Ч.Уртнасан: Хэн ч надад эргэлзэхгүйгээр итгэдэг болтол хичээх хэрэгтэй гэж боддог
Спорт гэдэг нь бие махбодын болон сэтгэл санааны хувьд асар их төлөвшил олгодог. Тэр дундаа багийн спорт олон зүйлд би биш БИД байхыг заадаг. Сүүлийн жилүүдэд Монгол улсад Сагсан бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байгаа билээ. Үүнийг даган Архангай нутгийн Сагсан бөмбөгийн спортын түүхэнд шинэ түүх бичигдсээр байгаа юм. Өнгөрсөн онд аймгийн Сагсан бөмбөгийн спортын өсвөрийн шигшээ багийн охид U16 насны Улсын аварга шалгаруулах тэмцээний аварга баг болсон. Тэдний амжилтын ард багийн гишүүн бүрийн бэлтгэл, хичээл зүтгэл багтаж байгаа болов уу. Энэ багийн довтлон тоглогч, багийн ахлагч Чимэдцэрэнгийн Уртнасан улсын шигшээ багт багтаж, 2023 оны 8-р сард Монгол улсад зохион байгуулагдсан Зүүн Азийн наадмын 3х3 Сагсан бөмбөгийн төрөлд амжилттай оролцсон. Улмаар Улаанбаатар Амазонс багт нэгдэн өндөр түвшний тамирчидтай хамт Монгол улсын Үндэсний дээд лигт өрсөлдөж байна. Ч.Уртнасан нь Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн 12-р ангид суралцдаг. Малчин айлын дунд охин. Төгсөх ангийн сурагч тэрээр өөрийн чадвараа ахиулахын тулд хичээн суралцсаар байгаа юм. “Хэн ч надад эргэлзэхгүйгээр итгэдэг болтол хичээх хэрэгтэй” гэж ярих түүний үгэнд өөрөө өөртэйгээ тэмцэлдсэн олон өдөр хоногууд бий болов уу... Даруухан, хүсэл мөрөөдөл нь дэврүүн түүнтэй ярилцсан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.
Анх хэдэн настайгаасаа эхлэн сагсан бөмбөгийн спортоор хичээллэх болсон бэ? Анх энэ спортыг зааж, сургасан багшийнхаа тухай яриач?
Наймдугаар ангиасаа эхлэн хичээллэсэн. Түүнээс өмнө Волейболын спортоор хичээллэдэг байсан юм. Гэсэн ч сагсан бөмбөг тоглож сурахыг хүсдэг байлаа. Лаборатори 1-р сургуулиас Э.Дөлгөөн найз минь шилжиж ирээд хамт сагс тоглодог болсон. Анхандаа багш волейболоор хичээллэдэг байсан болохоор зөвшөөрөөгүй. Нэг өдөр гуйсаар байгаад бэлтгэлд нь явж эхэлсэн дээ. Г.Баярмагнай багшийн бэлтгэлд хамрагдаж эхлээд удаагүй байхад ковид гарч, хөл хорио тогтоочихсон. Тэр үед багшийн “бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй” гэдэг үгийг байнга санаж, сургуулийн ах нар, мөн сагсаар хичээллэдэг эгч нартай хамт уул руу гүйдэг байсан. Тэгээд гадаа сагсны талбайд тоглодог. Сүүлдээ цар тахалтай холбоотойгоор шийдүүдийг авах үед гүйсээр л байсан. Хожим бэлтгэлдээ ороход гүйсний ашиг тус гарсан юм шиг санагдсан.
Яагаад заавал энэ спортоор хичээллэх болов?
