шүлгийг бичсэн: Б.Буянхишиг
Бидний ярилцлага таны бичсэн нэгэн хайрын шүлгээр эхэлж байна. Та өөрийн амьдралынхаа эхлэл, зам мөрийн сонирхуулаач...
- Би хотын уугуул иргэн. Мэдээж бага насаа ээж аавынхаа гар дээр өнгөрүүлсэн. Улаанбаатар хотын Нэгдүгээр арван жилд суралцаж төгсөөд багшийн дээд сургуульд зураг, хөдөлмөрийн ангид орсон. Тэр үед миний нөхөр бас тэрхүү ангид орж, бид хоёр танилцаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч, гуравдугаар курст орох жилээ илүү дотносоод гэр бүл болсон юм. Ханьтайгаа 43 жил ханилсан даа. Тэр маань бурхны оронд мөнхөрөөд нэлээдгүй цаг хугацаа өнгөрчээ. Өвгөн маань сургуулиа улаан дипломтой төгссөн. Урьд нь эвлэлийн хороо, гаалийн газарт ажиллаж байгаад дахиад суралцсан нь тэр. Тэр үед чинь дандаа томилолтоор явдаг байсан шүү дээ. Нөхрийг багшийн дээддээ багшаар үлдэх санал гарч, мөн Болгарын оюутан хариуцах ажилд томилчихсон. Тэр үед би нэг хүүхэд гаргачихсан. Бас жирэмсэн хэзээ мөдгүй төрөх дөхчихсөн байлаа. Харин миний томилолт Эрдэнэтэд гарчхаж, хөөцөлдөж явсаар байгаад миний Эрдэнэтийн томилолтыг цуцлуулж билээ. Нөхөр минь Архангай аймгийн уугуул хүн учраас өөрийнхөө нутагт ирье гэж зориод багшийн сургуульд багшаар ирсэн. Би энд нэгдүгээр найман жил гэж байхад анх багшилж эхэлж байлаа. Тэгж л Архангай аймгийн суугуул иргэн болсон. Хэдийн 48 жилийг үджээ. Одоо ч тэтгэвэртээ гараад амьдарч байна даа.
Хүнд ээнэгших гэж юм байдаг. Хэдий төрсөн нутаг биш ч он цагийн эрхээр энэ Булган уулын өвөрт таны сэтгэл хорогддог л биз дээ.
- Улаанбаатар хотод би хоёр, гурван жилийн өмнө жил гаран амьдарсан. Улаанбаатарын уугуул иргэн мөртөө яагаад ч юм сэтгэл, бодол, зүрх дасахаа байсан юм билээ. Тэгээд л эндээ буцаад ирсэн дээ. Энд л гал голомтоо бадрааж, үр хүүхдээ өсгөсөн. Булган уулын өвөрт амьдардаг хүн шүү дээ. Эндээ сэтгэл их хорогдоод байдаг юм.
Сайн шүлгийг бурхан хэлж бичүүлдэг гэж Ардын уран зохиолч, агуу яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Сэтгэлийн орон зайгаа мэдэрч түүнийгээ цаасан дээр буулгах чадварыг хүн болгонд тохиогоод байдаггүй байх. Энэ олон жил даруухнаар бичсэн таны шүлэг хавтсандаа /хөгцрөх/ шахсан юм биш биз ээ.
