Архангай| АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИТХ-ЫН ДАРГА БОЛОН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 16-р хуралдаан 4-р сарын 15-ны 14:00 цагт товлогдсон. Тухайн хурал ардчилсан намын бүлгийг хүлээж, 15 цаг 20 минутаас эхэлсэн. Хурал эхлэхэд өмнөх хуралдааныг хаагаагүй гэдэг асуудал яригдан зөрчилдөж, АН-ын бүлэг завсарлага авсан. Үндсэндээ тэр өдөр хурал үргэлжлээгүй. Тэгвэл хурлын маргааш буюу 4-р сарын 16-нд аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Б.Цэрэннадмид ИТХ-ын дарга болон ажлын албанд шаардлага хүргэхээ мэдэгдсэн юм.
Засаг даргын зүгээр ИТХ-ын дарга Б.Батжаргалтай уулзах гэсэн боловч, хурлын дарга байсангүй. Харин ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг байснаар түүнтэй уулзсан юм.
Б.Цэрэннадмид: Хурал хуралдахгүй байгаагаас болж, иргэдийн ажил амьдралтай холбоотой хэд хэдэн ажил гацаж байна
Аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Б.Цэрэннадмид: Аймгийн иргэдийн хурлын 16-р хуралдаан зарлагдаад хуралдах байсан боловч Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн гарын үсэг зурсан цааснаас болж хуралдсангүй. Хурлын даргатай уулзах гэсэн боловч байсангүй. Тийм учраас хурлын дарга болон ажлын албад өгөх шаардлагаа танд хэлье гэж бодож байна. Хурал хуралдахгүй байгаагаас болж, иргэдийн ажил амьдралтай холбоотой хэд хэдэн орон нутгийн ажил гацаж байна. Тухайлбал энэ хуралдаанаар төсвийн зохицуулалт, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой малын сэг зэмийг устгах ажил, гахайн мялзан өвчин гарснаас үүдэн хохирсон иргэдэд нөхөр олговор олгох зэрэг хэд хэдэн асуудал байна. Ингээд оруулахаар ардчилсан намын төлөөлөгчид нь төсвийн асуудал оруулж байгаа нь хууль бус гэдэг хариулт өгдөг. Мөн Хангай сумын сургуулийн барилга нурах гэж байна. Хайрхан суманд гүүр нь эвдэрчихсэн иргэд нь зорчих боломжгүй болчихсон. Ийм олон ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна. Бүх сумдад хурал зарлачихсан. Гэтэл аймгийн ИТХ хуралдаагүйгээс болж 19 сумын хурал зогсчихсон байна. Үүнийг хурлын дарга болоод ажлын алба зохион байгуулж чадахгүй байгаа учраас аймаг орон нутгийн иргэдийг хохироож байна. Хурлаа хууль ёсны дагуу хуралдаж, аймгийн Засаг даргын зүгээс өргөн барьсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэх шаардлагыг тавьж байгаа юм.
Бид маш олон удаа ардчилсан намын төлөөлөгчдийг хүлээсэн. Бүтэн дөрвөн жилийн 10 хэдэн хуралдаанд өдөр болгон хүлээж, дандаа шөнө хуралдаж маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Одоо хурлын төлөөлөгчдийг хүн гэж үзэхээ байлаа. Өчигдрийн тухайд шөнийн 12 цаг хүртэл хүлээгээд хурлын дарга болон Б.Батцэцэг дарга тантай уулзаад тарсан. Хэн нь ажил хийгээд хэн нь гацаагаад байгаа юм бэ гэдгийг ард иргэддээ мэдэгдье. Хууль хяналтын байгууллагад хандъя гэж бодож байна. Аймгийг засаглалын хямралд оруулж байгаа нь та бүхэн шүү. Бид өнөөдрийг хүртэл маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдрөөс эхлээд бид тэмцлийн хурц хэлбэрт орно. Та бүхний гарын үсэг зурсан бичигт Засаг дарга хууль бус зүйл өргөн мэдүүлсэн гэх бичиг өгсөн байсан. Бүх хэлэлцэж байгаа асуудлыг хурлын хороогоор оруулаад хэлэлцэж, баталдаг байх. Гэтэл нөгөө талаар Засаг дарга хууль бус юм өргөн барилаа гээд ард түмнийхээ эрх ашгийг хаагаад байдаг. Та үүнд тайлбар өгнө үү?
Б.Батцэцэг: Хуралдааны явц, нөхцөл байдал хурлын ажлын албанаас болоод зогсоод байгаа зүйл огтхон ч байхгүй
ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг: Хурлыг хуралдуулах, хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хурлын төлөөлөгчдөд зар хүргэх хороодыг хэлэлцүүлж материалыг бэлдэж өгөх нь хурлын ажлын албаны үүрэг. Аймгийн ИТХ 39 төлөөлөгчтэй. Нэг төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан. 38 төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Төлөөлөгчид 6 хороонд хуваагдаад хурлын хороогоороо хэлэлцүүлэх асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцээд хуралдааны бэлтгэл ажлыг хангадаг. Ингэснээр хуралдахад бэлэн болсон байдаг. Хуралдааны явц, нөхцөл байдал хурлын ажлын албанаас болоод зогсоод байгаа зүйл огтхон ч байхгүй. Улс төрийн нөхцөл байдал, бүлгүүдийн үйл ажиллагаанаас болж байгаа гэж ойлгож байгаа. Ардчилсан намын бүлэг ардын намын бүлэгт энэ бичгийг өг гэж өгсөн. Тэрийг танд уламжилж өгсөн. Дараагийн хурлыг хуралдуулах нь ИТХ-ын даргын бүрэн эрх байгаа. Ажлын албаны хувьд өглөө 9 цагт хурал хийсэн. Таны шаардлагыг ИТХ-ын даргад уламжилъя.
Ингэж Засаг дарга болон ИТХ-ын нарийн бичгийн даргын яриа өндөрлөсөн. Үргэлжлүүлэн бид ардчилсан намын бүлэг болон ИТХ-ын даргын байр суурийг мэдээлэх болно.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Улс төр2024-04-17 | 17:39:00