2018 онд U18 насны дэлхийн аварга Монголд болсон. Тэр үеэр өөр улсаас ирсэн эмэгтэй тамирчдыг харж байлаа. Тоглолт, биеэ авч яваа байдал нь таалагдсан. Мөн 3х3 төрлөөр Монголын эрэгтэй тамирчид анх удаа дэлхийн аваргад орохыг үзээд их гоё санагдаж, бахархаж билээ. Тэгээд л сагс тоглож сурахыг үнэхээр их хүсдэг болсон доо. Эгч минь волейбол тоглодог байсан болохоор түүнийг дуурайж бэлтгэлд явсан. Харин эгч сургуулиа төгсөх үед сагсаар хичээллэсэн. Анхнаасаа эхлээд намайг хамгийн ихээр дэмжиж, ойлгодог байсан хүн бол эгч.
Баярмагнай багшаас зөвхөн сагсан бөмбөг биш өөр тамирчин хүнд байх ёстой юу сурсан бэ?
Манай эгч Г.Баярмагнай багшийн ангийнх нь сурагч. “Манай багш тэгж хэлдэг, сургадаг” гэж ярьдаг байсан. Яг өөрөө бэлтгэлд нь яваад эхлэхэд багш оймс, пүүзний үдээс, хөл гарын хумс гээд бүгдийг харж шалгасан. “Тамирчин хүн хамгийн гол нь биеэ зөв авч явах хэрэгтэй” гэж байнга хэлдэг дээ. Одоо ч тэрийг санаж, цэвэрч байхыг хичээдэг.
Багтаа ямар үүрэгтэй тоглодог вэ?
Аймгийн шигшээ багтаа довтлон тоглогчийн үүрэгтэй. Одоо байгаа Улаанбаатар Амазонс багт хамгаалан тоглогчоор тоглож байгаа.
Өөрийн чинь хувьд дээд лигт тоглож, шинэ баг орчин нөхцөлд орж их зүйл сурч байгаа. Багийнхаа тухай яриач?
Дээд лигт тоглож эхлээд эгч нараасаа маш их зүйлийг сурч байгаа. Ахиад улам их хичээх хэрэгтэйгээ ойлгодог. Дасгалжуулагч тоглолт нь болохгүй тамирчдаа сэлгээ хийгээд тайвшруулчхаад дахин гаргадаг. Бие биенээ нөхөхийг хичээдэг баг. Анх багтаа ороход маш гоё хүлээж авсан. Тэдний дэмжлэг, зөвлөгөө надад асар их урам болдог. Ер нь бол тоглолтын байнга үзэж дэмждэг байсан хүмүүстэйгээ нэг багт ороод бэлтгэл хийх үнэхээр гоё байсан. Маш их зүйл суралцаад явж байгаа.
Чиний хувьд хамгийн дурсамжтай тоглолт чинь ямар тоглолт байсан бэ?
Улсын аварга шалгаруулах тэмцээний хувьд бол аваргын төлөөх тоглолт байсан. Дээд лигийн хувьд 12-р сарын 31-ний тоглолт, тэр тоглолт надад маш том сургамж болсон.
Маш том сургамж болсон гэж хэллээ. Өөртөө сэтгэл дундуур санагдах үе хэр гардаг вэ? Тийм үеийг яаж давж туулдаг вэ?
Ер нь бол дээд лигт орсноороо илүү их хичээх хэрэгтэйг сайн ойлгосон. Өөрийнхөө үүрэг, хийх ёстой зүйлсээ сайн хийж биелүүлэхийг хичээдэг.
Аймгийн шигшээ багийн хувьд сүүлийн жилүүдэд тодорхой дарааллаар чамгүй амжилт үзүүлсэн. Аварга баг болтол амжилт гаргасан шүү дээ. Энэхүү амжилтад багаараа хэр хичээж хүрсэн бэ?