- Би 30-аад настай байхдаа шүлэг их бичдэг байсан. Манай нөхөр мэддэггүй байсан лда. Тэр үед таван төгрөгийн 98 хуудастай дэвтэр байсан юм. Тэр дэвтрээр дүүрэн шүлэгтэй байлаа. Нэг танил маань уншаад нэгэн шүлэгт минь ая хийж өгнө гэхэд шүлгийн дэвтрээ тэр чигт нь өгчихсөн. Эргээд тэр дэвтрээ олж аваагүй л байна. Тэгээд хэсэгтээ бичихээ больчихсон байсан юм. Харин нөхрийгөө насан өөд болсноос хойш бичиж эхэлсэн дээ. Хүн чинь их ганцаардаж, шаналдаг. Түүнийгээ дурсаад сонин болдог юм билээ. /уйлав/
Бараг миний бүх шүлэг хүний хайрын тухай. Бичихээр өөрийгөө тайвшруулж байгаа юм уу даа. Анх догдолсон сэтгэлээр бичдэг байсан бол одоо харуусал гунигийн мэдрэмжтэй болчихсон. Гуниг гэдэг аз жаргалын амтыг мэдрүүлж байдаг. Аз жаргал гуниг хоёр хамт явдаг юм болов уу л гэж бодогдох юм.
Та бид хоёрыг танилцуулсан ахын ярианаас сонссон юм. Таныг нөхрийн хамт “байнга л хамт явж байдаг сан” гэж. Тэр яриа нь санаанд орлоо. Хүний сэтгэлд салж болдоггүй агуу хайр гэж байдаг. Тэр л хайр хөндлөнгийн хүнд ч харагддаг юм байна.
- Тиймээ, төөргөөр учирсан юм чинь амьдрал гээч замаар үргэлж хамтдаа явах нь хувь тавилан юм даа. Бид хоёр заавал учрах ёстой байсан байх. Арван жилийн сурагч байхдаа би хуульч болно гэж боддог байлаа. Мөрдөн байцаагчийн өдрийн тэмдэглэл, эрээвэр хураавар этгээдүүдийн хэрэг гэх мэт орчуулгын ном их уншдаг байсан. Төгсөх үед хуулийн ангийн хуваарь нь дуусчихсан. Хүн өрсөөд авчихсан байсан юм. Өвгөн маань бас хуулийн ангид орох байсан чинь хамт ажилладаг байсан хүн нь гуйгаад авчихсан. Тэгээд л хоёулаа зургийн ангид орчихсон. Хэрвээ хуулийн ангидаа хоёулаа орчихсон байсан бол бас л таарах байжээ гэж бодогддог юм. Одоо бодоход би нөхрөөрөө их найз хийж явдаг байсан юм шиг байгаа юм. Дандаа хамтдаа байсан болохоор... Миний хамгийн сайн найз миний хань.
Та сэтгэлдээ шүлгээ бичдэг. Бас байгалийн сайхныг харж мэдэрч, зургийг нь хальсанд үлдээдэг. Тэр бүхэн танд ямар мэдрэмж өгдөг вэ?
- Би алхах дуртай. Өглөө, өдөр, одод түгсэн шөнөөр ч гарна. Зүгээр ч алхахгүй. Байгалийн янз бүрийн зургийг дарж явдаг. Өөрийнхөө сошиал хаягт дарсан зургаа шүлгийн хамт оруулдаг. Миний сэтгэлийн дотоод ертөнц юм болов уу даа. Байгалийн сайхныг харж таашаана. Түүгээрээ л өөрийгөө тайтгаруулж байгаа юм. Өглөөний нар болгон өөр өөр манддаг шүү дээ. Тэр мандаж байгаа нарыг харах, тэр агшны зургийг авах ямар гоё гээч. Заримдаа тэнгэр цэв цэлмэг, нар тэр үед мэлтийгээд л гараад ирдэг. Зарим үед багширсан тунарсан үүлэн дундаас нар туяагаа тусгаж ядаад л үүлний цаагуур наагуур Заримдаа цав цагаан үүл гараад ирдэг. Өглөөний үүл улбар шар, содон өнгөтэй. Яг мандах үеийн үүл бол ямар гоё гээч. Уран зураг шиг л. Ер нь ажиглаад байхад өглөө нар мандах үеийн үүлний туяа, тусгал, орой шингэж байгаа нарны тусгал янз бүр байдаг. Тэгээд боддог юм. Дэлхий хүний сэтгэлийг баясгалангаар дүүргэдэг. Тэрийг чинь хараад уйлах ч үе бий. Хүн чинь сэтгэлийн л амьтан юм даа. Дараа нь авсан зургаа хараад ахиад л дуу алдана. Санаандгүй дарсан зураг илүү гоё байдаг шиг санагддаг.