Аймгийн Биеийн тамир спортын газарт Б.Энхманлай багш дасгалжуулагчаар ирээд бид нэг жил улсын тэмцээнд оролцохгүйгээр бэлтгэлээ хийсэн. Дараа жил нь улсын чанартай тэмцээнд оролцож эхэлсэн. Түүний дараагаар улсаас медаль авна, аварга болно гэдэг зорилгын төлөө хичээж бэлтгэлээ хийсэн. Энэ бүх хугацаанд багаараа хичээж, бэлтгэлээ сайн хийдэг байсан гэж боддог. Амжилтгүйгээс амжилттай болох хүртэл багийнхан маань их хичээсэн. Мөн багш ч их хичээсэн дээ. 2022 оны дөрөвдүгээр сард болсон U16 насны улсын аваргаас мултарчихсан. Тэр болгонд алдаанаасаа суралцаад багаараа тэмүүлсэн гэж боддог. Тэгээд л багаараа дараагийн улсын аваргыг хүлээж бэлтгэлээ хийсэн. Түүний үр дүнд өнгөрсөн намар хүссэн медиалаа авж чадсан шүү дээ. Одоо манай багийн хувьд 2024 оны УАШТ-ээр аваргаа хамгаалах нь маш том зорилго болоод байгаа.
УАШТ болох 3х3, 5х5 төрлөөр оролцож, амжилт гаргасан. Мөн амжилтаа ахиулан улсын шигшээд багтаж, Зүүн Азийн наадамд амжилттай оролцсон шүү дээ. Анхны олон улсын чанартай тэмцээн хэр санагдсан бэ?
Сандрал, догдлол өндөр байсан. Өөр орны хүүхдүүдийн эсрэг тоглоно гэхээр нэг л тийм догдлолтой. “Mongolia” гээд бичсэн өмсгөлөө авах мэдрэмж үнэхээр гоё байсан.
ОУ-н тэмцээнд оролцоход өрсөлдөгчөөс ирэх ачаалал, хамгаалалт хэр байсан бэ? Чадварын хувьд ялгаатай санагдсан уу?
Нэлээн хүчтэй өндөр хүүхдүүд байсан. Миний төсөөлөлд бол аймар л хүүхдүүд байдаг байх гэж төсөөлсөн чинь нээх ялгарах зүйл байгаагүй. Өндөр, хүчний хувьд л жоохон ялгаатай байсан юм шиг санагдсан.
Зүүн Азийн наадамд ороход хээрийн бэлтгэлд байсан санагдаж байна. Тэр үед ямар санагдсан бэ?
Тэр үе хамгийн сайхан санагдсан. Зөвхөн бэлтгэлдээ төвлөрсөн. Бас багийнхан болох багшаасаа зөндөө их зүйл сурсан. Бид дандаа гадаа талбайд хувилбар, системийн бэлтгэлээ хийдэг. Учир нь 3х3 гадаа талбайд зохион байгуулагдсан шүү дээ. Тэмцээн бүрт, багийнхаа гишүүд, багш дасгалжуулагч бүрээс маш их зүйл сурдаг.
3х3 болон 5х5 энэ хоёр төрөл юугаараа ялгаатай вэ? үзэгчид бол 3х3 цөөхөн тоглогчтой, тэгээд нэг талдаа болохоор амархан гэж хардаг санагддаг.
3х3 илүү хэцүү байдаг маш хурдан ядралт авдаг. Дор дор нь сэлгээгээ хийгээд бага ядрахгүй бол 5х5 шиг олон минут талбайд байх боломжгүй. Тиймээс богино хугацаанд өөрийгөө дайчлах хэрэгтэй болдог.
Ойрын зорилго чинь юу вэ?
Одоогоор бол хэн ч надад эргэлзэхгүйгээр итгэдэг болтол хичээх хэрэгтэй гэж бодож байгаа. Өөрийгөө улам дайчилж, хичээнэ. Бас төгсөх анги учир их сургуульд амжилттай элсэх. Хичээж байж л зорилгодоо хүрэх учраас наана нь тэгнэ ингэнэ гэж хэлэхээс жаахан айдаг юм.
Ингэхэд ямар мэргэжилтэй болох вэ?