Таны авсан зурагт эрвээхэйтэй зураг байсан шүү дээ. Далавч нь сэмэрчихсэн. Түүнийг хараад их зүйл бодогдохоор байсан.
- Саяхан алхаж яваад бэр цэцгийг ажиглалаа. Урьд нь ажигладаггүй байсан ч юм уу. Энэ жил бэр цэцэг хамгийн орой хагдарсан. Бэр цэцгэн дээр хоёр эрвээхэй сууж байлаа. Нэг эрвээхэйнийх нь далавч нь бүр сэмрээд урагдчихсан. Тэгсэн мөртөө дэрвэлзээд байгаа юм. Нөгөө эрвээхэйн далавч нь гэмтээгүй. Тэгээд огт хөдөлгөөнгүй байгаад байсан. Энэ өчүүхэн эрвээхэй далавч нь сэмэрчихсэн байхад тэр цэцэг дээр бүжиглэж байгаа юм чинь хүн гэдэг үүний хажууд яасан “өчүүхэн” юм дээ гэж бодогдсон. Эсвэл өвчиндөө шаналаад гүйгээд байна уу. Амьдрах хугацаагаа дуусахыг мэдээд ингээд дэрвэлзээд сайхныг мэдрэх гэж тэмцэлдээд байна уу гэж. Ингээд янз бүрийн зүйлийн зургийг авна даа.
- Хатсан цэцгийн зураг авахад тэр цэцэг хэдий хатсан боловч үзэсгэлэнтэй л байдаг. Хүн ч адил. Хүн бүхэнд сэтгэл татсан ганцхан зүйл заавал байдаг. Нүд, инээд, хөмсөг, алхаа гишгээ нь ч юм уу. Миний таньдаг зүс мэдэх нэгэн залуу нүүр дүүрэн инээдэг юм. Тэр нүд, хөмсөг, хацар, уруул бүгдээрээ мишээж байгаа юм чинь. Тэгээд хүний инээд гэдэг ямар гоё юм бэ гэж бодогддог. Тэр гудамжинд таараад “сайн байна уу” гээд л инээнэ. Тэрийг харсан хүн чинь бүтэн өдөржин сайхан баясгалантай явах байх. Нэг зүйлийг сонирхуулахад Оросын нэрт яруу найрагч Лермонтов 18-р зууны үед амьдарч байсан. Тэр хүн аягүй гоё нүдтэй гэнэ. Инээхээрээ нүд нь ерөөсөө инээдэггүй. Би түүний тухай дурсамж тэмдэглэл уншаад ямар сонин юм бэ гэж бодож байлаа.
Сайхан юмыг олж харъя гэвэл хүн бүрт сайхан зүйл байдаг. Хүмүүс бие биеийхээ сайныг олж харах нь ховор болчихсон ч юм шиг. Таны үед арай өөр өнцөгөөр юмыг хардаг байсан байх. Та шавь нарынхаа тухай яриач?
- Өчигдөр би дэлгүүр орчхоод харьж явсан чинь гурав дахь төгсөлтийн шавьтайгаа гудамжинд таарлаа. Бид жаахан хуучиллаа. Тэгсэн “багшаа танд их баярладаг шүү” гэж байна. “Та биднийг онц сур гэж шаардаагүй биднийг “хүн” болгосон. Та нөхрийгөө ямар их хайрлаж, хүндэлж харьцдаг байсан билээ. Бид таныг харж дуурайсан” гэсэн. Тэгэхээр нь би “эхнэр чинь ажлаа хийж байгаа юу” гэсэн чинь “үгүй гэртээ байгаа” гэж байна. “Чиний эхнэр аягүй сайхан хүүхэн шүү дээ” гээд хэллээ. Шавь минь “тийн тийн миний эхнэр аягүй гоё хүүхэн. Би таны сургаалаар хүмүүжсэн. Ядаж л гутлаа сайхан арч гэж хэлдэг байсан шүү дээ. Тэрийг чинь дуурайгаад би одоо гутал, хувцсаа аягүй цэвэрхэн өмсөхийг боддог шүү” гэхээр нь баярлаад л явчихсан. Хүний ганцхан хэлсэн гоё үг ямар их эрч хүчтэй, баяр баясгалантай болгодог гэдгийг шавиасаа мэдэрсэн. Буцаад явахдаа ганцаараа бөөн инээд болоод л алхсан даа.
Багш хүн бол ганцхан хичээл заадаг хүн биш юм. Энэ хүнээс гутлыг нь арчдаг гэх ганцхан зүйлийг сурахад л том хүмүүжил, багш байгаагийн том агуулга тэндээ байна шүү дээ? Хүүхэд багшаасаа насан туршийн хүмүүжлээ олж харж, сурна гэдэг гайхалтай.
- Хамгийн гол нь хүн л болох ёстой. Хэчнээн эрдэм мэдлэгтэй байгаад хүн болж чадаагүй бол хэрэггүй. Хүн хэчнээн ядуу буурай байсан ч хүнийг хайрлах “хүн сэтгэл”-тэй л байх ёстой. Бүр болохгүй бол дургүй хүнээсээ нэг сайхныг хараарай. Ер нь хүүхэд аягүй хөөрхөн шүү дээ. Харахаар их хөөрхөн энхрий, ариухан, цэвэрхэн. Чоймоо багшийн хэлсэн үг байдаг юм. “Хүн гэдгийг хүмүүн гэж бичдэг. Хүн гэдгийг хүмүүжил гэдгээс салгаж болдоггүй. Өнөөгийн боловсролын систем хүмүүжил гэдэг үгээ хүн болох талаас нь салгачхаад байна” гэж ярьж байсан нь санаанд бууж байна. Багш хүний сэтгэлээс хэн гардаггүй вэ гэхээр их сахилгагүй байсан хүүхдүүд гардаггүй шүү дээ. Эрч хүчтэй, бусдаас өөр байдаг. Ихэнх нь хүмүүжилгүй гэдэг талаас нь хараад байдаг. Үгүй, огт өөр ухагдахуун байдаг. Тэд чинь дотоод сэтгэл зүрхээ хөдөлгөөнөөр гаргаж байна шүү дээ. Сахилаггүй ч гэсэн тэр хүүхдэд хүмүүжил байгаа шүү дээ.
Таны шавь нөхрөө их хайрладаг байсан тухай дээр дурдсан. Тэр их үнэнч хайр бусдад мэдрэгддэг юм болов уу?
- Хүүхдүүдэд минь харагддаг байсан юм болов уу даа. Манай ээж аавд тусад нь хоол хийж өгдөг байсан юм. Тэр нь надад уламжлагдаад ирчихсэн. Нөхөртөө тусад нь хоол хийж өгдөг байлаа. Өвгөн минь надаас насаар ах учир миний хайр “хүндлэл” байсан байх. Миний бага охин хэлдэг. “Би эрэгтэй хүнийг ааваараа төсөөлж хардаг” гэж. Тийм учраас хүүхдүүддээ эмэгтэй хүнийг яаж хайрладаг вэ гэдгийг харуулсан л байх гээд байгаа юм. Охин минь “Та аавд их эрх байсан шүү” гэдэг юм. Гэхдээ эргээд бодоход нөхөртөө хайртай гэдэг үгийг их ховор хэлсэн. Нэг удаа юу ч боллоо доо. Би өвгөндөө хандаад “заа хайр гэж байдаг ч юм уу үгүй ч юм уу” гээд хэлчихсэн. Тэгсэн нөхөртөө загнуулж билээ. “Юу яриад байгаа юм. Байлгүй яадаг юм” гэсэн. Тэгээд хожим нь их бодол руу түлхэж байгаа юм. Зарим хүн таарахаараа жам шүү дээ гэдэг. Би тэр жам гэдэгт хэзээ ч дасаж чадахгүй.