Спортын сэтгэлзүйч болох тухай бодож байгаа. Миний хувьд өөрийнхөө сэтгэлзүйтэй сайн ажиллаж сураагүй. Тийм болохоор ч тэрүү энэ мэргэжил сонирхол татсан. Заримдаа болж чадахгүй бол яах вэ гэдгээс санаа зовж, тийм болно гэж зоригтойгоор хэлж чаддаггүй.
Урлаг, спорт хоёр залуу насных юм шиг санагддаг уу? Чиний хувьд дөнгөж эхэлж байгаа ч гэсэн энэ асуултыг асуумаар санагдлаа. Чиний спортын замнал дуусахад яах талаар боддог уу?
Би байнга боддог. Бэртэл авчихвал яаанаа гээд л... Бэртэл авахгүй ч тоглох үе дуусчихвал юугаа хийнээ гэж боддог шүү дээ. Гэсэн ч сурах ёстой, хичээх ёстой, энэ л үед чадлаараа хичээх болноо.
Хичээлээс бусад цагийг зааланд бэлтгэлдээ зориулдаг байх. Харин хичээл, сагсан бөмбөгөөс бусад цагийг юунд зарцуулдаг вэ? Хобби чинь юу вэ?
Хоббироод хийгээд байдаг зүйл байдаггүй шүү дээ/инээв/. Сагс хичээлээс бусад үед зүгээр утсаа оролдож, гэртээ эмээтэйгээ байж байх нь илүү гоё санагддаг. Бас эгчийнхээ зөвлөснөөр подкаст сонсож байгаа. Номны задлан, тамирчдын түүхийн тухай.
Сагсаар хичээллэж эхлэхэд, ийш тийш тэмцээнд явахад гэр бүл нь хэр дэмждэг вэ?
Би малчин айлын охин. Сүүлд Зүүн Азийн наадамд ороход аав минь дэмждэг болсон. Айлын хоньтой хонио нийлүүлэн байж миний тоглолтыг үзсэн гэсэн. Анх аав ээж, эмээ “охин хүүхэд спортоор яваад яах вэ? бөөр сав чинь өвдөнө” гэдэг байлаа. Одоо бол сайн дэмждэг. Магадгүй надад илүү итгэдэг болсон байх. Эмээ минь тэмцээнд явуулах дургүй байдаг ч “хоолоо сайн идээрэй, бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж захидаг. Тоглолт болгоны дараа “эмээ нь тоглолтыг нь үзсэн шүү” гээд залгадаг. Хоёр эмээ, ах эгч нар минь намайг хамгийн их дэмжиж, урам хайрладаг даа.
Монгол тамирчидаас хэнийг дэмждэг вэ?
IHC apes багийн Т.Мэндбаяр гэдэг ах шиг хамгаалдаг болчих юмсан л гэж боддог доо.
Сагсан бөмбөг бол багийн спорт шүү дээ. Хэцүү тал нь юу вэ?
Хэцүү тал гэж байдаггүй шиг санагдсан. Мэдээж нэг баг болох, биенийхээ алдааг хэлэх, уучлах, урам өгөх гээд зөндөө зүйлс бий. Тэр болгон бол байх л ёстой зүйл байх. Харин ганцаараа биш олуулаа нэг зорилготой талбайд гардаг болохоор хэцүү зүйл гэж байдаггүй юм шиг л санагддаг.
Спорт чамайг яаж өөрчилсөн бол? Магадгүй спортоор хичээллэж эхлэх Уртнасан яаж өөрчлөгдсөн бол?
Спортоор хичээллээд илүү нээлттэй болсон гэж боддог. Өмнө нь дотогшоо, ичимхий байсан намайг арай илүү бусадтай нээлттэй харьцдаг болгосон.
Өөртөө ижил сонирхолтой, энэ спортод дуртай үе тэнгийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
Хичээх л юм бол боломжгүй зүйл гэж байдаггүй юм билээ шүү. Өөртөө зорилго тавиад үргэлж хичээгээрэй.
Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Спортын амжилт хүсье.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Урлаг Спорт2024-01-12 | 17:21:00