Хүн болгоны хайр заавал тийм байх ёстой гэж ярьж заах нь буруу санагддаг. Нэг нь ил, нөгөө нь дотроо хайрладаг байж болно. Чиний хэлдгээр хүн хүний хайрлах, хүндлэх арга барил өөр өөр байдаг шүү дээ.
Хүн эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлээд л тавилан нь зурагддаг гэдэг. Тэр тавилангаас хазайж болдоггүй гэж бодож явдаг. Энэ талаарх таны бодол?
- Манай нөхөр 10 төгсөөд уран зургийн сургуульд хуваарь авч байсан юм билээ. Тэр үед эмээ өвөөдөө очоод ирсэн чинь хамт орсон хүүхдүүд нь аль хэзээ яваад өгсөн учир хожимдсон байж. Харин Улаанбаатар хотод хууль цаазын дунд сургуульд суралцаж төгсөөд замын Үүдийн гаальд хуваарилагдаж ажилласан. Гаальд ажиллаж байхдаа зургийн ангид конкурс өгч тэнцээд элсэн орсон юм билээ. Манай ээж тэр үед гаальд ажилладаг байсан. Тэр хоёр нэг шугамд ажилладаг болохоор биеэ таньдаг байж. Хотод нэг ресторанд таарч гэнэ. “Миний охин тийм сургуульд ороод” гээд хуучилсан чинь “өө би бас тэнцээд орсон шүү дээ”. Тэгсэн ээж “чи тэгвэл дүүгээ сайн харж яваарай” гэж хэлсэн байгаа юм. Хожим нь өвгөн минь ээж чинь намайг “дүүгээ сайн харж яваарай” гэсэн. Би чамайг насаар чинь л харж явна даа гэж билээ. Хүний тавилан гэдэг чинь санамсаргүй зүйл ч биш юм шиг байгаа юм. Уулзах хүнтэйгээ л уулзаж, уулзахгүй таарахгүй хүнтэйгээ таарах ч үгүй байх.
Таны нөхөр шүлэг бичдэг байсан болов уу?
- Нөхөр гоё гоё зүйл бичдэг байсан. Сүүлд насан өөд болсны дараа юмыг нь эмхлүүлэхдээ тэмдэглэлийн дэвтрийг нь эргүүлсэн чинь “Хос хун” гэх нэртэй дууны шүлгийг олон янзаар бичиж үзсэн байна лээ. Одоо би тэр шүлгийг нь дуу болгочих юмсан гэж бодож явдаг юм.
Та ингэхэд хэр номтой нөхөрлөдөг хүн бэ?
- Би ном сайн уншина. Нэгдүгээр ангидаа 60 ном уншиж сургуулийн аварга болж байлаа. Тэр дундаа орчуулгын зохиол унших дуртай. Манай аав орос улсад гурван удаа сургууль төгссөн. Ээж орос хэлэнд маш сайн. Орос хүмүүстэй их нөхөрлөдөг байсан. Гуравдугаар ангиасаа эхлэн орос хэл заалгуулсан. Түүнээс улбаалдаг юм болов уу даа гэж бодсон.
Таны мэргэжлийн онцлог талаас ярихгүй өнгөрч болохгүй байх гэж бодсон юм. Юу гэхээр урлагийн тухай. Дэлхий ертөнцийн хамгийн сайхан сонгодог бүтээлүүд, гоо зүй, гоо сайхныг та харж, мэдэрч хүндэтгэдэг байх.
- Эр хүн, эмэгтэй хүнд зориулж бичсэн шүлгээ уран зураг, уран баримлын зурагтай хамт нийтэлдэг. Хүмүүс харин юу гэж ойлгож хардаг гэдгийг сайн мэдэхгүй юм. Хэт боловсронгуй болоод энэ урлаг гэдэг зүйл мартагдаад байна уу даа л гэж боддог. Үгээр бичих нэг өөр, зурах нэг өөр гэхдээ язгуур нь нэг. Энэ бол Давидын баримал 5м 13 см өндөр баримал байгаа юм. Гантигаар сийлсэн. 3-р сарын 18-нд эрчүүддээ зориулж бичсэн шүлэгтэйгээ хамт нийтэлсэн.
17, 18-р зууны бүтээлүүд гайхамшигтай. Өгүүлэмжтэй, хүний гоо сайхныг гаргаж өгсөн бүтээлүүд байдаг. Ямар нэгэн бүтээлийн яг тэр үеийн зуунд нь харж ойлгох хэрэгтэй.
Би таны дотоод ертөнц рүү “жижигхэн” өнгийх гэж оролдлоо. Энэ хүртэл маш сайхан зүйлс яригдаж, их зүйлийг бодогдуулж байна. Хамгийн сүүлийн асуултаа танд нээлттэй орхиё.
- Миний хувьд сайхан ярилцлага боллоо гэж бодож байна. Өөрийнхөө сонирхлыг, үзэл санааг бусадтай хуваалцаж ярилцлаа... Баярлалаа.
Энгийн л нэгэн багштай уулзаж ярилцахыг хичээсэн минь энэ. Эгэл дотор агуу зүйл оршиж явдгийн нэгээхэн жишээ бол энэ багш. Зураг хөдөлмөрийн багш, яруу найрагч, байгалийн сайханг мэдэрч явдаг эгэл жирийн л нэг эмэгтэй. Хэдийгээр гунигаа сэтгэлдээ тээж явдаг ч гэгээлэг байхыг мөрөөдөх нь хүн бүхэнд байдаг, эсвэл байдаггүй бодол гэдгийг би мэдэхгүй. Түүнтэй ярилцаж, эгэлхэн сайхан амьдралыг олж харсан даа баяртай байна. Энэхүү ярилцлагаа “Үл тасрах сэтгэлийн давлагаа” гэж нэрлэлээ. Тиймээ, хөөсрөн хөөсөрдөг үл тасрах давлагаа сэтгэлийн нэгэн хэмнэл болон уянгалах мэт ээ. Ийнхүү түүний бичсэн “Бялхам дүүрэн байг” шүлгээр ярилцлагаа өндөрлөе.
Бялхам дүүрэн байг
Өглөөг угтах итгэл дээр тань нар мандаж байх болтугай
Өгөөмөр уужуу сэтгэлд тань энэрэл дүүрэн байх болтугай
Өрөөлд өгөх дэм тус тань үргэлж бялхам байх болтугай
Өнгөрсөн бүхэнд талархах зүрх тань ариун уужим байх болтугай
Бусдаас ирэх үг бүхэн аз жаргал байг
Бусдыг тольдох харцанд тань нигүүсэл дүүрэн байг
Бахархан дуурайх үйлс тань өөдөө байг
Бүхнийг хайрлах хайраар зүрх тань өгөөмөр байг
Хүн бүхний сэтгэлд аз жаргалын цэцэг дэлбээлж байг
Хүсч мөрөөдсөн зам тань бардам шулуун байг
Хүлээс бүхнээс ангижирч ариун амгалан байг
Хүслэнт энэ дэлхийн аз дуудсан ерөөл нь байг
Эвээлж хайрласан бүхэн тань энх тунх байг
Эргэж буцдаг амьдралын нухчаа бүр нь намхан байг
Эв эеийн нөхөрлөл тань үеийн үед үргэлжилж байг ээ
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Урлаг Спорт2023-11-17 | 13:13:00